Search

АНУ-ын түүхч М.Робаси “Хятадын эрлийзүүд Монголд 1990 оны хувьсгалыг хийсэн” гэж хэлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1646

Засварласан: 2025-10-30
Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хятадын эрлийзүүд Монголд 1990 оны хувьсгалыг хийсэн гэдгийг АНУ-ын түүхч эрдэмтэн М. Россаби хэлсэн” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Др. Моррис Россаби нь Хятад болон Төв, Дундад Азийн судлаач бөгөөд Монголын талаар олон судалгаа хийж, ном хэвлүүлсэн. Гэвч тэр аль ч судалгааныхаа бүтээлд “Хятадын эрлийзүүд Монголд 1990 оны хувьсгалыг хийсэн” гэх агуулгыг дурдаагүй байна. Энэ нь олонд танигдсан хүний нэр, зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээсний илрэл юм.

2022 оны аравдугаар сарын 8-нд Энхбат Хон Хэрээдийн нэртэй хаягаас “Америкийн нууц албад Монголд төрж өссөн Хятадын эрлийзүүдийг хүний ертөнцөд хэзээ ч байх жам ёсгүй АРДЧИЛАЛ гэгч хуурамч хар номлолоор зориуд өдөөн турхирч 1990-ээд оны эхээр Монгол үндэстнийг мөхөл сүйрлийн зам руу түлхсэн фашист дэглэмийг эхлүүлж, нэгэн цагт дэлхийг ноёлж явсан Монгол хэмээх аугаа өв соёл зан заншилт төр улс соёлт хүн төрөлхтний түүхээс арчигдахад хүрч, Хятадад уусаж байгаа нь тун харамсалтай. АНУ-ын түүхч, эрдэмтэн М. Россаби” гэсэн тайлбартай “Хятадын эрлийзүүд Монголд 1990 оны хувьсгалыг хийсэн” гэсэн бичвэртэй зургийн хамт постолсон байна. Уг пост 311 гаруй реакц, 8 сэтгэгдэл авч, 1000 гаруй удаа цааш түгээгджээ. 

Энэхүү мэдээллийг гурван жилийн өмнө нийтэлсэн ч дахин идэвхжүүлэн, түгээж эхэлсэн учир баримтаар шалгаж байна. Гэвч түүхч М. Россаби уг мэдээлэлтэй ижил утгатай зүйл хэлж, нийтэлсэн гэх баримт илэрсэнгүй. 

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь тус судлаачийн Калифорнийн Сан Бернардино их сургуулийн түүхийн клубт лекц уншсан үеийнх байна. Уг лекцийг Чингис хаан болон Хубилай хааны үеийн байлдан дагуулал, эдийн засаг, соёлын эерэг нөлөө зэрэг сэдвээр хэлэлцүүлсэн. Ингэхдээ “Хятадын эрлийзүүд Монголд 1990 оны хувьсгалыг хийсэн” гэсэн агуулга огт дурдаагүй байна.

Др. Моррис Россабигийн “Чингис хаан ба Хубилай хаан: Зэрлэг байлдан дагуулагчид уу, дэлхийн харилцаа холбооны зуучлагчид уу?” сэдэвт лекц

М. Россаби нь Хятад болон Төв, Дундад Азийн судлаач мэргэжилтэй Колумбийн их сургуулийн түүхийн ухааны доктор хүн юм. Тэрээр “Монголчууд ба дэлхийн түүх” гэх мэт Монголын түүх, худалдаа, соёлын талаар судалсан олон тооны ном хэвлүүлж байжээ. Түүний “Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд болон капиталистууд руу” хэмээх бүтээлд 1990 оны ардчилсан хувьсгалын талаар дурдаж, коммунист тогтолцоог энхийн замаар халж, эрх мэдэл шилжсэн гэдгийг өгүүлсэн. Үүнээс гадна уг шилжилт нь ажилгүйдэл, ядуурал, орлогын ялгааг нэмэгдүүлэх сөрөг үр дагавар авчирсан гэх дүгнэлтийг ч тэмдэглэсэн байна. Тухайн бүтээлд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн гүнзгий өөрчлөлтийг өргөн хүрээнд шинжилсэн ч “хятад эрлийзүүд хувьсгал эхлүүлсэн” гэх санаа дэвшүүлээгүй аж.

Энэ хүрээнд Google scholar судалгааны хайлтын системээс шалгасан мэдээлэлд буй агуулгыг шүүхэд адил утгатай материал илэрсэнгүйӨөрөөр хэлбэл эл судлаачийн зүгээс “Монголын хувьсгалыг Хятадын эрлийзүүд хийсэн” гэх мэдэгдэл хийж байгаагүй аж.

Харин 1990 оны хувьсгал нь залуучууд, оюутнуудын удирдсан ардчилал, энх тайвны төлөөх хөдөлгөөн юм. Энэ талаар Монголын түүхийн тайлбар толинд “Нийгмийг ардчилахыг шаардсан анхны жагсаал цуглаан 1989 оны 12 дугаар сарын 7-нд Ховд аймагт, 2 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо болсон. Тэд эсэргүүцлийн томоохон жагсаал, цуглаан зохион байгуулан олон намын тогтолцоог үүсгэн бүрдүүлэх, хүний эрхийг дээдлэх, Ардын Их Хурлыг жинхэнэ парламентат ёсны үндсэн дээр зохион байгуулах, сонгуулийн тогтолцоог шинэчлэх зэрэг асуудлыг хурцаар тавьж байв. Үүний үр дүнд 1992 онд улс төрийн тогтолцоог шинэчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хууль баталж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ардчилсан хувьсгал ялалтад хүрч Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжив” хэмээн тайлбарлажээ.

Үүнээс дүгнээд үзэхэд, олонд танигдсан хүний нэр, зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээсэн постыг дахин идэвхжүүлсэн байна. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлж, талцал үүсгэх, суртал ухуулгад автуулах зэрэг сөрөг үр дагавартай. Иймд батлагдаагүй мэдээллийг хуваалцахаасаа өмнө шүүмжлэлтэй хандаж, нягталж байгаарай. 

Ташрамд дурдахад, Моррис Россабигийн Монголын түүхийн талаарх судалгаа үнэлэн 2009 онд Монгол Улсын Их Сургуулийн хүндэт докторын цол хүртэж, 2021 онд НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболдоос Гадаад харилцааны сайдын Жууч бичгийг гардаж байжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document