Search

Онлайнаар хуурамч бүтээгдэхүүн авч залилуулахаас сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1678

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Alpha Cleanse байгалийн гаралтай ургамлын хандтай капсул нь элэгний үйл ажиллагааг сэргээж, хорт бодисыг гадагшлуулж, ердөө 7 хоногт мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас админ удирддаг хуудсаар дамжуулан баталгаагүй бүтээгдэхүүн борлуулахыг оролдож байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны арван нэгдүгээр сарын 7-нд Alpha Mongolia 2 – Ходоод, Элэг, Цэвэрлэгээ  нэртэй  хуудаснаас “AlphaCleanse байгалийн гаралтай ургамлын хандтай капсул нь элэгний үйл ажиллагааг сэргээж, хорт бодисыг гадагшлуулж, ердөө 7 хоногт мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 389 реакц, 186 сэтгэгдэл авч, 435 удаа цааш түгээгджээ. 

Энэхүү мэдээллийг шалгахын тулд түгээж буй хуудасны мэдээллийг нягтлав.

Тус хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад 2025 оны зургаадугаар сард нээгдсэн, 249 дагагчтай, Вьетнам улсаас удирддаг байна. Мөн тухайн хуудасны нэрийг гурван удаа сольсон нь харагдаж байна.

Цаашлаад тухайн хуудаснаас түгээсэн мэдээллийг шинжилсэн. Эл хуудас нь хаяг байршил, холбогдох дугаар гэх мэт нэмэлт мэдээлэлгүй пост нийтэлдэг. Зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандахыг уриалдаг. Түгээж буй мэдээлэлдээ богино хугацаанд шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай үе хэллэг ашигладаг байна. Эдгээр нь цахим залилангийн үед анзаарагддаг шинж чанар юм.

Үүнээс гадна, тухайн бичлэгт ашигласан дүрсийг гэрэл сүүдрийн зөрүү, зургийн чанар, хэв маяг зэрэг олон үзүүлэлтийн шалган дүгнэлт гаргадаг Hive Moderation хэрэглүүрээр шалгалаа.

Шалгалтын үр дүнд, хиймэл оюунаар бүтээгдсэн байх магадлал 99%-тай илэрсэн. Энэ нь тухайн бичлэгт ашигласан дүрс бодит бус гэдгийг илтгэж байна.

Ийм төрлийн зураг, бичлэгийг цахим залилагчид хэрэглэгчдийг төөрөгдүүлж, итгүүлэх үүднээс хийсвэрээр бүтээж, түгээх нь бий. Тиймээс хиймэл оюунд суурилсан дүрс бичлэгийг таньдаг байх нь чухал юм.

Түүнчлэн Alpha Cleanse бүтээгдэхүүний үр нөлөө, аюулгүй байдал нь клиник судалгаагаар бүрэн батлагдаагүй байна. Учир нь тус бүтээгдэхүүний гол орц болох силимарин цэцгийг (Milkthistle) элэгний эмчилгээнд ашиглах талаар судалсан клиник туршилтуудын үр дүн харилцан адилгүй байсаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа юм. Тодруулбал, зарим судалгаагаар тус цэцэг элэгний эрүүл мэндэд нөлөөгүй, өвчнийг анагаах арга биш гэдгийг туршилтаар харуулсан. Жишээ нь, “Архаг гепатит C халдвартай өвчтөнд силимарин цэцгийн үзүүлэх нөлөө” судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 154 хүнийг оролцуулж, 24 долоо хоногийн турш 420-700 мг силимарин цэцгийн ханд хэрэглүүлсэн байна. Уг туршилтын төгсгөлд силимарин ханд нэмэлтээр хэрэглэх нь өвчний шинж тэмдгийг онцгой бууруулаагүй тул үр дүнгүй гэж дүгнэжээ. 

Харин шалгасан мэдээлэлд буй “7 хоногт мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ, элэгний үйл ажиллагааг сэргээнэ” гэсэн агуулга нь дээрх судалгааны үр дүнтэй зөрчилдөж буй юм. Үүнээс олон нийтийн анхаарлыг татаж, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулахын тулд хэт дөвийлгөсөн мэдээлэл түгээх үзэгдэл байдгийг харж болно. Иймд богино хугацааны үр дүн амласан, баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахаас болгоомжлоорой.

Нэмж дурдахад, элэг нь бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг байна. Хэрэв зайлшгүй шалтгаанаар хэрэглэх шаардлагатай бол янз бүрийн орц найрлагатай детокс бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авч, мэргэжлийн хүний зааврын дагуу тохирох эм, бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй.

Дүгнээд үзвэл, гаднын улсаас админ удирддаг хуудсаар дамжуулан баталгаагүй бүтээгдэхүүн борлуулахыг оролдож байна. Иймд хэрэглэгч та онлайн худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүн, түүнийг сурталчилж буй хуудасны найдвартай нягталж хэвших нь чухал юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Alpha Cleanse байгалийн гаралтай ургамлын хандтай капсул нь элэгний үйл ажиллагааг сэргээж, хорт бодисыг гадагшлуулж, ердөө 7 хоногт мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ” гэсэн мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document