2025 оны 10 дугаар сарын 26-нд Зангараг.мн нэртэй Facebook пэйж “ЦЕГ: Дансаа APPLE PAY үйлчилгээтэй холбосон бол яаралтай салгахыг анхааруулж байна” гэсэн пост түгээжээ. Тус постыг нэг мянга гаруй реакц, 203 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1400 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийн эх сурвалжийг хайхад 10 дугаар сарын 26-ны ням гарагт MNB сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр гарсан мэдээг бичлэг хэлбэрээр бусад хаягаар түгээсэн нь цахим орчинд үлдсэн байна.
- Уг мэдээнд “Өнөөдөр үүрээр дансаа ApplePay-д холбосон хэрэглэгчид их хэмжээгээр мөнгө алдаж эхэлсэн Голомт, Худалдаа хөгжлийн банкны хэрэглэгчид цагдаад өргөдөл өгч эхэлжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт энэ өдрийн 10:00 цагийн байдлаар ХХБ-ны хэрэглэгч 28 иргэн нийтдээ 200 орчим сая төгрөгийн хохирол учирсан талаар гомдол мэдээллийг бүртгүүлсэн байна. Холбогдсон иргэдээс аль банкны ямар данс руу мөнгө нь шилүүлжиж орсон болохыг тодруулахад хохирогчдын данснаас хаашаа орсон нь мэдэгдэхгүйгээр харилцах дансанд нь байсан үлдэгдэл мөнгөнүүд алдагдсан гэж мэдээлж байна. Алдагдсан гэх мөнгөн дүн нь банкнаас гараагүй, хүсэлтийн шатандаа явж байгаа учраас одоогоор гадаад улс руу гарсан гүйлгээ байхгүй.
- Иргэдийн данснаас ApplePay үйлчилгээ ашиглан мөнгө гарч байгаа үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ХХБ-ны эрх бүхий удирдах албан тушаалтнууд аюулгүй байдлын хэлтсийн ажилтнуудтайгаа холбогдож, иргэдийг банкны харилцах дансаа ApplePay үйлчилгээтэй холбосон тохилдолд тухайн холбоосыг салгах, холбохгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж хариу арга хэмжээ авах талаар ажиллаж байна” гэжээ.
Бид 10 дугаар сарын 28-нд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяраас тодруулахад “ЦЕГ-аас Apple Pay үйлчилгээнээс дансаа салгах талаар зөвлөмж өгөөгүй” гэсэн юм.
10 дугаар сарын 28-нд Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоо, Монголын баримт шалгах төв хамтран зохион байгуулж буй “Дансаа бүү ашиглуул” аяны мэдээлэл хийх үеэр уг асуултын хариуд ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Цагдаагийн байгууллага иргэд харилцагчдад гомдол учирсан талаар хүлээн авч шалгана. Одоогийн байдлаар дүүрэг, орон нутагт 34 иргэнээс гомдол гаргасан. Шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч, Урьдчилан сэргийлэх албаараа дамжуулан мэдээлэл өгье” гэсэн юм.
Мөн Монголын банкны холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Болдбаяр “ХХБ-аас холбогдох арга хэмжээнүүдээ авч, 17 цагийн хугацаанд хохирлуудыг барагдуулсан гэсэн мэдээлэл бидэнд өгсөн” гэсэн юм.
Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан мэдэгдлүүд
2025 оны 10 дугаар сарын 26-ны 12:20 цагт Худалдаа хөгжлийн банкны Facebook пэйжид “ХАРИЛЦАГЧ ТАНД ХҮНДРЭЛ УЧРУУЛСАНД УУЧЛААРАЙ” гэсэн тайлбартай мэдэгдэл гаргажээ.
- Тус мэдэгдэлд “…Харилцагч та ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, ямар нэг цахим худалдааны сайтад картын 16 оронтой дугаараа гараар шивж бүртгүүлсэн байгаа бол яаралтай холболтоо салгана уу…” гэсэн байна.
Мөн пэйжид 17:01 цагт “Харилцагчдаа хамгааллаа” гэсэн гарчигтай постертой мэдээлэл оруулсан байна. “Доорх буцаан олголт нь 2025.10.25-ны өдрийн 23:00 цагаас 2025.10.26-ны өдрийн 16:00 цагийн хооронд олон нийтийг хамарсан, луйврын шинжтэй картын гүйлгээний гомдлуудыг шийдвэрлэсэн болно. Хэрэв харилцагч та гомдлоо бүртгүүлж амжаагүй бол TDB ONLINE болон CARDCENTRE.MN -р хандан яг одоо бүртгүүлээрэй. Бид харилцагчийн гомдлыг ирсэн дарааллын дагуу шалган баталгаажуулж, картын дансанд битүүмжлэгдсэн дүнг буцаан олгосоор байх болно” гэсэн тайлбартай дараах мэдээллийг гаргажээ.

“Энэхүү гэнэтийн эрсдэлт нөхцөл байдал нь ApplePay үйлчилгээтэй хамааралгүй бөгөөд тус үйлчилгээ нь дэлхийн төлбөр тооцооны хамгийн найдвартай, баталгаат үйлчилгээ болохыг дахин мэдээлж байна” гэжээ.
Apple Pay хэрхэн ажилладаг вэ?
Apple Pay нь таны банкны картыг нууцлалтайгаар утсанд байршуулснаар, утсаараа гүйлгээ хийх боломжтой болгодог технологи юм. хэрхэн ажилладгийг энгийнээр тайлбарлавал:
- Apple Pay-д картаа холбох үед таны мэдээллийг кодчлоод, нууцлалтай болгож Apple-ийн сервер лүү илгээдэг.
- Төлбөр төлөх үед таны банк “Device Account Number“-ийг гүйлгээ бүрд зориулсан тусгай нууцлалтай түлхүүрийн хамт кодчлоод Apple руу илгээдэг.
- Таны “Device Account Number”-ийг Apple тайлж унших боломжгүй бөгөөд таны “Secure Element“-д байршина.
- Device Account Number гэдэг нь: Таны картын жинхэнэ дугаарыг орлох нууцлалтай дугаар. Ингэснээр таны картын дугаар илүү нууцлалтай болж, халдлагаас сэргийлэгдэнэ.
- Secure Element гэдэг нь: Маш нууц, эмзэг мэдээлэл хадгалдаг, зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэх зориулалттай таны утсанд байрших чип.

Apple Pay таны картын жинхэнэ дугаарыг сервер дээрээ хэзээ ч хадгалдаггүй, код болгон хувиргадаг тул халдлагад өртөхгүй нууцлалтай
Apple Pay нууцлалын өндөр зэрэглэлтэй ажилладаг бөгөөд хакдуулсан, халдлагад өртсөн түүх өнөөдрийн байдлаар байхгүй. Apple Pay дараах нууцлалтай:
- Passcode болон нүүр/хурууны хээ танилт. Apple Pay ашиглахын тулд заавал passcode юм уу нүүр/хурууны хээ танилт идэвхжүүлэхийг шаарддаг тул танаас өөр хүн таны оролцоо, зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй юм.
- Tokenization. Таны картын жинхэнэ дугаарыг Apple сервер дээрээ хэзээ ч хадгалдаггүйгээс гадна худалдагч, борлуулагч байгууллагуудтай хуваалцдаггүй.
- Encryption буюу кодчлолт. Таны картын мэдээллийг Apple сервер лүү илгээхдээ кодчлоод, зөвхөн таны банкны “түлхүүр”-ээр тайлж уншдаг болгоно.
Apple Pay ашиглахад ямар эрсдлүүд байж болох вэ?
- Цахим залилан. Таны найз, гэр бүлийн хүний нэрийг барьж танаас мөнгө шилжүүлэх, төлбөр төлөхийг шаардах
- Phishing. Цахим залилагч тан руу имэйл, мессеж илгээн хуурамч вэбсайт руу оруулж, Apple ID-аар нэвтрэхийг шаардаж нэвтрэх нэр, нууц үгийг тань олж авна. Apple ID-аа алдсанаар Apple Pay-д холбосон карт эрсдэлд орно.
- Malware, Spyware – Танд мэдэгдэхгүй таны утсанд вирус төрлийн программ суулгаж, хувийн нууцлал бүхий мэдээллийг олж авна.
- Утсаа алдах. Passcode-оо тайлахад хялбар (утасны дугаар, төрсөн өдөр гэх мэт) тохируулсан бол Apple Pay-д холбосон карт эрсдэлд орно.
Дээрх эрсдлүүдээс хэрхэн сэргийлэх вэ?
- Passcode-оо утасны дугаар, төрсөн өдөр, дараалсан тоо гэх мэтээр тохируулахгүй байх
- Нүүр танилт, хурууны хээ танилт идэвхжүүлэх
- Find My iPhone идэвхжүүлэх. Ингэснээр утсаа алдсан тохиолдолд идэвхгүй болгон, түгжих боломжтой
- iOS буюу утасны үйлдлийн системийг тогтмол шинэчилж байх
- Сэжигтэй и-мэйл, мессеж зэргээс ирсэн холбоос дээр дарж орохгүй байх
- Гүйлгээний хуулгаа тогтмол шалгаж байх
- Олон нийтийн, нууцлалгүй Wi-Fi-д холбогдохгүй байх
Дүгнэхэд, ЦЕГ-аас ApplePay-д холбосон дансаа салгахыг зөвлөөгүй бөгөөд ХХБ-ны мэдэгдэлд ApplePay үйлчилгээнээс дансаа салгах биш, ямар нэг цахим худалдааны сайтад картын 16 оронтой дугаараа гараар шивж бүртгүүлсэн бол салгахыг зөвлөсөн. Учир нь ApplePay нь таны картны дугаарыг тэр чигээр нь бус, код болгон нууцлалын өндөр хамгаалалттай серверт хадгалдаг. Өнөөдрийн байдлаар ApplePay-тэй холбоотой нэг ч халдлага, нууцлал алдсан мэдээлэл дэлхийд байхгүй байна.
Иймд та виртуал карт болон биет картаа ашиглан цахим орчинд гүйлгээ хийх бол тухайн борлуулагч байгууллага нь найдвартай эсэхийг сайтар судалж, худалдаа хийж байхыг зөвлөе.




