2025 оны аравдугаар сарын 24-нд HongThai Mongolia нэртэй хуудаснаас “3 секундэд тархийг сэргээж, биеийг тайвшруулах, байгалийн гаралтай гавар” гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлжээ. Мөн “хамрын битүүрлийг нэн даруй онгойлгож, тархины цусан хангамжийг идэвхжүүлнэ” гэсэн байна. Уг бичлэг 36 реакц авч, 27 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу зургаар хайх аргыг ашиглалаа.

Тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Google Lens хэрэглүүр ашиглан хайхад ургамлын гаралтай, өвөрмөц үнэрт гавар гэж тодорхойлсон бүтээгдэхүүн илэрлээ. Гэвч Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас тухайн бүтээгдэхүүнийг аюулгүй байдлыг стандартыг бүрэн хангаагүй гэдгийг анхааруулжээ.
Энэ талаар Bangkok Post мэдээллийн сайтад “Хүнс, Эмийн Захиргаанаас “Hong Thai Formula 2” нэр, 309/62 дугаартай ургамлын гаралтай бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийхэд нянгийн бохирдол илэрсэн. Иймд үйлдвэрлэгч компанид шаардлага хүргүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ болгоомжтой хандахыг олон нийтэд анхааруулсан байна” гэж мэдээлжээ.

Уг бүтээгдэхүүний дээжийг Эмнэлгийн шинжлэх ухааны газрын лабораторид шинжилсэн байна. Шинжилгээний үр дүнд эл бүтээгдэхүүн нь микробиологийн аюулгүй байдлын стандарт хангаагүй нь тогтоогдож, нян, мөөгөнцөр, хөгц төрлийн бохирдол илэрчээ.

Уг зөрчил нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанарын стандартыг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа аж. Иймээс Хүнс, эмийн захиргаанаас уг бүтээгдэхүүнийг стандартын бус бүтээгдэхүүн гэх ангилалд багтаажээ.
Харин тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Thai Herbal Hong Thai компанийн зүгээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж, аюулгүй байдлын хяналтаа чангатгах талаар мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдлийг дэлгэрүүлбэл “Thai Herbal Hong Thai нь Хүнс, эмийн захиргаанаас гаргасан албан мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, хариу арга хэмжээ авах болно. Стандарт бус бүтээгдэхүүнд 2024 оны 12-р сарын 9-нд үйлдвэрлэгдэж, 2027 оны 12-р сарын 8-нд хугацаа нь дуусах 200,000 ширхэг гавар хамрагдаж байна. Бид тухайн багц бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татаж, устгах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хэрэв манай түнш, хэрэглэгчид дээрх багцын бүтээгдэхүүнийг хадгалж байгаа бол компанийн зүгээс буцаан авч, төлбөрийг бүрэн нөхөн олгохын зэрэгцээ шинэ багцын бүтээгдэхүүнээр үнэ төлбөргүй сольж өгөхөд бэлэн байна” гэж мэдээлжээ.

Thai Herbal Hong Thai компанийн албан ёсны пэйждээ гаргасан мэдэгдэл.
- Иймээс уг бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө хугацаа, үйлдвэрлэлийн кодыг анхаарч, хянуур байх нь зүйтэй. Учир нь бидний шалгасан мэдээллийг түгээсэн хуудаснаас Hong Thai Formula 2 (309/62) дугаартай бүтээгдэхүүний зураг, бичлэгийг нийтэлж буй юм.
Дүгнээд хэлэхэд, Тайландаас ирсэн “Hong Thai Formula 2” гэх бүтээгдэхүүний зарим багц хэсгээс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нян, мөөгөнцрийн төрөл илэрсэн тул тус улсын Хүнс, эмийн захиргаанаас стандарт бус бүтээгдэхүүний ангилалд оруулсан байна.




