ЗАЛРУУЛГА: Энэхүү баримт шалгалт нь хохирогчийн өөрийн зүгээс түгээсэн мэдээлэлд биш, гуравдагч талууд ямар нэгэн шинэ мэдээлэлгүйгээр хуучирсан мэдээллийг тэр чигт нь хуулбарлан түгээсэн байдлыг нягталж, олон нийтийн анхаарлыг хуучирсан мэдээллээр татах, хандалт авах манипуляцын нэг арга болохыг тайлбарласан юм. Баримт шалгалтад хохирогчийг “худал хэлсэн”, “шантаажилсан” гэх нэг ч агуулга байхгүй бөгөөд харин ч Дээд шүүхээс хохирогчийн талд эцэслэн шийдсэн буюу “эмнэлгийн мэргэжилтний үүрэг алдсан” гэсэн тогтоолыг хавсаргаж, эцсийн шатны шүүхээр шийдсэн асуудал болохыг нотолж өгсөн юм. Гэвч, хохирогч дахин гомдол гаргаж, Синдеррела эмнэлгийг шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах шатанд явж байгааг нягтлалгүй, маргаан дууссан гэж үзсэн алдаа гаргажээ. Тиймээс Залруулга хийх бодлогын ерөнхий зүйлийн 1-т заасан “Чухал баримтыг санаатай болон санаандгүй байдлаар орхигдуулсан бол залруулга хийнэ” гэснийг үндэслэн, хохирогчоос хүлцэл өчиж байна. Гэхдээ энэ залруулга нь өмнөх баримт шалгалтын агуулгад буюу “хохирогчийн талд Дээд шүүх шийдвэрээ гаргасан” гэх агуулгыг залруулж өөрчилж байгаа хэрэг биш юм. Тухайн мэдээллийг түгээсэн хаягуудад зүүсэн тэмдэглэгээг өөрчлөхгүй.
2025 оны 11 дүгээр сарын 04-нд Нэгүүн.мн нэртэй Facebook пэйж “Синдерелла эмнэлэгт филлер тарилга хийлгэснээс болж насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болсон” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ. Тус постыг 797 реакц, 136 сэтгэгдлээр идэвхжүүлж, 285 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Яг ийм ижил агуулга, зурагтай пост анх 2025 оны 03 дугаар сарын 13-нд цахим орчинд түгж байсныг энд, энд, эндээс үзээрэй.
Синдерелла клиник эмнэлгийн өмгөөлөгчийн тайлбар
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн хэргийн 2024/ХШТ/121 дугаартай шүүх хуралдааны тогтоол гарсан байна. Тус тогтоолд анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Прокурорын яллах дүгнэлтийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл (эрүүл мэндэд хохирол учруулах) байсныг 15.1 дүгээр зүйл (эмнэлгийн мэргэжилтний үүрэг алдсан) гэж өөрчилжээ. Иймд шүүгдэгч П.М-ийг “эмнэлгийн мэргэжилтний хувиар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон.
Уг хэргийн талаар 2025 оны 03 дугаар сарын 15-нд zarig.mn пэйжид Синдерелла клиник эмнэлгийн өмгөөлөгч К.Жархынбек дараах тайлбарыг өгчээ.
“Хэрэг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Тус хэрэг шалгагдаад 2024 оны 10 дугаар сарын 30-нд Монгол Улсын Дээд Шүүхээр “Эмнэлгийн эмч болгоомжгүй үйлдлээр тарилга хийхдээ алдаа гаргаж, эмчийнхээ үүргийг биелүүлээгүй” гэдэг үндэслэлээр гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Шүүхээс тухайн хэргийн нийт хохирол 116 сая төгрөг гэж тогтоосон. Эмнэлэг болон эмчийн зүгээс нийт 240 сая төгрөг төлсөн. Тэгтэл шүүхээр энэ хохирол төлбөртэй холбоотой асуудал шийдвэрлэгдчихсэн байхад төлбөр төлөхгүй байгаа мэтээр, мөн шүүхээр гэм буруутайд тогтоогдоогүй байхад бусдыг гэм буруутайд тооцогдсон мэтээр илт худал мэдээллийг түгээж байна” гэжээ.
Гаднын нийтлэлийн зургийг ашиглаж, төөрөгдүүлж байна
Шалгасан мэдээллийн зургийг шалгаж үзэхэд, 2021 онд Springer Nature-ийн вэбсайтад нийтлэгдсэн “Significant Vision Recovery from Filler-Induced Complete Blindness with Combined Intra-Arterial Injection of Hyaluronidase and Thrombolytic Agents” нийтлэлд хавсаргасан гаднын зургуудыг ашиглажээ. Springer Nature нь Герман, Их Британийн хамтарсан шинжлэх ухаан, хүмүүнлэг, техник, анагаах ухааны ном, цахим ном, эрдэм шинжилгээний өгүүллэг нийтэлдэг олон улсын компани юм.

Дүгнээд хэлбэл, 2022 онд Синдерелла эмнэлгээр үйлчлүүлсэн хүн хохирсон харамсалтай хэрэг гарсан нь үнэн бөгөөд тухайн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдсэн. Одоогоор хохирогчийн зүгээс нэмэлт мэдээлэл өгөөгүй, харин шалгасан мэдээлэл нь гаднын зураг ашигласан хуучирсан постыг дахин түгээж, анхаарал татаж байна.
Цахим орчинд хуучирсан мэдээ, мэдээллийг дахин түгээж одоо болж буй мэтээр ойлгуулж, олон нийтийн санаа, бодлыг санаатайгаар төөрөгдүүлэх, тухайн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх, хамгийн гол нь чухал сэдэв, хэлэлцүүлгийн үед /тухайлбал төсөв, авлигын хэрэг/ олон нийтийн анхаарлыг өөр зүгт татах гэсэн медиа манипуляцын нэг төрөл юм.
Иймд та эргэлзээтэй мэдээ, мэдээлэл тааралдвал Монголын баримт шалгах төвийн АСУУ чатботтой холбогдож шалгуулж болохоос гадна товхимолд бүртгүүлснээр баримт шалгалтуудыг цаг алдалгүй долоо хоног бүр авах болно.
Хэрэв та медиа манипуляцын талаар дэлгэрэнгүй мэдэж, баримт шалгах онлайн сургалтад хамрагдахыг хүсвэл манай гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэхийг урьж байна. Ингэснээр та мэдээллийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ хуурамч мэдээллийг бууруулах бидний ажлыг дэмжих явдал юм.






