2025 оны 11 дүгээр сарын 03-нд Энди Дюфрэйн (архивласан хувилбар) хаягаас “Жеймс Вебб (э.х) Сансрын Телескопын авсан зургууд дундаас Ангараг гарагийн гадаргуу дээр асар их хурдаар хөдөлж буй үл танигдах амьтны дүрс болохыг илрүүлжээ. НАСА-гийн мэргэжилтнүүд болон бие даасан одон орон судлаачдын хамтарсан дүн шинжилгээгээр тэдгээр зургууд дундаас нарны системийн хамгийн том хавцлуудын нэг болох Валлес Маринерисийн бүс нутагт хадны тогтоцтой ойролцоо хачирхалтай, үл танигдах амьтны дүрсийг дарж авсан болой. Хоёр метрийн урттай уг амьтан улаан гариг дээр амьдардаг байж магадгүй талаар тэд нэг нэгдсэн ойлголтод хүрчээ..” гэх мэдээллийг үл мэдэгдэх амьтны зурагтай хамт нийтэлжээ. Тус постыг нийт 300 реакц, 68 сэтгэгдлээр идэвхжүүлж, 21 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад интернэтэд 10 гаруй жилийн өмнө нийтлэгдсэн илэрцүүд гарч ирлээ. Тодруулбал, igmur сайтад 2014 онд нийтлэгдсэн ба зургийн зүүн доод буланд уран бүтээлчийн нэр бүтээл туурвисан огноог оруулжээ. Тус зургийг 2012 онд Кен Бартелмей бүтээж байсан. 2017 онд Кен Бартелмей X хаягтаа “Хувийн төсөлд зориулсан бүтээлийн дизайн” гэх тайлбартай тус зургийг дахин нийтэлж байжээ. Мөн сайтдаа шалгасан зургийн эх хувилбарыг “Гүйж буй араатан. Энэ амьтан бол өөрийн ертөнцдөө хамгийн хурдан махчин амьтдын нэг. Үчимбэрээс (Cheetah) санаа авсан” гэх тайлбартай оруулжээ.

Кен Бартелмей нь Warner Bros, Walt Disney, Netflix, Marvel зэрэг компаниудтай хамтран ажилладаг зураач, концепц дизайнер бөгөөд амьтан, дүрийн дизайны чиглэлээр мэргэшсэн чөлөөт уран бүтээлч юм.
2012 онд бүтээсэн амьтны дүрийн зургийг ашиглан “ангараг гараг дээр үл таних амьтан илрүүлсэн” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.




