Search

Төрсний дараах өөрчлөлтийн тухай хуурамч түүхээр баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1653

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үтрээнд хийж тураадаг гэх бүтээгдэхүүн сурталчилж, турсан түүхээ хуваалцжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнамаас олон админ удирддаг пэйжээр хуурамч түүх зохион, бусдын зургийг ашиглан хуурамч бүтээгдэхүүн сурталчилж байна. Иймд аливаа бүтээгдэхүүн сурталчлан борлуулж буй хаягийг шалгаж хэвшээрэй.

2025 оны 10 дугаар сарын 13-нд O.Erdenedulam (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас тураах бүтээгдэхүүнээр жин хассан богино хэмжээний түүх хуваалцахдаа өмнө ба дараа гэх зураг хавсаргажээ. Тус постыг нийт 2,300 гаруй реакц, 384 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,000 гаруй удаа цааш түгээжээ. Уг мэдээлэлд тухайн хэрэглэгч Slimming&Detox бүтээгдэхүүнийг “энэ бүтээгдэхүүн нь биеийн илүүдэл өөхийг бууруулж, хор гадагшлуулж, мөн дотоод шүүрлийг тэнцвэржүүлснээр эмэгтэй хүний арьсны уян хатан чанар, өнгө болон чийгшлийг сэргээдэг” хэмээн сурталчилжээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан үтрээнд хийж тураах капсул бүтээгдэхүүнийг бид өмнө нь  шалгаж худал хэмээн тайлагнаж байсан. Тураах үтрээний капсулын тухай судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй ба Энэтхэгийн THIP баримт шалгах төвөөс уг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн үтрээндээ хийж хэрэглэдэг тураах бүтээгдэхүүний тухай шалгаж худал болохыг мэдээлсэн.

Хаяг шалгах

Аливаа бүтээгдэхүүн сурталчилж, худалдаалж буй хаягийг заавал шалгаж хэвшээрэй.

O.Erdenedulam нь хувь хүний хаяг бус нээлттэй пэйж байна. Тус хуудасны ил тод байдлыг харвал 2025 оны 05 дугаар сарын 25-нд нээгдсэн ба Вьетнамаас 8 админ удирдаж байна. Мөн хуудаст өөр өөр хүний зургийг оруулжээ. Пэйжийн ангиллыг “шүдний эмч” гэж сонгосон ч танилцуулга, тодорхой мэдээлэл огт бөглөөгүй байна. Хэдий монгол хүний нэрээр пэйжээ нэрлэсэн ч нээлттэй ил тод мэдээлэлд гадаадаас 8 админ удирдах нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.

Зургаар хайх

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens  хайлтын системээр хайхад 2018 оны 02 дугаар сарын 27-нд Вьетнам сайтад нийтлэгдсэн илэрц гарч ирлээ. Тодруулбал, afamily.vn сайтад Ву Диеу Туй (Vu Dieu Thuy) гэх вьетнам эмэгтэйн төрсний дараа хэрхэн турсан туршлагыг хуваалцсан нийтлэлд шалгасан зургийг оруулжээ. Гэвч тус мэдээлэлд ямар нэг бүтээгдэхүүн огт дурдаагүй бөгөөд дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, ус уух, галбиржуулагч өмсөх гэх мэт аргаар турсан тухайгаа хуваалцсан байна.

Шалгасан зургийг эх хувилбарыг Vu Dieu Thuy гэх 750 мянга гаруй дагагчтай Facebook хуудаст 2018 оны 02 дугаар сарын 12-нд төрсний дараах сэтгэгдлээ хуваалцан постолжээ.

Үүнээс харахад O.Erdenedulam хаягаас 7 жилийн өмнө нийтлэгдэж байсан вьетнам эмэгтэйн зургийг ашиглаж, өөрийн зураг мэт түүх зохион нийтэлсэн байна.

Үргэлжлүүлэн хавсаргасан линкийг шалгахад хуурамч сайтын шинж тэмдэгтэй байна. Тодруулбал, тус сайтын домэйн нэр, өргөтгөл албан ёсны бус, сайтын мэдээлэл, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй байна. Мөн “200 эмэгтэйг хамруулсан эмнэл зүйн туршил хийсэн” гэж мэдээлсэн боловч олон нийтэд нээлттэй PubMedGoogle ScholarResearchGate зэрэг судалгааны сангаас хайхад үтрээний тураах капсулын тухай судалгаа огт байхгүй байна. Уг хуурамч сайтад “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн, доктор Сара Вилсон” гэх хүний үгийг зурагтай нь хамт оруулжээ. Тус зургийг Google Lens хайлтын системээр хайхад Луизиана мужийн Лейк Чарльз хотын эх барих эмэгтэйчүүдийн эмч Доктор Кили Линкольн гэх хүний мэдээлэл гарч ирлээ.

Дүгнэлт

Вьетнамаас олон админ удирддаг пэйжээр хуурамч түүх зохион бусдын зургийг ашиглаж, хуурамч бүтээгдэхүүн сурталчилж байна. Иймд аливаа бүтээгдэхүүн сурталчлан борлуулж буй хаягийг шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document