2025 оны 10 дугаар сарны 24-нд Сенсаци.мн хуудаснаас “Доромжилж чадаж байгаам шүү. Дамдинням Сайдаа та клонкуудаар нэг яваад үзвэл баримт нь харагдана даа…” гэх тайлбартай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг “Тийм юм байхгүй дээ. Баримт олоод ир. Тэгээд би үүрд явчихъя…” хэмээн хэлж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 611 реакц, 255 сэтгэгдлээр идэвхжүүлж, 435 удаа цааш түгээсэн байна.
Харин Дээд.мн хуудаст хамгийн анх буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны 16:54 цагт нийтэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн хэсгийг зураг болон агуулгаар нь хайж үзэхэд 2023 онд нийтэлсэн хэд хэдэн бичлэг, зураг илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 04-нд Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Facebook хаягтаа (архивласан хувилбар) сайд Г.Дамдиннямын зургийг ногоон автобусны хэрэгтэй холбоотой тексттэй хамт нийтэлжээ. Тус зургийг харвал шалгасан бичлэгт харагдаж буй сайтуудын лого, болон өмссөн хувцас, арын фон адил байгааг харж болно.

Мөн Dens.mn (архивласан хувилбар) хуудаст ижил зургийг “УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Би ногоон автобустай холбоогүй. Мөнгө, төгрөгийн ямар ч эрх мэдэлгүй ээ. Надтай энэ ногоон автобус холбогдох нэг л баримт байх юм бол би улс төрөөс үүрд яваад өгье өө” гэх тайлбартай оруулжээ.
2023 оны 10 дугаар сарын 04-нд Төр.мн хуудаснаас “Г.Дамдинням: Намайг автобусны хэрэгтэй холбоотой гэх баримт гараад ирвэл улс төрөөс чинь үүрд яваад өгье” гэх тайлбартайгаар сайд Г.Дамдиннямын тодруулга яриа өгч буй нэг минутын урттай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийн 0:56 секундээс шалгасан бичлэгт хэлж буй яриаг харж болох юм.
Дээд.мн 2023 оны 10 дугаар сарын 23-нд тус бичлэгийг нийтэлж байсан бол үүнийг дахин сэргээж 2025 олны 10 дугаар сарын 23-нд нийтэлснийг доор зурагт харууллаа.

Дүгнэхэд, 2023 онд “Ногоон автобус”-ны хэрэгтэй холбоотой ярианы бичлэгийг дахин сэргээж түгээхдээ шатахууны хомсдолтой холбоотой тайлбар бичиж, төөрөгдүүлжээ.




