Search

“Ooha” оргилуун ус болон “Амино” өндөгний талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1662

Засварласан: 2025-11-14
Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүнсний үндэсний үйлдвэрүүд өлөн байхаа болиочээ. Шим тэжээлийн наад захын мэдлэгтэйгээр сурталчилгаа хийгээчээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд илчлэг болон амин хүчлийн талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Ooha бүтээгдэхүүний “нүүрс ус – 3.8 гр” нь эритритолын хэмжээг илэрхийлж байгаа бөгөөд 5 ккал-аас бага илчлэгтэй бүтээгдэхүүнийг “калоригүй” гэж тэмдэглэх нь олон улсын стандартын дагуу зөвшөөрөгдсөн. Мөн “Амино” өндөгний амин хүчлийн агууламж нь лабораторийн шинжилгээгээр олон улсын дундаж үзүүлэлтээс өндөр гарсан нь “амин хүчлээр баялаг” гэж мэдээлж буй нь шинжилгээний дүн, лабораторийн нотолгоонд тулгуурласан тайлбар юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Энхболдын Эрдэнэцэцэг (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Хүнсний үндэсний үйлдвэрүүд өлөн байхаа болиочээ. Шим тэжээлийн наад захын мэдлэгтэйгээр сурталчилгаа хийгээчээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 785 реакц, 53 сэтгэгдэл авч, 221 удаа цааш түгээгджээ.

Бичлэгт, “Ooha гээд ундаа илчлэг 0% гэсэн байгаа. Харин орц найрлага дээрээ нүүрс ус 3,8 гр гэсэн байна. Тэгвэл нүүрс ус агуулж л байгаа бол илчлэгтэй байна. 4 гр нүүрс ус гэдэг чинь 16 ккл байгаа…”, мөн “…Амин хүчлийн агуулга өндөр Амино өндөг гэж байгаа. Тэгвэл өндөг бол угаасаа уургаар баялаг хүнсүүдийн нэг. Уураг л байгаа бол тэнд амин хүчил байгаа. Уураг амин хүчлээс бүрддэг. Ямар ч өндөг амин хүчлээр баялаг байх. Гэтэл ийм өлөн маркетинг хийгээд байна. MCS, Баян чандманы Баян өндөг…” гэж ярьсан байна.

Энэхүү мэдээллийг М-Си-Эс Кока-Кола компаниас бидэнд шалгуулах хүсэлт илгээсэн ба ёс зүйн кодын дагуу баримтаар шалгах шаардлага хангасан тул дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

OOHA оргилуун ус нь Кока-Кола компанийн албан ёсны брэнд бөгөөд Монгол Улсад М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэн борлуулдаг байна. Тус оргилуун усны талаарх танилцуулгыг компанийн вэбсайтад байршуулсан ба илчлэг, сахар, тосны агууламжгүй бүтээгдэхүүн хэмээн онцолжээ. Мөн орц найрлагын хувьд “ус хийжүүлэгч, эритритол, хүчиллэг зохицуулагч, амт үнэр оруулагч, үл исэлдүүлэгч зэрэг бодис агуулдаг” гэжээ.

  • Илчлэг 0
  • Нүүрс ус 3,8 гр
  • Сахар 0
  • Тос 0
  • Натри 18 мг
Эх сурвалж: М-Си-Эс Кока-Кола

Хүний биед орсны дараа эритритол бараг задрахгүй, шууд цусанд орж, шээсээр гадагшилдаг

Эритритол нь сахар шиг амттай ч 70 орчим хувийн чихэрлэгтэй бөгөөд эрдэнэшишийг исгэх аргаар үйлдвэрлэдэг, чихрийн спиртийн төрөлд багтдаг байгалийн гаралтай чихэр орлуулагч юм. Химийн бүтэц нь нүүрс усны ангилалд ордог тул хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “нүүрс ус” гэж бүртгэгддэг. Эритритолын 1 грамм нь ойролцоогоор 0.2 ккал илчлэгтэй бөгөөд зарим тохиолдолд хүний биед бүрэн шингэдэггүй тул илчлэгийг нь “0” гэж тооцдог байна.

Эх сурвалж: PubMed

Үүнийг олон улсын стандартуудад шошгон дээр “0% илчлэгтэй” гэж тэмдэглэхийг зөвшөөрдөг. Тухайлбал, АНУ-ын FDA болон олон улсын Кодекс Алиментариус стандартууд нь 5 ккал-аас бага илчлэгтэй бүтээгдэхүүнийг “калоригүй” гэж тэмдэглэхийг зөвшөөрдөг байна.

Эх сурвалж: Холбооны дүрмийн эмхэтгэл

Цусанд агуулагдах хиймэл чихэрлэг бодис болох эритритолын түвшин өндөр байх нь зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг судалгаа харуулжээ

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) болон Европын Хүнсний аюулгүй байдлын газраас эритритолыг байгальд жимс, хүнсний ногоонд агуулагддаг, глюкозын солилцооны дүнд үүсдэг “чихрийн спирт” гэж үзэн, “аюулгүй” хэмээн ангилсан байдаг.

  • Харин сүүлийн үеийн зарим судалгаанд тодорхой төрлийн чихэр орлуулагч бодисууд зүрх судасны эрсдэлтэй хамааралтай байж болзошгүйг илтгэж байгаа ч энэхүү хамаарал одоогоор бүрэн нотлогдоогүй, нэмэлт судалгаа шаардлагатай байгааг онцолжээ.

Тухайлбал, 2023 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн санхүүжилттэй, Кливлендийн клиникийн доктор Стэнли Хазены удирдсан судалгааны баг эритритолын түвшин болон зүрх судасны хүндрэлүүдийн хоорондын хамаарлыг судалжээ. Эхний шатны судалгаанд мянга гаруй хүнийг хамруулж, тэдний цусанд агуулагдах нэгдлүүдийг шинжилж, гурван жилийн хугацаанд зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны ноцтой хүндрэл үүсэх эрсдэлийг хянасан байна.

Судлаачид эритритол болон түүнтэй төстэй хэд хэдэн хиймэл чихэрлэг бодисын өндөр түвшин нь зүрх судасны хүндрэлтэй холбоотойг тогтоожээ. Үүнийг баталгаажуулахын тулд АНУ болон Европын нийт 3,000 орчим хүнийг хамарсан хоёр нэмэлт бүлэгт судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд, эритритолын түвшин хамгийн өндөр бүлгийн хүмүүс эритритолын түвшин хамгийн бага бүлгийнхнээс зүрх судасны хүндрэлд өртөх магадлал хоёр дахин өндөр байжээ.

Үүний дараа судлаачид эритритол яагаад ийм эрсдэл үүсгэж болохыг ойлгохын тулд хүний цусны бүлэгнэлтийг хянадаг ялтас эсүүдэд эритритол нөлөөлөх үед ямар өөрчлөлт гарахыг судалжээ. Үүний үр дүнд ялтас эсүүд цус бүлэгнэх дохионд мэдрэмтгий болж, хулганад хийсэн туршилтаар цусны бүлэгнэл үүсэх хурд, судсыг бөглөх эрсдэл нэмэгдсэн байна.

Тус судалгааны ахлах Стэнли Хазен “Зүрх судасны өндөр эрсдэлтэй, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст сахар орлуулагчтай хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Гэвч энэ судалгаа эритритол болон бусад сахар орлуулагчийн зүрх судасны аюулгүй байдлыг урт хугацаанд нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна” гэжээ.

Дээрх хэсгийг дүгнэх нь

Шалгасан бичлэгт “нүүрс ус л агуулж байгаа бол илчлэгтэй” гэсэн нь олон улсын стандартад “5 ккал-оос бага тохиолдолд “0” гэж тэмдэглэхийг зөвшөөрдөг” гэх баримтыг орхигдуулж төөрөгдүүлжээ. Тодруулбал, Ooha бүтээгдэхүүний шошгон дээр дурдсан “нүүрс ус – 3.8 гр” нь эритритол гэх чихэр орлуулагчийн хэмжээг заасныг М-Си-Эс Кока-Кола компаниас бидэнд мэдээлсэн. Эритритол нь 1 граммд ойролцоогоор 0.2 ккал илчлэг агуулдаг тул Ooha оргилуун усны илчлэгийг 0.76 ккал гэж тооцоолж болохоор байна.

Энэхүү тэмдэглэгээний стандартаас гадна эритритолын талаарх судалгааг үзэхэд АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) болон Европын Хүнсний аюулгүй байдлын газраас эритритолыг аюулгүй гэж ангилсан байдаг. Гэхдээ 2023 онд хийсэн судалгаагаар эритритолын түвшин өндөр байх нь зүрх судасны эрсдлийг үүсгэж болзошгүйг анхааруулсан ч энэхүү хамаарал бүрэн нотлогдоогүй, цаашдын судалгаа шаардлагатайг онцолсон байна.

Шалгасан бичлэгт “Амин хүчлийн агуулга өндөр Амино өндөг гэж байгаа. Тэгвэл өндөг бол угаасаа уургаар баялаг хүнснүүдийн нэг. Уураг л байгаа бол тэнд аминхүчил байгаа” гэжээ

Бичлэгт харуулсан “Амин хүчлийн агуулга өндөртэй” гэх бичгийн баруун талд Инно лабораторийн хийсэн амин хүчил болон витаминий шинжилгээний сорилтын тайланг харах боломжтой QR кодыг байршуулжээ.

Тухайлбал, глутамины хүчил 2.2 г/100г, аспарагины хүчил 1.7 г/100г нь хамгийн өндөр агууламжтай гарсан байна.

Амин хүчлийн сорилтын тайлан
Эх сурвалж: Инно лаборатори
  • Бид “Баян шувуу” ХХК-ийн “Амино” өндөгний лабораторийн шинжилгээний амин хүчлийн сорилтын дүнг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Судалгааны албанаас 2019 онд гаргасан өндөгт агуулагдах амин хүчлийн дундаж үзүүлэлттэй харьцууллаа.

Дээрх харьцуулсан хүснэгтээс харахад “Амино” өндөгний амин хүчлийн агууламж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Судалгааны албанаас гаргасан өндөгний амин хүчлийн агууламжийн дундажтай харьцуулахад ихэнх үзүүлэлт өндөр байна.

Шалгасан мэдээллийн “Бүх төрлийн өндөг нь уургийн гол эх үүсвэр бөгөөд уураг нь амин хүчлээс бүрддэг учраас өндөг амин хүчлүүдийг агуулдаг” гэдэг нь үнэн мэдээлэл юм. Гэвч амин хүчлийн агууламж, харьцаа болон төрөл нь өндөгний гарал үүсэл, тахианы тэжээл, арчилгаа, боловсруулалт, хадгалалтын нөхцөл зэрэг хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг.

“Амино” өндөгт хийсэн лабораторийн шинжилгээний дүнгээс харахад зарим амин хүчлийн агууламж нь АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас тогтоосон дундаж үзүүлэлтээс өндөр гарсан нь тогтоогдсон. Иймээс энэхүү бүтээгдэхүүнийг “амин хүчлээр баялаг” хэмээн онцлон мэдээлж буй нь шинжилгээний дүн, лабораторийн нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар юм.

Дүгнэхэд, хүнсний аюулгүй байдал, шошго дахь мэдээллийн талаар ажиглалт хийж, бусдад анхааруулсан нь сайшаалтай боловч, бүрэн бус судалгаа, баримтын алдаатай мэдээллээр төөрөгдүүлсэн ойлголт төрүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд итгэх итгэлийг сулруулах хоруу чанартай мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хүнсний үндэсний үйлдвэрүүд өлөн байхаа болиочээ. Шим тэжээлийн наад захын мэдлэгтэйгээр сурталчилгаа хийгээчээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document