2025 оны 11 дүгээр сарын 23-нд Zaya Batbayar нэртэй Facebook хэрэглэгч “Хүүхдүүд нь болон өөрсдөө ханиад хүрэнгүүт нь өндөр тунгаар Д вит уулгаарай. 3 цаг тутамд С вит уулгаарай. Хүндрэхгүй хурдан эдгэнэ” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 3200 гаруй реакц, 154 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1300 гаруй удаа цааш түгээжээ.
Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)
FACTCHECK:
Цахим орчинд ханиад, томуу дэгдэх үеэр С, D витаминтай холбоотой пост, бүтээгдэхүүн ихээр гарч ирдэг. Тэгвэл мэргэжлийн эмч болон эрүүл мэндийн байгууллагууд С, D витаминыг нэмэлт бүтээгдэхүүнээс илүүтэйгээр өдөр тутмын хоол, хүнснээс авахыг зөвлөдөг.
| Шим тэжээл | Хоол хүнс |
|---|---|
| С витамин | Амтат чинжүү, цитрус төрлийн жимс, гүзээлзгэнэ, киви, нэрс, цангис, броколли |
| D витамин | Өндөг, загас, баяжуулсан сүү, бяслаг, мөөг |
| Цайр | Үхрийн мах, дүпү, улаан буудайн үр |
С, D витамин болон цайрыг томуу, ханиад хүрсэн үедээ хэрэглэх нэг өдрийн дээд тун
| Нас | С витамин | D витамин | Цайр |
|---|---|---|---|
| 0-6 сартай | зөвхөн хоол хүнснээс авах ёстой | 1000 IU | 4 мг |
| 7-12 сартай | зөвхөн хоол хүнснээс авах ёстой | 1500 IU | 5 мг |
| 1-3 настай | 400 мг | 2500 IU | 7 мг |
| 4-8 настай | 650 мг | 3000 IU | 12 мг |
| 9-13 настай | 1200 мг | 4000 IU | 23 мг |
| 14-18 настай | 1800 мг | 4000 IU | 34 мг |
| 19-өөс дээш настай | 2000 мг | 4000 IU | 40 мг |
С витамин нь хүний биед шингэдэггүй тул өдөр тутмын хоол хүнс, шим тэжээлээс авах шаардлагатай. Өдөрт 2000 мг-аас дээш тун хэрэглэхийг мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагууд зөвлөдөггүй. Учир нь гэдэс эвгүйрэх, суулгах, бөөрний чулуу үүсэх зэрэг эрсдэл үүсдэг. Мөн жирэмсэн эхчүүд өндөр тунгаар С витамин хэрэглэж болохгүй хэмээн зөвлөдөг.
С витамин нь дархлаа дэмжих үйлчилгээтэй хэдий ч олон жилийн турш ханиадны эм, эмчилгээ хэмээн сурталчилж борлуулж ирсэн билээ. Үүнийг 29 судалгааны тоймоор дүгнэхэд ханиад, томууг эдгээдэг гэсэн хангалттай нотлох баримт олдоогүй байна.
D витаминыг яс бэхжүүлдгээр нь бид мэддэг. Гэхдээ зарим судалгаагаар зөв тунгаар D витамин хэрэглэх нь ханиадны вирусийн эсрэг сайн үр нөлөө үзүүлдэг болохыг харуулжээ. Иймд юуны өмнө та өөрийн D витамины хэмжээгээ мэдэх шаардлагатай бөгөөд үүн дээр үндэслэн D витамин хэрэглэх тунг тодорхойлох боломжтой.
Дүгнээд хэлбэл, С, D витаминыг өдөр тутмын хоол хүнснээс хангалттай хэмжээнд авах боломжтой бөгөөд зайлшгүй өндөр тунгаар хэрэглэх тохиолдолд мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөн дор хэрэглэж байгаарай.




