Цахим орчин, тэр дундаа Facebook-т алтан ээмэг, бөгж, зүүлт хямд үнээр зарж байна гэсэн лайв ихээр үзэгдэх болсон. Тухайлбал “Aлтаар гулигсан өдөр” нэртэй пэйжийг жишээ болгон хэрхэн хуурамч мэдээллийг таних аргыг хуваалцъя.
FACTCHECK:
Алтан ээмэг, бөгж хямд үнээр зарж байна гэсэн лайв хийж буй “Алтаар гулигсан өдөр” пэйжийн ил тод байдлыг харахад Бангладешаас 3, БНХАУ-аас 1, Малайзаас 1 гээд нийт таван админ гаднын улсаас удирдаж байна. Мөн тус пэйж нь ямар ч постгүй, танилцуулга хэсэг нь хоосон буюу ямар нэг холбоо барих утас, хаяг, и-мэйл оруулаагүй байгаа нь хуурамч пэйжүүдийн түгээмэл шинж тэмдгүүдийг агуулж байна.

Алтны ханшаас 3 дахин хямд үнэ амлаж байгаа нь залилан
2025 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар алтны нэг грамм нь Монголбанкны ханшаар 466,438 төгрөг буюу 460 гаруй мянган төгрөг байна. Гэтэл лайвын үеэр нэг грамм алтыг 130 мянган төгрөгөөр худалдана гэж байгаа нь хуурамч мэдээлэл болохыг баталж байна.

Цагдаагийн Ерөнхий Газраас гаргасан сэрэмжлүүлэг
2025 оны 11 дүгээр сарын 25-нд ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс цахим орчинд худалдан авалт хийхдээ болгоомжтой хандаж, түгээж буй хаяг болон агуулгыг сайтар нягталсны дараа гүйлгээ хийж байхыг анхааруулжээ.

Ийм төрлийн залиланд өртсөн хохирогчдын гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа тул та баталгаагүй хаягаас хийж буй лайвтай тааралдвал “report” хийж өөрийгөө болон бусдыг цахим залилангийн хохирогч болохоос сэргийлээрэй.




