Search

“Монголд хийж буй томуугийн вакцинд тиомерсал агуулагдаж байна” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1679

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол Улсад ашиглагдаж буй томуугийн вакцинд аутизм, мартах эмгэг үүсгэдэг тиомерсал бодис агуулагдаж байна гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсад 2025 оны томуугийн улиралд ашиглаж буй БНСУ-ын 4 цэнт вакцинуудад тиомерсал бодис агуулагдаагүй. Мөн олон улсын эрүүл мэндийн байгууллагууд тиомерсал агуулсан вакцин аутизмтай холбоогүй тухай мэдээлсэн. Шалгасан мэдээлэлд 15 жилийн өмнөх вакцины мэдээллийг оруулж, мөн вакцинд ашиглагддаггүй бодисын тайлбар зургийг нийтэлж төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 24-нд Odonchimeg Galsandorj (архивласан хувилбар) нэртэй хаягаас “АНУ тиомерсал хэрэглэхийг бүрэн хориглосон. Америкт 2001 оноос тиомерсал агуулсан вакциныг аутизм үүсгэх эрсдэлтэй гэж хүүхдэд хэрэглэхийг хорьсон бөгөөд 2025 оны 7 сараас хүүхэд, насанд хүрэгчид бүгдэд тиомерсал агуулсан вакцин хэрэглэхийг хоригложээ. Учир нь тиомерсал дах мөнгөн ус нь хүүхдэд аутизм, насанд хүрэгчдэд мартах өвчин dementia г үүсгэж байна гэжээ. Сахуу, татран, менингит, гепатит B н вакцинууд тиомерсал агуулдаг бөгөөд АНУ бүрэн хоригложээ. Манай Монголд таригдаж байгаа хүүхдийн томуугийн вакцинд 5 mkg тиомерсал (thimerosal) агуулагдаж байгаа юм байна (Тиомерсалыг хэрэглэж байгаа бусад улсын стандартад тиомерсал нь 3 mkg с хэтрэх ёсгүй аж)… Аутизмыг үүсгэгч гол хүчин зүйл нь агаарын бохирдол, мөнгөн ус (томуугийн вакцинд агуулагдаж байгаа тиомерсал), pesticide (ургамлын хортон шавж устгадаг бүтээгдэхүүн), хуванцар бүтээгдэхүүнүүд… гэх мэдээллийг 2010 оны Эрүүл мэндийн сайдын тушаалын зураг болон тиомерсал бодисын тухай тайлбар бүхий хэд хэдэн зураг хавсаргажээ.

Монгол Улсад хэрэглэж буй томуугийн вакцинд тиомерсал агуулагдаагүй

Шалгасан мэдээлэлд “Монголд ашиглаж буй томуугийн вакцинд тиомерсал агуулагдаж байна” гэх агуулгыг дурдсан. Гэвч хавсаргасан зурагт  Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 26-ны тушаалыг оруулжээ.  2010 онд А хүрээний томуугийн эсрэг Пандемрикс (Pandemrix) вакцин хийж байсан ба тухайн үед Пандемрикс вакцинд 5 микрограмм тиомерсал агуулагдаж байжээ. АНУ-ын Өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс вакцинд агуулагдах тиомерсал нь бага тунтай учир хор нөлөө үүсгэхгүй ч тариа хийсэн хэсэгт улайх, хавдах зэрэг жижиг хариу урвал үүсгэдэг гэж мэдээлсэн байна. 

Томуугийн вирус маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг тул  вакцины найрлага жил бүр шинэчлэгддэг. 2025 оны 10 дугаар сарын 02-нд Эрүүл мэндийн яам Facebook хуудастаа  (архивласан хувилбар) 2025-2026 онд томуугийн улиралд ДЭМБ-аас зөвлөсөн томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинийг агуулсан БНСУ-ын GC biopharma, SK Bioscience компанийн 4 цэнт вакциныг дархлаажуулалтад ашиглаж буй тухай мэдээлэл нийтэлсэн.

Монголд вакцинжуулалтад хэрэглэж байгаа БНСУ-ын

  • GC biopharma,
  • SK Bioscience

компанийн вакцинд тиомерсал ороогүй.

CG Flu 4 цэнт вакцины орц найрлагын мэдээлэл

  • Мөн SK Bioscience SKY CellfFlu 4 цэнт вакцины мэдээллийг 17 оронд үйл ажиллагаа явуулдаг Малайзын эмийн мэдээллийн нээлттэй эх сурвалж MIMS сайтаас харахад орц найрлагад тиомерсал бодис ороогүй байна.
SKY CellfFlu 4 цэнт вакцины мэдээлэл

АНУ 2001 оноос хүүхдийн вакцинд тиомерсал ашиглахаа больсон

Тиомерсал нь мөнгөн ус агуулсан органик нэгдэл (органик мөнгөн ус) юм. Мөнгөн ус нь байгалийн элемент бөгөөд газрын царцдас, агаар, хөрс, усанд агуулагддаг. Органик мөнгөн усны нэгдэл нь метилмеркури ба этилмеркури гэсэн хоёр төрөлтэй байдаг.

  • Метилмеркури нь тодорхой төрлийн загас, далайн хүнсэнд агуулагддаг бөгөөд мэдрэлийн системд нөлөөлж, хор нөлөө үзүүлэх магадлалтай
  • Этилмеркури нь тиомерсалд агуулагддаг, хүний биед хурдан задарч гадагшилдаг тул хортой нөлөө үзүүлэх нь бага.

Шалгасан мэдээлэлд хүний биед хор нөлөө үзүүлэх магадлалтай метилмеркурийн тайлбар бүхий зураг оруулжээ. Гэвч уг бодисыг вакцинд огт ашигладаггүй юм. Харин зарим вакцинд ашиглагддаг этилмеркури тиомерсал нь нян (бактери, мөөгөнцөр гэх мэт) ургахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмдэг вакцины нэмэлт бодис юм.

АНУ-д 1999 оноос хойш вакцин боловсруулалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргэлзээг бууруулах зорилготойгоор хүүхдийн вакцинд агуулагдах тиомерсалыг багасгах, хасах тухай хэлэлцэж эхэлсэн. 2001 оноос хүүхдийн вакцинуудын ихэнхээс тиомерсалыг хасаж, нэг тун бүхий савлагааг ашиглаж эхэлжээ. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакцин, салхин цэцгийн вакцинд тиомерсал огт агуулагдаж байгаагүй, томуугийн вакцин одоогоор тиомерсал агуулсан болон агуулаагүй хувилбараар авах боломжтой тухай Өвчин хяналт урьдчилан сэргийлэх төвийн сайтад мэдээлсэн байна.

2025 оны 07 дугаар сарын 23-нд АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди АНУ-д тарааж буй бүх томуугийн вакцинаас манган ус дээр суурилсан тиомерсал бодисыг хасах тухай Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Дархлаажуулалтын практикийн зөвлөх хорооны (ACIP) зөвлөмжид гарын үсэг зурж, арга хэмжээ авсан.

Тиомерсал аутизм, мартах өвчин үүсгэдэг” гэдгийг судалгаагаар батлаагүй

2025 онд нийтлэгдсэн “Вакцинжуулалт болон зөнөгрөл үүсэх эрсдэлийн хоорондын холбоо: системчилсэн тойм ба мета-анализ” судалгаанд нийт 104 гаруй сая оролцогч хамруулсан 21 судалгаанд мета анализ хийжээ.  Тус судалгаагаар  насанд хүрэгчдийн томуу, герпес зостер, пневмококк, Tdap(татран, сахуу, хөхүүл ханиад)-ийн эсрэг вакцинжуулалт, дементиа өвчний эрсдэлийг бууруулдаг хэмээн дүгнэжээ.

АНУ-ын Өвчин хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс тиомерсал болон аутизмын хооронд ямар ч холбоо хамаарал байхгүй тухай мэдээлсэн. Тодруулбал, 2010 онд тус төвөөс хийсэн “Жирэмсний өмнөх болон нярайд вакцин болон иммуноглобулины тиомерсалд өртөх, аутизмын эрсдэл” судалгаагаар тиомерсал агуулсан вакцин аутизмтай холбоогүй гэх дүгнэлт гаргасан.

Мөн АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас гаргасан тиомерсалын тухай мэдээлэлд “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цуглуулсан шинжлэх ухааны нотолгоонд тиомерсал агуулсан вакцин хэрэглэснээс үүдэлтэй ноцтой мэдрэлийн хөгжлийн эмгэг үүсгэсэн хор хөнөөлийн нотолгоо байхгүй байна. Тодруулбал, Үндэсний анагаах ухааны акдеми болон бусад байгууллага тиомерсал болон аутизмын хооронд холбоо хамааралгүй гэж дүгнэсэн” хэмээн тусгажээ.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аутизмын талаарх мэдлэг олгох, ашгийн бус, хамгийн том судалгааны байгууллага болох Autism Speaks-ийн сайтад тиомерсал болон аутизмын хооронд холбоо хамаарал байхгүйг харуулсан хэд хэдэн судалгааг онцолсон байна.  

Агаарын бохирдол, мөнгөн ус, pesticide (шавж хор), хуванцар бүтээгдэхүүн зэрэг нь аутизмын спектрийн эмгэг (ASD)-ийн хүрээлэн буй орчны эрсдэлт хүчин зүйл гэж тооцогддог боловч аутизмын цорын ганц эсвэл гол шалтгаан биш юм. Харин шалгасан мэдээлэлд эдгээр хүчин зүйлүүд гол шалтгаан мэт ойлголт өгч, төөрөгдүүлжээ. Судлаачид аутизм үүсгэгчийг бүрэн тодорхойлоогүй ба ген, орчны нөхцөл байдал холбоотой гэж үзэж байгаа юм.

Дүгнэлт

Монгол Улсад 2025 оны томуугийн улиралд ашиглаж буй БНСУ-ын 4 цэнт вакцинуудад тиомерсал бодис агуулагдаагүй. Мөн олон улсын эрүүл мэндийн байгууллагууд тиомерсал агуулсан вакцин аутизмтай холбоогүй тухай мэдээлсэн. Шалгасан мэдээлэлд 15 жилийн өмнөх вакцины мэдээллийг оруулж, мөн вакцинд ашиглагддаггүй бодисын тайлбар зургийг нийтэлж төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл  (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Тиомерсал бодис болон вакцины тухай мэдээлэл

АНУ-ын Эрүүл мэнд,хүний үйлчилгээний газрын вэбсайт

Вакцинжуулалт болон зөнөгрөл үүсэх эрсдэлийн хоорондын холбоо: системчилсэн тойм ба мета-анализ” судалгаа

Autism Speaks байгууллагын вэбсайт

Жирэмсний өмнөх болон нярайд вакцин болон иммуноглобулины тиомерсалд өртөх, аутизмын эрсдэл” судалгаа 

2010 оны Пандемрикс вакцины тухай мэдээлэл- Европын Эмийн Агентлаг

Эрүүл мэндийн яамны албан ёсны Facebook хуудас дахь томуугийн вакцины тухай мэдээлэл  (архивласан хувилбар)

Томуугийн Үндэсний төв- ДЭМБ-аас зөвлөсөн томуугийн вакцин дахь вирусиын омгийн мэдээлэл 

GC biopharma  компанийн албан ёсны сайт

Малайзын эмийн мэдээллийн нээлттэй эх сурвалж MIMS 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Монгол Улсад ашиглагдаж буй томуугийн вакцинд аутизм, мартах эмгэг үүсгэдэг тиомерсал бодис агуулагдаж байна гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document