Сүүлийн үед Facebook-т хусдаг сугалаатай лайв ихээр явуулах болсон билээ. 2025 оны 11 дүгээр сарын 04-нд гэхэд Victory Jewelry, Texas lottery, Азын хүрд, Монгол Азтан Lottery, Түмэнд түгээх сугалаа, Michigan Lottery Connect, Super lottery, Hong Kong Scratch-Off зэрэг пэйжүүд хусдаг сугалааны лайв явуулжээ.
FACTCHECK:
Michigan Lottery Connect нэртэй хусдаг сугалаа явуулдаг пэйжийг шалгая
АНУ-ын Мичиган мужид лото сугалааны үйл ажиллагаа явуулдаг Michigan Lottery компанийн албан ёсны вэбсайтад тус лото сугалаанд 18 нас хүрсэн, зөвхөн АНУ-ын иргэд оролцох боломжтой гэж заажээ. Үүнээс гадна Michigan Lottery компани 1972 оноос хойш ашгийнхаа тодорхой хувийг Мичиган мужийн дунд сургуулиудад 30 орчим тэрбум ам.доллар хандивласныг албан ёсны вэбсайтад дурджээ. Эндээс дүгнэвэл доорх “Michigan Lottery Connect” гэх нэртэй хусдаг сугалаа явуулдаг пэйжийн танилцуулга хэсэгтээ оруулсан “17 улсад хүлээн зөвшөөрөгдсөн“, “АНУ-ын Мичиган мужаас санхүүжилт авдаг” гэж дурдсан нь худал болохыг нотолж байна. Үүнээс гадна цөөн дагагчтай, зөвхөн гаднын компанийн лого, хаяг, утасны дугаарыг ашигласан байгааг доорх зургаас үзээрэй.


Хусдаг сугалаа явуулдаг пэйжүүдийн түгээмэл шинж чанарууд
Дээр дурдагдсан хусдаг сугалаа явуулдаг пэйжүүдийн түгээмэл шинж чанаруудыг үзвэл:
- Нээгдээд удаагүй
- Цөөн дагагчтай
- Бусдын зураг, бичлэг ашигласан
- Гаднын улсаас удирддаг
- Гаднын компанийн лого, хаяг, утасны дугаарыг ашигласан
Цагдаагийн Ерөнхий Газраас гаргасан сэрэмжлүүлгүүд
2025 оны 09 дүгээр сарын 09-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-өөс эдгээр хусдаг сугалааны лайвыг “Хусах биш хулхидах сугалаа” хэмээн сэрэмжлүүлжээ.
2025 оны 10 дугаар сарын 29-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Facebook лайваар явж буй сугалаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж “Цахим залилах гэмт хэрэгт өртсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102, 51265666 дугаарын утсанд цаг алдалгүй хандаарай” хэмээн зөвлөжээ.
2025 оны 11 дүгээр сарын 03-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс “Хусдаг сугалаанд оролцсон хүн эд хөрөнгөөрөө хохирч байна” гэсэн сэрэмжлүүлэг гаргажээ.

Мөн “Цагдаагийн байгууллагаас сүүлийн 1 сарын хугацаанд цахим орчинд хуурамч хонжворт сугалаа, шууд лайв явуулж байгаа 322 линк хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэн ажиллаж байна” гэж мэдээлжээ.

Дүгнээд хэлбэл, тодорхой хаяг, холбогдох дугаараа оруулаагүй, Монгол Улсад сугалаа явуулах албан ёсны эрхгүй зэрэг нь залилангийн шинж чанартай болохыг харуулж байна.
Хэрэв та цахим орчинд ийм хусдаг сугалаа явуулж буй лайвтай тааралдвал мөнгө шилжүүлж азаа үзэхгүй байх, реакц, сэтгэгдэл бичиж, түгээхгүй байх, тус лайвыг репортолж байхыг зөвлөж байна.





