Search

“Товлолт болон улаанбурханы вакциныг 4 нас хүртэл нь хийхийг хориглосон” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1644

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

 “АНУ-ын ЭМСайд Роберт Кеннеди хүүхдийн товлолт вакцин түүний дотор улаан бурханы вакциныг 4 нас хүртэл нь хийхийг хорилолоо. Үр хөврөл муу үр лагаварыг ултай суурьтай судласан тухайгаа мэдэгдлэ! Манайд эмийн мафиа байгаа гэж Занданшатар УИХ дээр албан ёсоор нээлттэй мэдэгдсээн…одоо тэр мафиа сүлжээгээ задлахгүй бол нялхасаа алдаж мэдэхээр болчлоо!” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2025 оны 09 дүгээр сард АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннедигийн томилсон вакцины зөвлөх хороо 4 хүртэлх насны хүүхдэд MMRV хосолсон вакциныг зөвлөхгүй гэж санал өгч, MMR болон салхин цэцгийн вакциныг тус тусад нь хийхээр заасан.

2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Tserenkhuu Ishtseden (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “АНУ-ын ЭМСайд Роберт Кеннеди хүүхдийн товлолт вакцин түүний дотор улаан бурханы вакциныг 4 нас хүртэл нь хийхийг хориглолоо. Үр хөврөл муу үр дагаварыг ултай суурьтай судласан тухайгаа мэдэгдлээ! Манайд эмийн мафиа байгаа гэж Занданшатар УИХ дээр албан ёсоор нээлттэй мэдэгдсээн…одоо тэр мафиа сүлжээгээ задлахгүй бол нялхасаа алдаж мэдэхээр болчлоо!” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 1,100 мянга гаруй реакц, 74 сэтгэгдэл авч, 1,000 гаруй удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан “Кеннеди хүүхдийн товлолт вакцин түүний дотор улаан бурханы вакциныг 4 нас хүртэл нь хийхийг хориглосон” гэх агуулгаар Yandex хайлтын системээс хайж үзэхэд тус агуулгатай холбоотой илэрцүүд гарч ирсэн.

Ихэнх илэрц устгагдсан байсан бөгөөд News.mail.ru сайтад “Роберт Кеннедигийн удирддаг АНУ-ын Эрүүл мэндийн яам 4 хүртэлх насны хүүхдэд зориулсан MMRV вакцины хэрэглээг зогсоожээ” гэсэн агуулгатай мэдээ нийтэлсэн нь устаагүй хэвээр байв. Гэвч энэхүү мэдээллийг доорх эх сурвалжийн мэдээллээр төөрөгдүүлсэн болохыг тогтоолоо.

CDC-ийн Дархлаажуулалтын Зөвлөх Хорооны гишүүд 2025 оны 09 дүгээр сард болсон хуралдаанаар дараах саналыг хэлэлцжээ

  • Гурван тунт вакцин – улаанбурхан, улаанууд, гахайн хавдар (MMR)
  • Хосолсон вакцин –улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхин цэцэг (MMRV)

2025 оны 09 дүгээр сарын 18-нд Politico сайтад нийтлэгдсэн “Роберт Ф. Кеннедигийн вакцины зөвлөх хороо хүүхдийн вакцин хөтөлбөрт маргаантай өөрчлөлт орууллаа” гэх гарчигтай мэдээнд “АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас дөрөв хүртэлх насны хүүхдэд хосолсон (MMRV) вакциныг зөвлөхгүй байхаар санал өгч, оронд нь гурван тунт (MMR) болон салхин цэцгийн вакциныг тус тусад нь хийхийг зөвлөсөн” талаар онцолжээ.

Politico сайтын мэдээ, Эх сурвалж: Politico
  • Мөн, “Эмч нар хосолсон вакцины өөрчлөлт болон гепатит B-ийн вакциныг хойшлуулах санал нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлаагүй, вакцинд хамрагдалтыг хязгаарлаж, эцэг эхчүүдийн дунд вакцины эсрэг хандлагыг өдөөх эрсдэлтэй. Улмаар АНУ улаанбурхан өвчний дэгдэлтийг дөнгөж даван туулсан энэ үед эрүүл мэндийн салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэж үзэж байгаа тухай дурджээ.
Politico сайтын мэдээ, Эх сурвалж: Politico

Дөрөв хүртэлх насны хүүхдэд гурван тунт вакциныг (MMR) салхин цэцгийн вакцинтай хамт хийхгүй, харин MMR болон салхин цэцгийн вакциныг тус тусад нь хийхийг зөвлөсөн шалтгаан:

Мөн АНУ-ын Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаст 2025 оны 10 дугаар сарын 06-нд Дархлаажуулалтын товлолыг COVID-19-ийн вакциныг сонголтоор хийх, харин бага насны хүүхдэд салхин цэцгийн вакциныг дангаар хийхэд тулгуурлаж баталсан гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ.

Тус мэдээнд, “АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) “Хүүхэд, өсвөр насныхны товлолт дархлаажуулалт“-ын шинэ саналаар 3 хүртэлх насны хүүхдэд тусад нь салхин цэцгийн вакцин хийхийг зөвлөсөн нь CDC-ийн Дархлаажуулалтын аюулгүй байдлын албанаас танилцуулсан судалгаанд үндэслэсэн” гэжээ. 2025 оны 09 дүгээр сарын 18-нд танилцуулсан тус судалгаанд дурдсанаар, “12–23 сартай эрүүл хүүхдэд хосолсон вакцин хийлгэсний дараа 7–10 хоногийн дотор халуурч, таталт өгөх эрсдэл нэмэгддэг. Энэ эрсдэл нь салхин цэцгийн вакциныг дангаар нь хийлгэсэн хүүхэдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байдаг” гэжээ.

“Одоогийн удирдамжийн дагуу MMR буюу гурван тунт вакцины эхний тунг, мөн салхин цэцгийн вакцины эхний тунг 12–15 сартайд тус тусад нь хийх, харин хоёр дахь тунг 4–6 насандаа мөн тус тусад нь хийхээр заасан байна.

“Хүүхэд, өсвөр насныхны товлолт дархлаажуулалт”-ын хүснэгт, Эх сурвалж: АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв

Роберт Ф. Кеннеди өмнө нь вакцин ба аутизмын талаар нотолгоонд суурилаагүй мэдэгдэл хийснээр эрүүл мэндийн шинжээчид болон баримт шалгах байгууллагуудын анхаарал, шүүмжлэлд өртөж байсан

Роберт Ф. Кеннедигийн хувьд өмнө нь вакцины талаар хоорондоо зөрчилдөөнтэй мэдэгдлүүд хийж байсан. Тухайлбал, Роберт Ф. Кеннеди вакцин нь аутизм үүсгэдэг гэх олон дахин няцаагдсан мэдээллийг түгээж байсан ба түүний  вакцинжуулалтын эсрэг байр суурь нь эрүүл мэндийн экспертүүдийн анхааралд өртөж байсан юм. Мөн “Кеннеди нэгэн ярилцлагадаа “Вакцин бол тусгай зөвшөөрөл олгохоос өмнө аюулгүй байдлын шинжилгээнд хамруулдаггүй цорын ганц эмнэлгийн бүтээгдэхүүн” гэж хэлсэн. Энэ нь хуурамч мэдээлэл бөгөөд бүх вакциныг аюулгүй байдлын шинжилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллага зөвшөөрөл олгодог байна.

Үүнээс гадна 09 дүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Кеннеди нар аутизмын асуудлаар мэдэгдэл хийж, аутизмыг вакцин болон жирэмсэн үед өргөн хэрэглэгддэг өвчин намдаагч тайленолын хэрэглээтэй холбон тайлбарласан. Харин энэхүү мэдэгдэлд анагаахын салбарын мэргэжилтнүүд болон судлаачид эрс шүүмжлэлтэй хандсан бөгөөд Reuters агентлаг, Factcheck.org, AP Fact Check зэрэг баримт шалгах байгууллагууд “Трамп ацетаминофен (Тайленол) болон вакциныг аутизмтай холбоотой гэж үзсэн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй” гэх гарчигтай мэдээллүүдийг нийтэлсэн байна.

Дүгнэхэд, 2025 оны 09 дүгээр сард АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннедигийн томилсон вакцины зөвлөх хороо 4 хүртэлх насны хүүхдэд MMRV хосолсон вакциныг зөвлөхгүй гэж санал өгч, MMR болон салхин цэцгийн вакциныг тус тусад нь хийхээр заасан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document