Search

Үе мөчний мөгөөрсийг нөхөн сэргээх биоматериалыг хүн дээр хэрэглэхэд судалгаа шаардлагатай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1656

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын эрдэмтэд үе мөчний гэмтсэн мөгөөрсийг нөхөн сэргээх био материал бүтээжээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мөгөөрсний гэмтлийг нөхөн сэргээх зориулалттай гель хэлбэрийн биоматериалыг хонинд туршсан нь эерэг үр дүнтэй ажиглагдсан ч хүн дээр батлагдсан судалгааны материал байхгүй тул эмчилгээнд нэвтрүүлэхийн тулд нэмэлт шинжилгээ хийж баталгаажуулах шаардлагатай аж.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 1-нд Монгол бариа засал, уламжлалаа түгээе нэртэй хуудаснаас “АНУ-ын эрдэмтэд үе мөчний гэмтсэн мөгөөрсийг нөхөн сэргээх био материал бүтээжээ. АНУ-ын Баруун хойд их сургуулийн судлаачид гэмтсэн мөгөөрсийг нөхөн төлжүүлдэг тарилгын гель шиг биоматериал бүтээжээ. Хонинд туршиж үзээд эдгээх эсийг ашиглахад 6 сарын дотор бүрэн ургалтыг дэмжсэн байна. Энэхүү нээлт нь остеоартрит өвчтэй хүмүүст шинэ найдвар төрүүлж, үе мөч солих мэс заслын хэрэгцээг бууруулж чадна” гэсэн мэдээлэл нийтэлсэн байна. Уг пост 1200 гаруй реакц, 28 сэтгэгдэл авч, 339 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг цахим хэрэглэгч манай “Асуу” чатботоор шалгуулах хүсэлтээ илгээсэн юм. Тухайн мэдээллийг хүлээн авагчдын дунд “үений өвчнөөс салах боломж”, “Монголд хурдан орж ирээсэй” гэх хүлээлт үүссэн нь ажиглагдсан тул залруулж, баримт шалгалт хийлээ.

Энэхүү судалгааны материалд өвдөгний үений мөгөөрсийг сэргээх био материалыг эмчилгээнд нэвтрүүлэхийн тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэдгийг тодотгож өгчээ.

Уг судалгааг Нортвестернийн Их Сургуулийн (Northwestern University) судлаачид хийсэн бөгөөд гель хэлбэрийн биоматериал боловсруулж, мөгөөрс сэргээн ургуулах туршилт хийжээ. Үүнийг анх 2024 онд АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн Процесс эрдэм шинжилгээний сэтгүүлд “Мөгөөрс нөхөн сэргээхэд зориулсан биоидэвхтэй молекулыг хонины загварт туршсан нь” нэртэйгээр нийтэлсэн байна. Судалгаанд үений ачаалал, нөхөн төлжих зэрэг шинж чанар нь хүнийхтэй төстэйгөөр нь хонийг загвар болгож сонгосон. Туршилтаа тусгай уураг, молекулын нийлмэл биоматериалыг хонины мөгөөрсөнд тарих аргаар лабораторийн хүрээнд хийсэн байна. Үр дүнд нь гэмтсэн мөгөөрс шинээр ургаж, нөхөгдөж буй нь ажиглажээ. Энэ үзэгдэл зургаан сарын дотор болсон аж. Үүнээс үүдэн уг биоматериалыг мэсийн бус аргаар өвдөг, үений өвчнийг эмчилж, спортын гэмтлийг нөхөн сэргээхэд ашиглагдах шинэ арга гэх санааг дэвшүүлж байгаа юм.

Энэ талаар тус судалгааны удирдагч Самуэл И. Ступп “Мөгөөрс бол үений маш чухал хэсэг. Гэвч насанд хүрсэн хүний гэмтэж, элэгдсэн мөгөөрс өөрөө нөхөн төлжиж, сэргэх чадваргүй байдаг. Харин манай судалгаанд буй шинэ эмчилгээ нь байгалийн жамаар сэргэдэггүй эдийн нөхөн төлжилтийг өдөөж чадна. Энэ нь эмнэл зүйн нэгэн хэрэгцээг хангах шийдэл болох боломжтой” гэж мэдээлжээ.

Нэмээд хэлэхэд, Нортвестернийн их сургуулийн судлаачид “бүжиглэдэг молекулууд” гэх мөгөөрсний эдийн бүтцэд нөлөөлж, эдгэрэлтийг түргэсгэх молекулуудын нэгдлийг хиймлээр үүсгэх тухай судалгаандаа үндэслэж, эл биоматериалыг шинээр боловсруулсан байна. Энэхүү биоматериалыг боловсруулахдаа мөгөөрсний өсөлтөд чухал үүрэгтэй TGFβ-1 пептид, полисахарид буюу гиалуроны хүчил гэх хоёр үндсэн бүрэлдэхүүнд тулгуурлажээ. Эдгээр бүрэлдэхүүн хэсэг нь нэгдэж, мөгөөрсний байгалийн бүтцийг дуурайсан нано хэмжээний ширхгүүд үүсгэдэг байна. Энэ нь эсийн таатай орчин бүрдүүлж, эдгэрэлтэд нөлөөлнө гэж тооцоолж байгаа аж. 

Гэвч мөгөөрсний нөхөн сэргээлтийг илүү дэмжих, сорвижилт үүсгэхгүй байх гэх мэт нөхцлийг сайжруулж, судалгаа хийх шаардлагатайг дурджээ. Өөрөөр хэлбэл гель хэлбэрийн био материалыг хүн дээр туршсан судалгааны материал байхгүй тул эмчилгээний арга гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Үүнээс дүгнээд үзвэл, мөгөөрсний гэмтлийг нөхөн сэргээх зориулалттай гель хэлбэрийн биоматериалыг хонинд туршсан нь эерэг үр дүнтэй ажиглагдсан ч хүн дээр батлагдсан судалгааны материал байхгүй тул эмчилгээнд нэвтрүүлэхийн тулд нэмэлт шинжилгээ хийж баталгаажуулах шаардлагатай аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“АНУ-ын эрдэмтэд үе мөчний гэмтсэн мөгөөрсийг нөхөн сэргээх био материал бүтээжээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document