2025 оны 11 дүгээр сарын 21-нд O.Erdenedulam (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас жин хасах Inner Burn гэх бэлдмэл сурталчилсан богино түүх оруулжээ. Тус постод “Эмч надад Inner Burn-г санал болгосон, дотоод өөхийг бууруулах дэмжлэгтэй бүтээгдэхүүн…Энэхүү бүтээгдэхүүн надад дотоод өөхийг бууруулах, хоол боловсруулахыг дэмжих, эрч хүчээ сэргээхэд тусалсан” хэмээн бүтээгдэхүүний тухай дурдаж, жин хасах явцын сэтгэгдлээ нийтэлжээ. Уг постыг нийт 140 реакц, 123 сэтгэгдлээр идэвхжүүлж, 56 удаа цааш түгээжээ.
Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах

Бид өмнө нь O.Erdenedulam гэх хуудаснаас сурталчилсан тураах үтрээний капсул гэх хуурамч бүтээгдэхүүнийг шалгаж, тайлагнасан (энд). Тус хуудасны ил тод хэсгийг харвал 2025 оны 05 дугаар сарын 25-нд нээгдсэн ба Вьетнамаас 8 админ удирдаж байна.
Мөн хуудаст өөр өөр хүний зургийг оруулжээ. Тухайлбал, хуудасны нүүр зурагт П.Алтантуяа хэрэглэгчийн 2022 онд нийтэлсэн зургийг, ковер зурагтаа М.Ганчимэг хэрэглэгчийн 2024 онд нийтэлсэн зургийг ашиглажээ. Үүнээс харвал гадаадаас удирдлагатай пэйжээр бусад хэрэглэгчийн зургийг ашиглаж бүтээгдэхүүн сурталчилж буй хуурамч хаяг юм.
Хуурамч сайтыг шинж тэмдэгийг таних
Шалгасан постод хавсаргасан линк рүү орж харвал зөвхөн нэг хуудас бүхий хуурамч сайт байна. Сайтад оруулсан монгол текст үг үсэг, найруулгын алдаатай, зарим текстийн фонт танигдаагүй эвдэрсэн ба нэмэлт мэдээлэл цэс дээр дарж огт болохгүй, зөвхөн харах боломжтой хийсэн нь хуурамч сайтын шинж тэмдэг юм. Сайтад ихэвчлэн бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө болон дарааг харуулсан харьцуулсан зураг ихээр оруулжээ. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-даа жин хасах бүтээгдэхүүн сурталчлахдаа бусдын анхаарлыг татахуйц “өмнөх болон дараах” зургийг ашигладаг тухай дурджээ. Ялангуяа хэрэглэгчээс ирсэн сэтгэл ханамжтай байгаа мэт сэтгэгдлүүд оруулдаг байна. Тэгвэл тус сайтад монгол хэрэглэгчийн нэр оруулж, гадаад хүмүүсийн зургийг ашиглан хуурамч сэтгэгдэл нийтэлжээ.
Мөн “дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэл” гэж оруулсан ч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн нэр, хаяг, зураг гэх мэт ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Сайтад сертификат, гэрчилгээ гэх хэсэг байгаа ч оруулсан зураг нь харах боломжгүй бүрэлзсэн бөгөөд дарж орж, дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжгүй аж.
Бүтээгдэхүүний тухай албан ёсны мэдээлэл огт байхгүй
Inner burn бүтээгдэхүүний зургийг Google lens хайлтын системээс хайхад Вьетнам болон Филиппиний онлайн худалдааны сайтад байршуулсан илэрцүүд гарч ирлээ. Филиппиний Lazada, Go N’Glow UAE Ph зэрэг худалдааны сайтад бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл огт байхгүй ба брэнд гэсэн хэсэгт “No Brand” буюу брэндгүй хэмээн оруулжээ. Мөн бүтээгдэхүүний шошгод “Европт боловсруулсан” хэмээн бичсэн боловч бүтээгдэхүүний нэр, зургаар хайхад албан ёсны мэдээлэл огт илэрцгүй байна. Хэдий бүтээгдэхүүний шошгод “Европт боловсруулсан” гэж оруулсан ч энэ нь Европын холбооноос баталсан гэсэн үг биш юм.
Inner Burn гэх тураах бүтээгдэхүүний тухай мэдээлэл хомс, үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл, албан ёсны эх сурвалж огт байхгүй нь баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүн болохыг илтгэж байна.
Дүгнэлт
Гадаадаас удирдлагатай пэйжээс монгол хүний зураг ашиглаж, хуурамч түүх зохион, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.




