2025 оны зургадугаар сарын 11-нд Хүчит Ганбилэг (архивласан хувилбар) гэх хаягаас “Улаанбадрахад 81 мянган тонн уран авахын тулд 9-12 тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж 3-5 жил урвал явуулна. Газрын гүнд химийн хүнд элементүүд давхар урвалд орж цацрагаас гадна хими, биологи, бактерлоогийн хөнөөл явагдана” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 137 реакц, 22 сэтгэгдэл авч, 200 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Нийт 65,650 тонн ураны нөөц бүртгүүлсэн гэж Бадрах Энержи ХХК-ийн вэбсайтад мэдээлжээ
Тухайлбал, 2011 онд Дорноговь аймгийн Дулаан-Уул ордын 6,260 тонн, 2016 онд тус ордын 4,750 тонн ураны нөөцийг бүртгүүлжээ. Харин 2013 онд Зөөвч-Овоо ордын 54,640 тонн ураны нөөц бүртгүүлсэн байна.
ГДУО аргаар олборлолт явуулахад газрын гүн рүү хүчил шууд шахдаггүй, харин дунджаар 0.4 хувь, дээд тал нь 2 хувийн концентрацтай хүчилжүүлсэн уусмалыг устай элсэн давхарга руу шахдаг
Монголд уран олборлолт явуулах гэж буй газар доор уусган олборлох (ГДУО) технологид ашиглах хүхрийн хүчлийн хэмжээг шууд нарийн тооцоолох боломжгүй. Тодруулбал, өдөрт зарцуулах хүхрийн хүчлийн хэмжээ нь олборлож байгаа талбайн хэмжээ болон хүдрийн биетийн шинж чанараас хамаардаг бөгөөд зарцуулах хэмжээ гэхээс илүүтэй ураныг шингэн төлөвт оруулахад ямар концентрацитай шингэн бэлтгэх шаардлагатайг эхлээд тогтоодог гэж Дэлхийн цөмийн холбооны вэбсайтад мэдээлсэн байна.
Тэгвэл Монгол Улсад уран олборлогч Бадрах Энержи ХХК-ийн вэбсайтад “ГДУО арга нь гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад 2%-ийн концентрацтай хүхрийн хүчил нэмж, хүчилжүүлсэн усны хатуулгийг (pH) 1.5 болгодог” гэсэн байна.
Бид үүнийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайханаас тодруулахад, Ураны хүдрийг хүхрийн хүчлээр уусгахад хамгийн тохиромжтой нөхцөл нь pH =1.5-2 байдаг. Ураны хүдрийн биет агуулсан элсэрхэг уст үеийн орчин саармаг (pH =7-8) байх тул түүнийг хүчиллэгжүүлж рН=1.5-2 болгоно гэсэн үг юм. Олон улсын туршлагаар ураныг газар доор уусган олборлоход 2 хүртэл хувийн концентрацтай (2%) хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашигладаг” гэсэн юм.
Түүнчлэн “Олборлолт жигдрээд явж байхад нэг литр уусгагч шингэнд 99% нь ус, 1% хүхрийн хүчил байдаг” гэж “Бадрах Энержи” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас бидэнд мэдээлж байсан.
Мөн “Уусгагч шингэн дэх хүчил чулуулагтай харилцан үйлчлэлд орж, эрдэс бодисыг уусгаж шингэн төлөвт оруулна. Ингэхэд хүчил өөрөө задралд орж, харин үлдэгдэл хүчил нь сульфат хэлбэрийн материал (жишээлбэл, гипс) болж хувирдаг. Хүчиллэг орчныг рН нэгжээр хэмжихэд уусгагч шингэн дэх хүчлийн 99 хувь нь богино хугацаанд задарч устдаг болох нь тогтоогдсон. Үлдсэн 1 хувь бүрэн устахад 50 хүртэлх жил шаардагдана. Олборлолт явуулах устай элсэн давхаргын ус нь чанараасаа шалтгаалан ямар ч хэрэглээнд тохиромжгүй бөгөөд ISR буюу ГДУО аргаар олборлолт явуулах явцад болон дараа нь чанар нь өөрчлөгдөхгүй. Манай орд байрлах хэсгийн ус нь үйлдвэрлэлийн зэрэгт ангилагдсан байдаг” гэж бидэнд мэдээлсэн юм.
Газар дор уусган олборлолт нь битүү цикл орчинд явагддаг бөгөөд хөрсний гүнд өрөмдсөн цооногоор хүхрийн хүчилтэй уусмалыг шахаж, ураныг уусган авдаг
Дээр дурдсанчлан ГДУО арга нь хүхрийн хүчлийг шууд газар руу шахдаггүй бөгөөд гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, хоёр хувийн концентрацтай хүхрийн хүчлийг нэмж, хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ ураныг өөртөө уусгаад, соруулах цооногт хүрч, газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг технологи юм.

Эх сурвалж: Дэлхий цөмийн холбооны World Nuclear News мэдээллийн сайт
Газар дор уусган олборлолт нь битүү цикл орчинд явагддаг бөгөөд хөрсний гүнд өрөмдсөн цооногоор хүхрийн хүчилтэй уусмалыг шахаж, ураныг уусган авдаг. Үүний дараа үлдсэн хүхрийн хүчлийг саармагжуулах арга хэмжээ авч, гүний усанд тогтмол хяналт тавьснаар олборлолтын явц, аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.
Мөн хүхрийн хүчил органик бус бодис тул бактери, вирус, бичил биетийг өсгөх орчин болдоггүй.
Хөрөнгө оруулалтын гэрээнд аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах талаар тусгасан байна
Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг С.А.С хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний аюултай хог хаягдлын менежментэд “Төсөл хэрэгжүүлэгч компани нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгуулах зорилгоор холбогдох үйлдвэрлэлийн салбарт тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд шилжүүлэн өгч болно. Монгол Улсад тухайн аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй этгээд байхгүй тохиолдолд аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг Уурхайн талбайд хэрэгжүүлнэ” гэж заажээ.
Энэ талаар “Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс “ISR олборлолтын нөлөөллийг хязгаарлах мөн нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийх нь компанийн хүлээх үүрэг амлалтад багтдаг. Усны чанарын хяналт нь манай үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд 2021- 2022 онд явуулсан үйлдвэрлэлийн туршилтаар дээрх таамаглалаа баталгаажуулсан” тухайгаа бидэнд мөн мэдээлсэн юм.
Дүгнэхэд, Газар дор уусган олборлолт нь газрын гүний усанд шууд хүчлийг уусгадаггүй, харин дунджаар 0.4–2%-ийн концентрацтай хүхрийн хүчилтэй уусмалыг устай элсэн давхарга руу шахаж ураныг уусган авдаг. Энэ үйл явц битүү цикл орчинд явагддаг бөгөөд олборлолтын дараа үлдсэн хүхрийн хүчлийг саармагжуулах арга хэмжээ авч, гүний усны чанарт тогтмол хяналт тавьснаар аюулгүй ажиллагааг хангах боломжтой. Мөн хүхрийн хүчил нь органик бус бодис тул бактери, вирус болон бичил биетийн өсөлтөд тохиромжтой орчин болдоггүй.







