2025 оны аравдугаар сарын 23-нд TV Mongolia нэртэй хуудаснаас “Мануусыг бензин дээрээ зодолдож байхад айлын хүүхдүүд нисээд эхэллээ. Бид энэхэн орчлонгийн альхан талд нь явна даа хөөрхий” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 4300 гаруй реакц, 153 сэтгэгдэл авч, 1300-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бичлэгт нэгэн эмэгтэй өмссөн гутлынхаа тусламжтайгаар газраас хөөрч буй дүрсийг харуулсан байна. Үүнийг “нисдэг гутал” хэмээн тайлбарлаж, түгээжээ. Гаднын улсуудад ч тус бичлэг нь Aerofoot гэсэн тайлбартайгаар тархаж, олон нийтийн анхаарлыг татаад буй. Гэвч уг бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн байна. Үүнийг шалгахдаа бид хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг шалгадаг хэрэглүүрүүдийг ашиглалаа.
Was It Ai хэрэглүүр ашиглан тухайн бичлэгийг шалгахад, хиймэл оюунаар бүтээгдсэн гэдгийг илрүүлж, улаан өнгөөр тэмдэглэсэн.


Мөн Sightengine хэрэглүүрийг ашиглахад тухайн бичлэгийг Ai-аар бүтээсэн байх магадлал 99%-ийн үнэлгээ өгчээ.
Уг бичлэгийн анхдагч эх сурвалжийг хайхад, Жё Жон Муллор (Jyo John Mulloor) нэртэй хуудаснаас түгээсэн нь илэрлээ. Тэрээр хуудасныхаа танилцуулга хэсэгт “JJM AI Studio бол Жё Жон Муллорын байгуулсан дижитал урлагийн студи юм. Энэ студи нь хиймэл оюунд суурилсан бүтээлүүдээр мэргэшсэн бөгөөд орчин үеийн урлаг, өгүүлэмжийн хил хязгаарыг давсан бүтээл хийхийг зорьдог” гэсэн тайлбар бичжээ. Уг хуудаснаас Aerofoot-тэй холбоотой контентыг өөр өөр дүртэйгээр олон удаа түгээсэн байна. Үүнээс “Aerofoot” нь бодит нисдэг гутал бус дижитал технологийн аргаар үүссэн AI бүтээл гэдэг нь мэдэгдэж байна.
Энэ талаар олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Fact Crescendo баримт шалгах төвөөс Жё Жон Муллортой холбогдож тодруулга авчээ. Үүнд, “Aerofoot бичлэгийг би өөрөө бүтээсэн. Aerofoot бол бүрэн зохиомол бүтээл. Энэ нь бодит бүтээгдэхүүн биш бөгөөд хийсвэр дүрслэл, уран сайхны өгүүлэмжээр дамжуулан хүний төсөөллийг өдөөх зорилготой дижитал урлагийн бүтээл юм” гэж хариулсан аж.
Эдгээрээс дүгнээд үзэхэд, “Нисдэг гутал” буюу Aerofoot-ын зураглал нь бодит бус, хиймэл оюунд суурилсан технологиор бүтээгдсэн бичлэг болох нь батлагдаж байгаа юм.


