Цахим орчинд “Мьянмар улсын магок үнэт чулууны уурхайгаас албан ёсны эрхтэй шууд олборлолт хийж байна” гэх залилангийн шинжтэй лайв бичлэгийг олон хаягаас Facebook-т төлбөр төлж түгээж байна.
Лайв хийж буй хаягууд нь The Gemstone Gallery, Lucky star shines high, The Crystal Compass, Сайхан азын төлбөр зэрэг нэртэй, нүүр зураг нь ихэвчлэн улаан өнгийн үнэт чулууны зурагтай байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Мьянмарын хууль тогтоомжийн дагуу гадаад иргэд үнэт чулууны малтлага, олборлолт хийх нь хориотой байдаг
Могок хот нь дэлхийд нэрд гарсан рубин, индранил, спинель, перидот, сарны чулуу зэрэг үнэт чулууны гол орд бүс юм. Тус хөндийд ойролцоогоор 1,000 орчим уурхай болон малтлагын цэг идэвхтэй ажиллаж байгаа аж. Гэвч Мьянмарын үнэт чулууны тухай хуулийн дагуу үнэт чулуу олборлох эрх нь хязгаартай бөгөөд зөвхөн:
- Myanmar Companies Act (1914)-ийн дагуу бүртгэгдсэн Мьянмарын компанид, эсвэл
- Special Company Act (1950)-ийн дагуу Мьянмарын иргэдийн бүрэн өмчлөлтэй компанид олгогдох боломжтой гэж заасан байна.


Үнэт чулууны олборлолт, боловсруулалт, борлуулалт хийхийн тулд засгийн газраас тусгай лиценз авч ажиллах ёстой бөгөөд тус лицензийг дамжуулах, түрээслэх, шилжүүлэхийг хуулиар хориглодог байна. Мөн олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа нь Уул уурхайн яамны хяналтад байх бөгөөд лиценз эзэмшигч нь тогтмол тайлан гаргаж, холбогдох татвар, төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг.
Цагдаагийн байгууллагаас дээрх чулууны сугалааг залилан хэмээн мэдээлсэн
Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 09 дүгээр сарын 11-нд “Ногоон хаш чулууны азтан тодруулах бичлэг бүгд залилан“, 10 дугаар сарын 14-нд “Мьянмар Улсын үнэт чулууны уурхайн чулуу гэх нэртэй лайв, бичлэгүүд бүгд залилан” хэмээн иргэдэд мэдээлж байсан.
Тухайлбал, “Ногоон хаш чулууны сугалаа гэх нэртэй залилангийн шинж чанартай бичлэгүүд маш их түгж, иргэдийг хохироосон үйлдлүүд гарсан. Тухай бүрд нь цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж, тус бичлэг цахим орчинд илт багассан. Үүний дараа аргаа өөрчилж, Мьянмар Улсын үнэт чулууны уурхайгаас индранил, бадмаараг зэрэг үнэт чулуунуудыг шигшсэн шорооноос ялган авч, азтан болгоно гэх бичлэг сүүлийн үед маш их явж, иргэдийг хохироож байна” хэмээн мэдээлжээ.


- Цагдаагийн байгууллагаас, цахим орчинд тархаж буй бичлэгт үзүүлж буй “үнэт чулуу” нь үнэн хэрэгтээ ямар ч уурхайн гаралтай чулуу биш, зүгээр л энгийн хайрга. Эдгээр хайргыг угааж, дотор нь урьдчилан байршуулсан хуурамч чулууг гаргаж ирж байгаа мэт дүр үзүүлэн иргэдийг төөрөгдүүлж, залилж байгааг анхааруулж байна.
Мөн бичлэгт “азтан” болсон гэх хүмүүсийн мөнгө шилжүүлсэн баримтыг харуулдаг ч, тухайн гүйлгээний зураг нь фотошопоор зассан хуурамч зураг болохыг тайлбарлажээ. Түүнчлэн, хоёр улсын хооронд зүгээр энгийн иргэн очиж гэрээ хийгээд, иргэдэд үнэт чулуу зарах боломжгүйг онцолж, иргэдийг энэ төрлийн лайвтай тааралдах юм бол дарж орохгүй байхыг анхааруулсан юм.
Та яах ёстой вэ?
Энэ төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа боловч хохирсон иргэдийн тоо буурахгүй байгаа тул иргэдийг дээрх лайвуудтай тааралдсан тохиолдолд шууд репорт хийж, өөрийгөө болон ойр дотнын хүнээ хамгаалахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.
Мөн та цахим орчинд ийм төрлийн залилангийн шинжтэй лайвтай тааралдсан тохиолдолд огт дарж орохгүй байх, сэтгэгдэл бичихгүй байх, хуваалцахгүй байх нь зүйтэй. Ийм үйлдлүүд нь тухайн залилангийн шинжтэй контентыг улам түгээх, бусад иргэдийг хохирох эрсдэлийг бууруулах юм.




