Facebook платформд “Ногоон бэлэг” гэх нэртэй хаягуудаас (энэ, энэ, энэ) “Юнителийн үнэгүй дата өгнө, чатаар холбогдоорой” гэх агуулгатай постууд (энд, энд, энд) түгээжээ.
FACTCHECK:
Хаягийг шалгая
“Ногоон бэлэг” нэртэй пэйжийг шалгахад, үүссэн огноо нь саяхан буюу 2025 оны 11 дүгээр сарын 21, танилцуулга (intro) хэсэг нь хоосон, цөөн дагагчтай зэргээс хуурамч хаяг гэдэг нь нотлогдож байна.

Агуулгыг шалгая
Шалгасан постод заасны дагуу чатаар холбогдоход утасны дугаараа өгөхийн зэрэгцээ утсанд ирэх баталгаажуулах кодоо явуулахыг шаардлаа. Ийнхүү таны баталгаажуулах код бусдын гарт орсноор интернэт банк, сошиал болон имэйл хаяг тань эрсдэлд орох аюултай. Албан байгууллага танаас хэзээ ч нууц үг, баталгаажуулах код утсаар болон чатаар асуудаггүй гэдгийг санаарай.
Иймд мессежээр ирэх баталгаажуулах кодыг хэнд ч бүү өгөөрэй.

Залилангийн түгээмэл шинж тэмдэг нь цэг таслалгүй, үг үсгийн болон өгүүлбэр зүйн алдаатай бичих явдал байдаг.
Дүгнэвэл, үүсээд удаагүй, цөөн дагагчтай пэйжээс баталгаажуулах код авах зорилготойгоор Юнител ХХК-ийн нэрийг барьж, үнэгүй дата өгнө хэмээн иргэдийг хуурч, залилж байна. Иймээс баталгаатай эх сурвалжийг хэрхэн таних аргыг эндээс үзээрэй.




