Search

Blue Mon группийн нэрийг барьсан, “үүргэвч хямд зарна” гэх залиланд өртөхөөс сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1672

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Судалгаа бөглөөд North Face брэндийн үүргэвч 7,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Судалгаа бөглөөд олонд танигдсан брэндийн бүтээгдэхүүн маш хямд үнээр авах боломжтой гэх мэдээлэл нь олон улсанд түгээмэл ашигладаг хувийн мэдээлэл  авах зорилготой цахим залилангийн арга юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 25-нд Оюунцэцэг Батбаяр (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас ажлаас халагдсан түүхээ хуваалцаж, BlueMon группийн сайтаас 7,000 төгрөгөөр North Face брэндийн цүнх худалдаж авах боломжтой гэх агуулга бүхий пост нийтэлжээ.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 22-нд Blue Mon групп албан ёсны Facebook хуудастаа “судалгаа бөглөөд North Face брэндийн үүргэвч 7,000 төгрөгөөр авах боломжтой” гэх мэдээлэл нь хувийн мэдээлэл, санхүүгийн мэдээлэл хууль бусаар авах зорилготой луйврын шинжтэй, худал зар болох тухай мэдэгдэл гаргасан.

Сүүлийн үед сошиал медиад хямд үнэтэй барааны зураг, бичлэг ашиглаж, цахим залилан үйлдэх, цаашлаад хувийн мэдээлэл авах үзэгдэл нэмэгдсэн. Уг баримт шалгалтаар цахим залилангийн шинж тэмдгийг  таних, шалгах анхан шатны баримт шалгах аргыг хүргэж байна.

Хамгийн түрүүнд мэдээлэл түгээсэн хаягийг шалгах

Оюунцэцэг Батбаяр хуудасны ил тод байдлын зураг

Оюунцэцэг Батбаяр нэртэй хуудас нь харахад хувь хэрэглэгчийн хаяг мэт харагдах боловч хаяг руу орж харахад Page  буюу Facebook хуудас гэсэн тэмдэглэгээ харагдаж байна. Аливаа пэйжийн ерөнхий мэдээлэл болон админы байршлыг хуудасны ил тод байдлын хэсгээс Page Transparency харах боломжтой. Оюунцэцэг Батбаяр гэх хуудас нь 2025 оны 11 дүгээр сарын 25нд нээгдсэн шинэхэн хуудас байна. Нээсэн даруйдаа хэд хэдэн зураг оруулж, дараа нь шалгасан мэдээллийг нийтэлжээ. Энэ нь хувийн хаяг мэт сэтгэгдэл төрүүлж, хэрэглэгчдийг итгэхэд нөлөө үзүүлэх юм.

Тус хуудасны нүүр зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбарыг 2025 оны 07 дугаар сарын 02-нд @dinara_tabynbayeva гэх Instagram  хэрэглэгч нийтэлжээ.

Үүнээс харвал шинэхэн нээсэн пэйжид өөр хүний зураг ашиглаж, залилангийн пост түгээж байна.

Агуулга нягтлах

Хаягийн ерөнхий мэдээллийг шалгасны дараа түгээсэн постын агуулгыг нягтлаарай. Шалгасан мэдээлэлд үг үсэг найруулгын алдаа их байна. Тодруулбал, “бидэнд xэзээ ч яpиулaхыг хopиглoдoг бaйсaн”, “Эний yчиp нь”, “Линкийг кoммeнтoд хaяж бaйнa”, “pюкзaкийг шyyд илгээгээд”  гэх зэрэг алдаа ажиглагдаж байна. Эдгээр үг хэллэг нь гадаад хэлнээс орчуулгын программ ашиглаж шууд орчуулсан мэт ойлгомжгүй, найруулгын алдаатай байгаа юм.

Мөн постын сэтгэгдэл хэсгийг сайтар ажиглавал гадаад хаягаас монгол хэлээр сэтгэгдэл бичсэн байна. Энэ нь гадаадаас удирдлагатай пэйжээс залилан үйлдэж буй этгээдүүд хүч нэмж, жинхэнэ мэт харагдуулахын тулд монгол хэлээр сэтгэгдэл бичиж оруулж буй юм.

Мэдээлэлд хавсаргасан хуурамч линкийг таних арга

Аливаа линк рүү дарж орохоос өмнө тухайн линкийг баруунаас зүүн тийш уншиж нягтлаарай. Шалгасан мэдээллийн сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкийг харвал BlueMon группийн лого, нэртэй вэбсайтын линк харагдаж байна. Залилагчид ихэвчлэн олонд танигдсан брэндийн лого, нэрийг ашиглаж хуурамч сайт үүсгэдэг. Үүнийг шалгахын тулд баруунаас зүүн тийш унших хэрэгтэй. Доорх зургийг харвал линкний төгсгөл хэсэгт blue mon.mn гэж оруулсан боловч сайтын домэйн нь offer-survey.com байна.

Bluemon группийн албан ёсны вэбсайт нь www.bluemon.mn юм.

Зургаар хайх

Мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens, Yandex, Microsoft Bing зэрэг хэрэглүүрээр зургаар хайж хэвшээрэй. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад залилан, луйвраас сэргийлээрэй гэх агуулгатай гадаад сайтад нийтлэгдсэн мэдээлэл илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, Reddit нийгмийн сүлжээний платформд “Odel-ийн нэрийг барьсан залилан Facebook-т түгж байна. Сэрэмжлээрэй” гэх тайлбартай шалгасан мэдээлэлтэй ижил зураг нийтэлжээ. Мөн Германы Heute мэдээллийн сайтадNorth Face брэндийн үүргэвчтэй залилангаас сэрэмжлээрэй” гэх мэдээлэл таван сарын өмнө нийтлэгджээ.

Мөн 2025 оны 03 дугаар сарын 07-нд Léa Fonteneau гэх хуудаст франц хэлээр шалгасан мэдээлэлтэй ижил агуулга, зурагтай пост нийтэлжээ.

Үүнээс харвал судалгаа бөглөөд үүргэвч хямдаар авах боломжтой гэх агуулга бүхий залилан нь олон улсад түгээмэл ашиглагддаг байна. Тиймээс татгалзахын аргагүй хямд үнэтэй бараа, зөвхөн өнөөдөр хямдарлаа, азтан боллоо гэх мэт агуулгатай мэдээллийг бодит эсэхийг баримт шалгах анхан шатны хаяг шалгах, агуулга нягтлах, зургаар хайх аргуудаар нягтлаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Судалгаа бөглөөд North Face брэндийн үүргэвч 7,000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Check document