2025 оны 09 дүгээр сарын 19-нд O.fat – Гоо Дүр Тунхаг хуудаснаас Ofat Ginger Gel тураах тосны сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлсэн нь одоо ч идэвхтэй байна. Тус бичлэгт “1 хоногт бүсэлхий 5-10 см багасна. Өөхийг жирийн гельтэй харьцуулахад 100 дахин хүчтэй шатаана. Гэдэс гуя, гарын илүүдэл өөхийг арилгаж, элгийг дэмжин, арьсыг чангалах үйлчилгээтэй” гэх агуулгыг дурджээ. Мөн тайлбар хэсэгтээ “Ofat Ginger Gel тусгай найрлагатай бөгөөд гүн шингэж: Гэдэс, гуя, гарын илүүдэл өөхийг хурдан арилгана, Элгийг дэмжиж, өөхлөлтийг бууруулна, цусны эргэлтийг сайжруулж, арьсыг чангалах, биеийг хөнгөн болгоно” хэмээн оруулжээ. Бичлэгийг нийт 878 реакц, 4,200 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 569 удаа цааш түгээжээ. Мөн постын доор утасны дугаараа үлдээх нь залиланд өртөх эрсдэлтэйг анхаарна уу.
Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Ofat Ginger Gel бүтээгдэхүүний тухай хайхад Huyen Phi гэх Вьетнамын гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн мэдээлэл гарч ирлээ. Тус бүтээгдэхүүний савлагаа дээр Huyen Phi гэж оруулсан боловч шалгасан бүтээгдэхүүний зурагт Hyven Phi хэмээн өөрчилсөн байна. Мөн бүтээгдэхүүний шошго дээрх үг бүрэн тод харагдахгүй байгаа нь бүтээгдэхүүний зургийг өөрчилсөн, хиймэл оюунаар бүтээсэн байж болзошгүйг харуулж байна. Мөн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, үйлдвэрлэгч, орц найрлагыг дэлгэрэнгүй танилцуулаагүй юм.
Тус хуудаст нийтэлсэн бүтээгдэхүүний орц найрлагыг харуулсан тайлбар зураг дахь текст үг үсэг, найруулгын алдаатай байна.

Үргэлжлүүлэн тураах тос худалдаалж буй Facebook хуудсыг шалгахад 2025 оны 09 дүгээр сарын 17-нд нээгдсэн ба Вьетнамд байршилтай 11 админ удирдаж байна. Танилцуулга хэсэгтээ холбогдох дугаар, хаяг байршил, сайтын линк зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй нь хуурамч хаяг байж болзошгүйг илтгэж байна.

Арьсанд ямар нэг бүтээгдэхүүн түрхээд биеийн өөхийг арилгах боломжгүй
Сүүлийн үед богино хугацаанд их хэмжээгээр тураана, өөхийг хайлуулна гэж амласан төрөл бүрийн бүтээгдэхүүн гарах болсон. Бид өмнө нь тураах тос, саван, ээмэг, бугуйвч, цай, кофе зэрэг бүтээгдэхүүний тухай шалгаж худал болохыг мэдээлсэн (энд, энд бас энд).
O.fat-Гоо Дүр Тунхаг хуудаст оруулсан бүтээгдэхүүний зурагт гол орц найрлагад цагаан гаа, кофе, каффейныг онцолсон байсан. Иймд олон нийтэд нээлттэй PubMed, ResearchGate, Google Scholar, ScienceDirect зэрэг судалгааны сангаас “цагаан гаатай тос элэгний үйл ажиллагаа” болон “цагаан гаатай тос, жин хасах” гэх түлхүүр үгээр хайхад эдгээрийг баталсан клиник судалгаа, нотолгоо байхгүй байна.
Мөн Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн AFP баримт шалгах төвөөс бидний шалгасан бүтээгдэхүүнтэй төстэй цагаан гаа агуулсан тосны тухай шалгаж худал болохыг мэдээлсэн.
АНУ-ын Холбооны худалдааны комиссоос гаргасан “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага”-д “Жин хасах нь дотоод бодисын солилцооны үйл явц бөгөөд ямар нэг юм өмсөх, арьсанд түрхэх зүйл жин хасдаггүй. Тиймээс наалт, тос, лосьон, боодол, биеийн бүс, ээмэг гэх мэтийг ашиглан турах нь худал юм. Ийм бүтээгдэхүүн зар сурталчилгаа шигээ байх боломжгүй” хэмээн тайлбарласан байна.
Шалгасан мэдээлэлд “хэрэглээд 5 минутын дотор үр дүнгээ өгнө, 1 хоногт 5-10 см бэлхүүсний хэсгээс хасна” гэх агуулгыг дурдсан. Энэ нь тураах бүтээгдэхүүнд өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм.
Дүгнэлт
Биеийн арьсанд ямар нэг тос түрхээд элэгний үйл ажиллагааг дэмжиж, өөхийг шатаах боломжгүй юм. Вьетнамаас 11 админ удирддаг пэйжээс шинжлэх ухааны баталгаагүй хуурамч бүтээгдэхүүн сурталчилж байна.




