2025 оны 11 дүгээр сарын 21-нд Ulziitogtokh Tsedev (архивласан хувилбар) гэх хаягааас “Вакциндуулаад үхсэн докторууд гэнэ” гэх тайлбартай Жүрмэд Занаа хаягаас цааш түгээсэн мэдээллийг screenshot хийж оруулжээ. Зурагт Канад улсад вакцин хийлгээд нас барсан 80 эмч гэх тайлбартайгаар олон эмчийн зургийг нэгтгэж оруулсан байна. Тус постыг нийт 314 реакц, 34 сэтгэгдлээр идэвхжүүлж, 177 удаа цааш түгээжэээ.
Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Канад улсад вакцин хийлгэсэн 80 эмч үхсэн” гэх мэдээлэл нь 2022 оны сүүлээр түгсэн хуурамч мэдээлэл юм. Харин сүүлийн долоо хоног X (хуучнаар Twitter), Facebook, Instagram зэрэг сошиал платформд дахин түгээд байна. Тус мэдээллийг анх Уильям Макис гэх эмчлэх эрхээ хязгаарлуулсан хүн гаргасан бөгөөд Канадын Эмнэлгийн холбоо руу эмч нарын үхлийн шалтгааныг шалгахыг уриалсан нээлттэй захидал илгээж байжээ. Тодруулбал, 2022 оны 09 дүгээр сард тэрээр Канадын Эмнэлгийн холбоонд 32 эмчийн нас баралтын шалтгааныг шалгахыг уриалсан нээлттэй захидал илгээжээ. Түүнээс сарын дараа буюу 2022 оны 10 дугаар сард дахин захидал илгээхдээ “Ковид-19 вакцин нэвтрүүлснээс хойш гэнэтийн байдлаар нас барсан 80 залуу Канад эмчийн талаарх мэдээллийг хүргэж байна” хэмээн тодотгож, эмч нарын зургийг хавсаргасан байна.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Reuters агентлаг, PolitiFact, AFP агентлаг зэрэг баримт шалгах төв болон олон улсын мэдээний агентлаг AP News, Global News-ээс уг мэдээллийг шалгаж эдгээр эмчийн нас барсан шалтгаан ковидын вакцинтай холбоогүй тухай мэдээлсэн. Тодруулбал, AFP агентлагаас “энэ 80 эмчийн нас барсны бүртгэл болон хэвлэл мэдээллээр гарсан холбогдох нийтлэлийг шалгахад аль нь ч ковид 19-ийн вакцинаас шалтгаалж нас барсан гэж нэрлээгүй байна” гэжээ.
Мөн PolitiFact баримт шалгах төвөөс тайлагнасан баримт шалгалтад “80 эмчийн зарим нь хорт хавдраар, машины ослоор нас барсан байна” гэжээ. Тухайлбал,
- “60 настай доктор Ричард Картье 2022 оны 7 сард дэлхийн хоёр дахь өндөр оргил болох K2-оос бууж байхдаа нас барсан.
- Лимерикийн их сургуулийн анагаах ухааны гуравдугаар курсийн оюутан, 24 настай Нелиа Ширес 2021 оны 8-р сарын 16-нд Ирландад автомашины ослоор нас барсан.
- 43 настай доктор Аннабелла Изабелла Завада 2021 оны 10-р сарын 21-нд хурдны замын ослоор нас барсан.
- 44 настай доктор Синтиа Вонтобель Падойн хорт хавдартай гэж оношлогдсон байсан бөгөөд 2021 оны 12-р сарын 21-нд нас барсан” хэмээн дурджээ.
2022 оны сүүлээр Канадын Druthers сонинд “80 эмч вакцин хийлгээд нас барсан” гэх мэдээлэл түгсний дараа Канадын Global News (архивласан хувилбар) сайтаас эдгээр эмчийн үхлийн шалтгааныг сурвалжилсан эрэн сурвалжлах нийтлэл гаргажээ. Эмч нарын гэр бүлтэй холбогдож, эсвэл нээлттэй байршсан мэдээллээс 48 эмчийн үхлийн шалтгааныг олж мэдээлсэн. Харин бусад эмчийн үхлийн шалтгааныг гэр бүлийнхэн нь нууцлахыг хүссэн ба вакцинаас болоогүй хэмээн бататгасан байна.
- Тус нийтлэлд “48 эмчийн 10 нь хорт хавдраар, 3 нь машины ослоор, нэг нь К2 оргил руу авирч байхдаа, нэг нь хүүгээ аврах гэж байгаад живсэн, 5 нь зүрхний шигдээсээр нас барсан, 6 нь амиа хорлосон. Бусад нь ковид-19-тэй холбоогүй, өвдөж байсан, эсвэл гэнэтийн өвчнөөр нас барсан ба гэр бүлийнхэн нь тодорхой шалтгааныг хэлэхийг хүсээгүй ч вакцинтай холбоогүй гэдгийг баталсан” хэмээн мэдээлжээ.
Мөн нас барсан эмч нарын жагсаалтад байсан Драган Стожимирович вакцинд огт хамрагдаагүй бөгөөд Канадад эмчээр ажиллаж байгаагүй тухай түүний эхнэр Анита Стожимирович мэдээлжээ.
2022 онд түгсэн хуурамч мэдээллийг дахин түгээж байна. Канадын Global News сайтаас 80 эмчийн үхлийн шалтгаантай холбоотой эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэсэн бөгөөд эмч нарын нас барсан шалтгаан ковид-19-ийн вакцинтай холбоогүй юм.




