Search

“Товлолт вакцинжуулалт гэх шинжлэх ухааны ойлголт байхгүй” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1647

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Товлолт вакцинжуулалт” гэж шинжлэх ухааны ойлголт байхгүй гэж намайг хэлэхээр хэн ч тоодоггүй л юм?!.. АНУ-ын эрүүл мэндийн сайд нь тэгэж хэлсэнг хүмүүс сайн ойлгоцгоожээ…” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Товлолт вакцинжуулалт” нь Монгол Улсад төдийгүй олон улсын эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор хэрэглэгддэг, шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт юм. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг баталсан байдаг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “Хүүхэд, өсвөр насныхны товлолт дархлаажуулалт” нэршлээр албан ёсны зөвлөмж боловсруулдаг.

2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ulziitogtokh Tsedev (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Товлолт вакцинжуулалт” гэж шинжлэх ухааны ойлголт байхгүй гэж намайг хэлэхээр хэн ч тоодоггүй л юм?!.. АНУ-ын эрүүл мэндийн сайд нь тэгэж хэлсэнг хүмүүс сайн ойлгоцгоожээ…” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 167 реакц, 6 сэтгэгдэл авч, 110 удаа цааш түгээгджээ.

“Товлолт вакцинжуулалт” гэдэг нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд албан ёсоор хэрэглэгддэг ойлголт

“Товлолт дархлаажуулалт”-ыг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд ч хэрэглэдэг, шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт юм. Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) нь “Child and Adolescent Immunization Schedule” буюу “Хүүхэд, өсвөр насныхны товлолт дархлаажуулалт” гэж заавал хийх вакцинжуулалтын хуваарийг боловсруулдаг. Монгол Улсад ч мөн адил судалгаанд үндэслэн, хуульчилж баталсан байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудаст “Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг “улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ” гэж тодорхойлжээ. Тухайлбал, манай улсад заавал хийх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүй хийдэг ба 10 гаруй өвчнөөс сэргийлэх 9 төрлийн вакцин хийдэг. Үүнд:

  • Сүрьеэ
  • Халдварт саа
  • Гепатит В
  • УГУ вакцин (Улаанбурхан + Гахай хавдар + Улаанууд)
  • ТАВТ вакцин (Хөхүүл ханиад + Хемопелиус инфлюенза В + Гепатит В + Сахуу + Татран)
  • Пневмококк
  • Гепатит А
  • Сахуу + Татран
  • Хүний папиллома вирусийн халдвараар үүсгэгддэг бүх төрлийн хорт хавдраас сэргийлэх зорилгоор тус тус хийдэг байна.

МУ-ын “Дархлаажуулалтын тухай хууль”-д товлолт вакцинууд болон заавал хийх дархжаалуулалттай холбоотой заалтуудаас онцолбол:  

  • 3.1.2. “заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг; 
  • 3 дугаар зүйлийн 3.1.11. “үндэсний товлол” гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг ойлгоно. 
  • 10 дугаар зүйлийн 10.1. Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно. 
  • 8.1. Дархлаажуулалтын ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулна. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолын хавсралтад “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг тусгажээ. Уг товлолыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим хуудаснаас харах боломжтой.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол, Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим хуудас

АНУ-ын Эрүүл мэндийн сайд “Товлолт вакцинжуулалт” гэж шинжлэх ухааны ойлголт байхгүй” гэж хэлээгүй

АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди өмнө нь вакцин ба аутизмын талаар нотолгоонд суурилаагүй мэдэгдэл хийснээр эрүүл мэндийн шинжээчид болон баримт шалгах байгууллагуудын анхаарал, шүүмжлэлд өртөж байсан.

Тухайлбал, Роберт Ф. Кеннеди вакцин нь аутизм үүсгэдэг гэх олон дахин няцаагдсан мэдээллийг түгээж байсан ба түүний  вакцинжуулалтын эсрэг байр суурь нь эрүүл мэндийн экспертүүдийн анхааралд өртөж байсан юм. Мөн “Кеннеди нэгэн ярилцлагадаа “Вакцин бол тусгай зөвшөөрөл олгохоос өмнө аюулгүй байдлын шинжилгээнд хамруулдаггүй цорын ганц эмнэлгийн бүтээгдэхүүн” гэж хэлсэн. Энэ нь хуурамч мэдээлэл бөгөөд бүх вакциныг аюулгүй байдлын шинжилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллага зөвшөөрөл олгодог байна.

Үүнээс гадна 09 дүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Кеннеди нар аутизмын асуудлаар мэдэгдэл хийж, аутизмыг вакцин болон жирэмсэн үед өргөн хэрэглэгддэг өвчин намдаагч тайленолын хэрэглээтэй холбон тайлбарласан. Харин энэхүү мэдэгдэлд анагаахын салбарын мэргэжилтнүүд болон судлаачид эрс шүүмжлэлтэй хандсан бөгөөд Reuters агентлаг, Factcheck.org, AP Fact Check зэрэг баримт шалгах байгууллагууд “Трамп ацетаминофен (Тайленол) болон вакциныг аутизмтай холбоотой гэж үзсэн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй” гэх гарчигтай мэдээллүүдийг нийтэлсэн байна.

Мөн “2025 оны 09 дүгээр сард АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннедигийн томилсон вакцины зөвлөх хороо 4 хүртэлх насны хүүхдэд MMRV хосолсон вакциныг зөвлөхгүй гэж санал өгч, MMR болон салхин цэцгийн вакциныг тус тусад нь хийхээр заасан” талаарх баримт шалгалтыг уншаарай.

Дүгнэхэд, “Товлолт вакцинжуулалт” нь Монгол Улсад төдийгүй олон улсын эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор хэрэглэгддэг, шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт юм. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг шинэчлэн баталсан. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “Хүүхэд, өсвөр насныхны товлолт дархлаажуулалт” нэршлээр албан ёсны зөвлөмж боловсруулдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document