2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Khukhuu Khukhuu (архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “Ураны хор хөнөөлөөс үүдэлтэй…төрсөн ургын гажигууд…, Дорноговийн Улаанбадрах суманд ийм гажигтай хүүхэд төрөөд эхэлчихсэн байгаа !!!” гэсэн тайлбартай пост хуваалцжээ. Түүний хуваалцсан постын хандалтыг харвал 33 реакц, 8 сэтгэгдэл, 54 удаа цааш түгээгджээ. Харин үндсэн пост нь хоёрдугаар сарын 19-нд Дариймаа Цэрэндаш хаягаас оруулсан ба 81 реакц, 7 сэтгэгдэл авч, 415 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Өмнө нь манай байгууллага “уранаас болж ургийн гажигтай төрсөн хүүхэд” гэж цахим орчинд түгээсэн гэх хэд хэдэн төөрөгдүүлсэн мэдээлэлд баримт шалгалт (энд, энд бас энд) хийж байсан.
Эхийн хэвлийд бойжиж буй ургийн зарим эд эрхтэн үүсэн бий болох явцад ямар нэг таагүй хүчин зүйл нөлөөлж, хэвийн хөгжих боломжгүй болсоноос үүсэх эмгэг байдлыг төрөлхийн гаж хөгжил гэдэг. 4000 гаруй төрөлхийн гаж хөгжил байдаг бөгөөд эмчилгээ шаардлагагүй хөнгөн зэргээс эхлээд хөгжлийн бэрхшээлд хүргэж, эмийн болон мэс заслын эмчилгээ шаардагддаг хүнд зэргийн төрөлхийн гаж хөгжлүүд бий. Энэ ялгааг тодруулахгүйгээр уран аюултай гэх хирдхийлгэм зураг, бичлэг түгээж байгаа нь олон нийтийг айдаст автуулж, бодит мэдээллийг хүлээж авах боломжгүйгээр төөрөгдүүлж байна.
Зураг 1: Жирэмсний явцад үүсдэг механик гэмтэлтэй холбоотой эмгэгийг ураны хор хөнөөлөөс үүдэлтэй ургийн гажиг гэж худал мэдээлэл түгээсэн байна
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google lens хайлтын системд хайхад анх
amyandelijahsjourney гэх нэртэй TikTok хаягаас 2021 оны 04 дүгээр сарын 26-нд бичлэг хэлбэрээр нийтэлжээ. Бичлэг дээрх хүүхдийг Элайжа гэдэг бөгөөд “амниотик туузны хам шинжтэй төрсөн. Мөн түүний тархи хэвийн бөгөөд тэр бол жирийн хүүхэд” хэмээн тайлбарласан байна.

Амниотик туузны хам шинж нь жирэмсний үед эхэсийн дотор давхарга болох амнион гэмтсэн тохиолдолд үүсч болдог. Энэ нь амнионы дотор нимгэн эдийн тууз үүсч, эдгээр утаслаг туузнууд бүрэлдэж буй урагтай орооцолдож, цусны урсгалыг хязгаарласнаар зарим эрхтний өсөлт хөгжилд нөлөөлдөг хэмээн АНУ-ын Johns Hopkins Medicine-ийн сайтад мэдээлжээ.
Зураг 2: Нүүр орчмын хорт хавдартай хүүхдийн зураг ашиглажээ
Шалгасан мэдээлэлд хавсаргасан дараагийн зургийг Google lens хайлтын системд хайхад анх nakato violet_ministries гэх нэртэй инстаграм хаягаас 2024 оны 12 дугаар сарын 04-нд бичлэг хэлбэрээр нийтэлжээ. Бичлэгийн тайлбарт, “Түүний төрсөн өдрөөс хэдхэн сарын дараа Facial tumor cancer буюу нүүрэнд нь хавдар үүсч эхэлсэн, түүнд хандив өгөх линкийг био хэсгээс үзнэ үү” гэжээ.

Тус инстаграм хаягийг хөтөлдөг Сэйвиор Кларк гэх хүн Уганда улсын хорт хавдартай, өнчин, тусламж хэрэгтэй хүмүүст хандив цуглуулж, тэдэнд хоол, хувцас гэх мэт өдөр тутмын хэрэгцээний дэмжлэг үзүүлдэг байна.
Хандивын холбоос дахь GoFundMe.com бол дэлхийд дахинд хандив цуглуулах платформ бөгөөд хувь хүн, гэр бүл, байгууллагууд хэрэгцээндээ зориулан хандив босгох боломжтой юм.
Тэгвэл Facial tumor cancer буюу нүүр орчмын хорт хавдар нь ихэнх тохиолдолд ургийн гажигтай холбоогүй бөгөөд амьдралын явцад үүсдэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг байна.
Тухайлбал, тамхи болон архины хэрэглээ нь ам, хэл, уруул, залгиур гэх мэт нүүр орчмын эдийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн хүний папиллома вирусийн (HPV) халдвараас шалтгаалсан залгиурын болон хоолойн хорт хавдрын үед энэ эмгэг илэрдэг байна.
Түүнчлэн Уганда улсад ураны олборлолт явуулдаггүй, хайгуулын шатандаа явж байгаа тул ураны цацрагаас үүдэлтэй хавдрын эрсдэл маш бага гэж үздэг.
Дорноговь аймагт 2016-2025 оны хооронд төрөлхийн гажигтай төрсөн хүүхдийн тоо 65 байна
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад ураны хайгуул хийж буй Дорноговь аймагт 2016-2025 оны хооронд нийт 8,667 (2025 оны 1 дүгээр сарын байдлаарх тоо) төрөлт бүртгэгдсэнээс төрөлхийн гажигтай төрсөн хүүхдийн тоо нийт 65 байна. Бусад аймгийн хувьд ч ойролцоо гарсан байна. Эдгээр хүүхдийн төрөлхийн ургийн гажигийн шалтгааныг уранаас болсон гэж дүгнэсэн баримт одоогоор байхгүй.

Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа одоогоор явагдаж эхлээгүй байгаа
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны гурван орд бий. Тухайлбал Дулаан-Уул(18916), Зөөвч-Овоо(18915) ,Өмнөт (18914) гэсэн гурван газарт “Бадрах энержи” ХХК нь ашиглалтын лиценз эзэмшиж байна.
- Энэ талаар “Бадрах Энержи” ХХК-ийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Өнөөдөр ураны олборлолтын үйл ажиллагаа хийгдээгүй байгаа, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн олборлолтыг бүтээн байгуулалтын үе шатыг хийсний дараа эхлүүлнэ. Гэрээ ёсоор бэлтгэл үе шат 4 жил үргэлжлэх бол үндсэн олборлолт үүний дараа эхлэх ёстой” гэж бидэнд мэдээлсэн юм.
2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
Уг гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд
- “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.
- (i) Бүтээн байгуулалтын үе шат;
- (ii) Уурхайн ашиглалтын үе шат;
- (iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.
- b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.
Дүгнэхэд, шалгасан мэдээлэлд ашигласан зургууд уранаас болсон гэх баримт байхгүй, өөр төрлийн эмгэгийн үеийнх байна. Мөн Дорноговь аймагт уран ашиглахаар Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан даруйдаа уран олборлож, экспортолж эхлэхгүй, бэлтгэл үе шатыг дөрвөн жилийн хугацаанд хийх юм. Үүний дараа ашиглалтын үе шат эхэлнэ.




