Search

“Украины армид хүчээр татагдсан залуу” гэх бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1652

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Украины армид хүчээр татагдсан залуус фронт руу явж үхмээргүй бн, Би 23 настай гэнэ!” гэх тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг жинхэнэ мэт тайлбартай түгээж төөрөгдүүлжээ.

2025 11 дүгээр сарын 04-нд Solar Qn хаягаас “ОХУ-ыг дэмжигчид  //Новороссия андууд// ТББ” группд Украйн цэрэг уйлж буй бичлэгийг “Украины армид хүчээр татагдсан залуус фронт руу явж үхмээргүй бн, Би 23 настай гэнэ!” гэх тайлбартайгаар нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 2,200 гаруй реакц, 437 сэтгэгдлээр идэвхжүүлж, 336 удаа цааш түгээжээ.

 Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Х (хуучнаар Twitter), Instagram, tiktok зэрэг платформд ижил агуулгатай олон түгжээ. 2025 оны 11 дүгээр сарын 03-нд @Splendid_Pete гэх X хаягт шалгасан бичлэгийг хиймэл оюун ухаан болохыг тайлбарлажээ. Тодруулбал, Оросын видео контент бүтээгч Иванов Владимир Юрьевичийн (@Kussia88 нэрээр видео контент нийтэлдэг) нүүр царайг ашиглан хиймэл оюунаар бүтээсэн бичлэг хэмээн тайлбарлажээ. Бичлэгийг анх @fantomoko TikTok хаягт оруулсан боловч уг хэрэглэгч хаягаа идэвхгүй болгожээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Италийн Open.online баримт шалгах төв  бичлэгийг шалгаж хиймэл оюунаар бүтээсэн хэмээн тайлагнажээ. Бичлэгийг анх нийтэлсэн хаяг устсан тул Open.onlline баримт шалгах төвийн баримт шалгалтад архивласан зургийг доор харуулж байна.

Зургийн эх сурвалж: Open.online баримт шалгах төв

@fantomoko хаягаас Украины далбаатай цэргийн хувцас өмссөн хүмүүсийн уйлж буй мэт ижил төрлийн олон бичлэг нийтэлжээ. Зарим бичлэгт Sora хиймэл оюун ухааны лого байгааг харж болох юм.

Мөн дээрх зургуудаас тодруулж харвал хэд хэдэн бичлэгт нэг хүн хоёр өөр далбаатай цэргийн хувцас өмссөн бичлэг байгааг харж болох юм.

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг жинхэнэ мэт тайлбартай түгээж төөрөгдүүлжээ. Хэдий Open AI компани Sora2, Google компани Veo3 зэрэг хиймэл оюуны моделиор бүтээсэн богино хэмжээний бичлэгүүдэд таних тэмдэг ил байршуулдаг ч тэдгээрийг хормын дотор арилгах сайт, аппликэйшнүүд мөн нэмэгдэж байна. Тиймээс зарим бодит мэт бичлэг хиймэл оюунаар бүтээсэн байж болох тул баталгаатай эх сурвалжаас мэдээлэл аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document