2025 оны арван нэгдүгээр сарын 4-нд OchirHome-Гуанжоу бараа захиалга нэртэй хуудаснаас “Байгалийн гамшиг гэдэг ийм аймшигтай” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 1300 гаруй реакц, 101 сэтгэгдэл авч, 434 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бичлэгт хотын гудамжинд асар том хэмжээтэй мөндөр орж, автомашинуудын шил хагалж буй дүрсийг харуулсан байна. Энэхүү бичлэгийг олон хүн “бодитоор тохиолдсон байгалийн гамшиг” мэтээр тайлбарлаж түгээжээ. Гэвч уг бичлэг бодит бус, хиймэл оюунаар бүтээгдсэн болохыг AI шалгах хэрэглүүрүүдийг ашиглан гаргалаа. Тодруулбал,

Was It Ai хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюунаар бүтээгдсэн зураг гэдгийг илрүүлж, улаан өнгөөр тэмдэглэсэн байна.
Мөн Sightengine хэрэглүүрийг ашиглахад тухайн бичлэгийг Ai-аар бүтээсэн байх магадлал 99%-ийн үнэлгээтэй илэрсэн.

Үүнээс гадна шалгасан бичлэгийн дүрснээс авч MeVer хэрэглүүрээр шалгахад 65-67% хиймэл оюунаар бүтээгдсэн бичлэг гэж харагдаж байна. (энд, энд)


Тайлбар: MeVer хэрэглүүрээр ашигласан баримт шалгалтын үр дүн
Тус программ нь улаан өнгөөр хуурамч байх магадлалтай хэсгийг цэнхэр өнгөөр бодит хэсгийг тодруулж өгдөг. Мөн нарийвчилсан мэдээллийг шалгахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан Noiseprint++ хэмээх шүүлтүүрийг ашигладаг байна.
Түүнчлэн тус бичлэгт буй орчин, эд юмс, байгалийн үзэгдэл зэргийн харагдах байдлыг нүдээр шинжлэхэд бодит байдалд нийцэхгүй байв. Тухайлбал, мөндөр газарт унаад бутарч эмтрэхгүй байгаа дүрслэл, автомашины гадаргуу дээрх гэрэл, сүүдрийн тусгал, хүмүүс нэг хөдөлгөөнөө олон давтах, дороо гацах зэрэг үзэгдлүүд нь зөрчилтэй ажиглагдаж байна. Эдгээр шинж чанар нь хиймэл оюунаар бүтээсэн дүрс, бичлэгт ажиглагддаг түгээмэл алдаа юм. Үүнээс асар том мөндөр орж буй байгалийн үзэгдлийг хиймэл оюунаар боловсруулсан нь нотлогдож байна.
Хиймэл оюуны технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бодит мэт харагдах дүрс, бичлэгийг хэдхэн хормын дотор үүсгэх боломжтой болсон. Эл технологийг ашиглаад хүмүүсийн айдас, итгэл дээр суурилсан хуурамч контент бүтээж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хуурамч мэдээлэл түгээх нь бий. Зарим тохиолдолд ийм төрлийн бүтээлээр олны анхаарлыг татаж, хаягийнхаа хандалтыг нэмэгдүүлдэг. Үүний дараа бизнесийн болон улс төрийн ашиг сонирхлоор хуурамч бүтээгдэхүүн зарах гэж оролдох, манипуляц хийх зэргээр ашигладаг.
Иймээс хиймэл оюунаар бүтээсэн контентыг таньж чаддаг байх нь чухал. Үүний тулд аливаа бичлэгийн дүрслэлийг сайтар ажиглаж эргэлзээтэй зүйл анзаарвал хиймэл оюун таних хэрэглүүр ашиглаж баталгаажуулж байгаарай. Мөн хуурамч, төөрөгдүүлсэн зураг, бичлэгийг бусдад түгээхгүй байх нь мэдээллийн аюулгүй орчныг хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам юм.




