2025 оны хоёрдугаар сарын 11-нд NARAN online shop Ub нэртэй хуудаснаас “Биеэс хор гадагшлуулж, архи уух зуршлыг багасгаж, архинаас гаргах наалт” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан бичлэг нийтэлсэн ба дахин шэйрлэж идэвхжүүлж байна. Уг бичлэг 680 реакц, 219 сэтгэгдэл авч, 1500 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Архинаас гаргах наалт” гэх бүтээгдэхүүнийг баримтаар шалгаж худал хэмээн дүгнэсэн.
Бид өмнөх баримт шалгалтаараа биеийг хоргүйжүүлж, архинаас гаргах наалтыг шинжлэх ухааны судалгаагаар бүрэн нотлоогүй , баталгаагүй бүтээгдэхүүн хэмээн мэдээлж байсан. Дэлгэрүүлбэл, Pubmed, Google Scholar, ResearchGate зэрэг судалгааны сангаас “архинаас гаргах наалт” гэх түлхүүр үгээр хайхад бүтээгдэхүүний тухай, цаашлаад наалт нь цус цэвэрлэж, хор гадагшлуулдгийг баталсан судалгаа огт илрээгүй юм.
Иймд уг батлагдаагүй бүтээгдэхүүнийг борлуулахаар сурталчилж буй хаягийн мэдээллийг шалгалаа.

Тус хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2020 оны зургадугаар сарын 24-нд нээгдсэн, 123 мянган дагагчтай нь харагдаж байна. Мөн хуудасныхаа тайлбар хэсэгт хэд хэдэн төрлийн дансны дугаар бичиж, байршуулсныг Цагдаагийн байгууллагын “102 Police” аппликейшнаас хайж, нягталсан. Ингэхдээ шалгасан хуудасны тайлбарт буй мэдээллийг уг аппликейшны “цахим залилангийн гэмт хэрэгт бүртгэгдэж байсан дансны мэдээлэл шалгах” цэсээр хандаж, баталгаажуулав.

Хайлтын үр дүнд 5377030687 дугаартай хаан банкны данс цахим залилангийн гэмт хэрэгт бүртгэгдэж байсан нь илэрлээ.
Эдгээрийг нэгтгээд харвал, NARAN online shop Ub хуудас нь клиник туршилтаар нотлогдоогүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, цахим залилангийн бүртгэлтэй дансаар захиалга авахаар оролдож байна. Энэ нь тухайн хуудасны баталгаатай байдалд эргэлзэх үндэслэл юм.
Иймээс онлайн худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний шинж чанар, хаягийн мэдээллийг судлахаас гадна тухайн барааг зарж буй хүний дансыг цахим залилангийн гэмт хэрэгт бүртгэгдэж байсан эсэхийг “102 Police” аппликейшн ашиглан нягталж байгаарай.
Цагдаагийн байгууллагын “102 Police” аппликейшнаас цахим залилангийн бүртгэлд буй дансны мэдээлэл харах зааврыг зургаар харуулж байна.





