2025 оны есдүгээр сарын 16-нд Eherbal Detox – Элэгний эрүүл мэндийг хамгаална нэртэй хуудаснаас “Монгол Улсын тэргүүлэх эмч албан ёсоор мэдэгдэл хийлээ: GREEN DETOX нь элэг хоргүйжүүлэх, элэгний өөхлөлтийг бууруулах болон урт хугацааны эрүүл мэндийг хамгаалахад аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүн юм. DR.UNURUU-гийн GREEN DETOX бүтээгдэхүүний талаарх үнэлгээний видеог үзээрэй” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 61 реакц, 38 сэтгэгдэл авч, 26 удаа цааш түгээгджээ.
Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг нягтлахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу заргаар хайж, хаягийг шалгах аргыг ашиглалаа.
Энэхүү бичлэг дээрх дүрсийг InVID хэрэглүүр ашиглан салгаж, Google Lens-ээр хайлт хийсэн. Хайлтын үр дүнд тус эмчийн яриаг анх Green Detox нэртэй хуудсанд нийтэлсэн нь илэрлээ. Бид уг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг 03 дугаар сарын 17-нд хуурамч болохыг баримтаар нягталж, нийтэлж байв. Түгээсэн хаяг нь гаднаас удирддаг хуурамч хаягийн шинжтэй байна.

Тус пэйжийг Вьетнам улсаас 27, Филиппинээс админ удирддаг байна.
Зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьдаг нь залилагчдын нэг арга байдаг. Чатаар харилцах үед бүтээгдэхүүний танилцуулгадаа элэгний өвчнүүдийг эдгээнэ гэсэн байна.

Сурталчилгаанд Dr Unuruu элэгний өвчнийг эмчилнэ гэж яриагүй ч “гепатит болон церроз эмчилнэ” гэх хуурамч мэдээлэл чатаар явуулж байна.
Детокс ундаануудын үр дүнг нотолсон шинжлэх ухааны судалгаа байхгүй
Эрхтэн тогтолцоонд ашигтай, элэг цэвэрлэх бүтээгдэхүүн гэж сурталчилдаг детокс ундаануудын үр дүнг нотолсон шинжлэх ухааны судалгаа хязгаарлагдмал байдаг. Энэ талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас санамж хүргэж, анхааруулсан. Тухайлбал, “Johns Hopkins Medicine” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сайтад элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийн талаар тайлбарласан байна. Үүнд, “Элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг элэгний асуудлыг шийдэх арга гэж сурталчилдаг ч клиникийн туршилтаар хангалттай нотлогдоогүй, стандарт бус байх нь бий. Детокс бүтээгдэхүүний зарим найрлага элэгний үрэвслийг бууруулах, элэгний гэмтлээс хамгаалах нөлөөтэй ч тогтмол хэрэглэхийг зөвлөсөн баталгаатай судалгаа байхгүй. Учир нь зарим нэмэлт бүтээгдэхүүн нь эмийн гаралтай элэгний гэмтэл үүсгэж, элгэнд хортой нөлөө үзүүлж болзошгүй нь тогтоогдсон. Тиймээс элэгний эрүүл мэндээ хамгаалахын тулд согтууруулах ундааны хэрэглээгээ хянаж, хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга юм” гэжээ. Иймээс энэ төрлийн нэмэлт хүнсэнд сурталчилгаанд шууд итгэхгүйгээр бүтээгдэхүүний баталгаатай байдлыг лавлах шаардлагатай.
Шалгасан сурталчилгаанд эмчийн бичлэгийг засварлан ашиглажээ
Харин шалгасан мэдээлэлд өөр төрлийн бүтээгдэхүүний сурталчилгааны бичлэгийг засаж, шинэ бүтээгдэхүүн мэтээр харагдуулжээ. Түүнчлэн уг мэдээллийг түгээсэн хуудас нь нэмэлт тайлбар, хаяг байршил, утасны дугаарын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдох товчлуур холбосон байна. Мөн дийлэнх мэдээллээ англи хэлээр нийтэлжээ. Эдгээр нь цахим залилангийн үед түгээмэл ажиглагддаг шинж чанарууд юм.

Тайлбар: Бүтээгдэхүүний зургийг засаж байршуулахдаа хэмжээ алдаж, орчин тойрных нь эд зүйлстэй давхардуулж оруулсан байна
Үүнээс гадна E Herbal гэх бүтээгдэхүүний аюулгүй байдлыг нотолсон судалгааны материал илэрсэнгүй. Уг бүтээгдэхүүнийг сурталчилж буй хуудасны бүртгэл, хөтөлсөн байдал зэрэг нь мөн хуурамч хаягийн шинжтэй. Хавтасны зурагт оруулсан сертификатуудад EHERBAL гэх үгийг оруулан засварласан байна.
Э.Өнөржаргал эмч “миний бичлэгийг ашиглан, хуурамч мэдээлэл түгээж байгаад харамсаж байна” гэв
Dr Unuruu нэртэй, 267 мянган дагагчтай пэйж рүү дээрх мэдээллүүдийг илгээж Э.Өнөржаргал эмчээс тодруулга хүслээ. Тэрээр,
- “Би өнгөрсөн хавар элэг хамгаалах тухай ярилцлага өгсөн. Санал тавьсан залуус хувиараа студи ажиллуулж, захиалгаар сурталчилгааны бичлэг хийдэг гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Гэтэл тайлбартаа “Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч” гэх мэт хуурамч мэдээлэлтэйгээр олон нийтэд цацсан байсан. Энэ бол олон жил ажилласан эмчийн авдаг зэрэг шүү дээ. Тэгээд тэр залуустай холбогдож асуудлаа хэлэхэд “цаашаа viber-аар харилцдаг, гомдлыг цааш нь дамжууллаа” гээд дахин холбогдоогүй байна. Гэтэл одоо хүртэл миний бичлэгийг ашиглан, хуурамч мэдээлэл түгээж байгаад харамсаж байна” гэсэн юм.
Дүгнээд үзвэл, детокс төрлийн бүтээгдэхүүнүүд нь аливаа өвчнийг эмчлэхгүй. Элэгний детокс гэх шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй бүтээгдэхүүнийг сурталчлахдаа ижил төрлийн бүтээгдэхүүний бичлэгийг засварлаж, баталгаагүй хуудаснаас түгээсэн байна.
Иймд зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, тусгай жорын дагуу, өөрт тохирсон баталгаатай эмчилгээ сонгохыг сануулж байна.




