Search

Нээлттэй (public) постын дор утасны дугаараа үлдээх нь залиланд өртөх эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1640

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Угсардаг хувцасны шүүгээг 29,900 төгрөгөөр худалдаалж байна гэх богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэд хэдэн пэйжийн хандалтыг өсгөх зорилгоор азтан шалгаруулна гэх агуулгатай пост нийтэлж, гадаадад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний сурталчилгааны бичлэгт худал үнийн дүн бичин ашиглаж байна. Тиймээс аливаа онлайн худалдааны пэйжийг баталгаатай эсэхийг нягталж, сэтгэгдэл хэсэгт хувийн мэдээллээ оруулалгүй, зөвхөн чатаар холбогдож дугаар, хаяг гэх мэт мэдээллийг хуваалцаарай.

2025 оны 09 дүгээр сарын 07-нд Sweet shop хуудаснаас 29,900 төгрөгийн үнэтэй шүүгээ худалдаалж буй богино хэмжээний бичлэг оруулжээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт “dh store Bunny shop фоллов дараад хүргүүлээд аваарай” хэмээн оруулсан байна. Бичлэгийг нийт 2,700 гаруй реакц, 34 сэтгэгдлээр идэвхжүүлж, 529 удаа цааш түгээжээ.

Сүүлийн үед онлайн худалдааны пэйж мэтээр хандалтаа өсгөх үзэгдэл ихэссэн. Хор хөнөөл бага мэт боловч бараа авахыг хүссэн хэрэглэгчид утасны дугаар, хувийн мэдээллээ сэтгэгдэл хэсэгт үлдээж, залиланд өртөх, цаашлаад хандалт өндөр пэйжээ зарж, ашиг хийх зорилготой байдаг. Иймд хуурамч, хандалтаа өсгөх зорилготой пэйжийг таних, анхан шатны баримт шалгах аргыг хүргэж байна.

Хаяг шалгах

Sweet Shop пэйж нь 2025 оны 02 дугаар сарын 11-нд нээгдсэн ба Монголоос 3 админ удирдаж байна. Пэйжийн ангиллаа “эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүр” гэж сонгожээ. Гэвч танилцуулга хэсгээ огт бөглөөгүй, холбогдох утасны дугаар, бараа захиалах заавар, хаяг байршил зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй байна.

Мөн хуудас руу чат бичих тохиргоог унтраажээ. Хэдий хямд үнэ бичсэн барааны бичлэг тогтмол оруулдаг ч хэрхэн захиалах нь тодорхойгүй, худалдан борлуулах утас, захиалах зааврыг огт өгөөгүй байгаа нь бараа худалдаалах зорилгогүйг илтгэж буй юм.

Агуулга нягтлах

Үргэлжлүүлэн тус хуудаст оруулсан постуудыг нягталж үзвэл бүгд dh store, Bunny shop гэх пэйжид like дарж, түгээхийг уриалсан агуулгатай байна. Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 17-22-ны хооронд “Bunny Shop хуудаст like дарж, түгээвэл мөнгө өгнө, азтан шалгаруулна” гэх агуулгатай пост 7 удаа оруулсан бол бараа бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг бүрийн тайлбар хэсэгт dh store, Bunny shop гэх пэйжийг дагаж, цааш түгээгээрэй гэсэн агуулгатай текст оруулжээ. Богино хугацаанд, зарим тохиолдолд өдөрт 3 удаа олон хүнд мөнгө өгнө гэх нэрийдлээр хандалтаа өсгөж байна. Гэвч азтанаа шалгаруулсан тухай мэдээлэл огт оруулаагүй байна. Үүнээс харахад бараа захиалах боломжгүй, захиалга авдаггүй боловч онлайн худалдааны пэйж мэтээр бичлэг түгээж, мөнгө өгнө, азтан шалгаруулна гэх түгээмэл аргаар хандалтаа өсгөж байна.

Шалгасан хуудаст дурдсан dh store, Bunny shop хуудсыг шалгахад мөн ижил азтан шалгаруулна, хуудсыг дагаж, цааш түгээгээрэй гэсэн пост оруулжээ. Гэвч азтан шалгарсан эсэх нь тодорхойгүй ба онлайн худалдаа нэрээр нээсэн пэйжүүдийнхээ хандалтыг өсгөж байна.

Sweet shop хуудаснаас бараа бүтээгдэхүүний бичлэг оруулахад хэрэглэгчид худалдан авах зорилготой утасны дугаараа үлдээх нь залиланд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Олон нийтэд нээлттэй тохиргоотой бичлэгээс хүн бүр бичсэн сэтгэгдлийг харах боломжтой. Хөндлөнгөөс хэрэглэгчийн бичсэн дугаар луу залгаж “бараа захиалах бол урьдчилгаа шилжүүлээрэй” гэх зэргээр залилан хийх нь ихсэн байгаа энэ үед аливаа онлайн худалдааны хуудсыг сайтар нягталж, бараа захиалах боломжтой бол зөвхөн чатаар холбогдож баталгаажуулаарай.

Бичлэгийг шалгах

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг 2025 оны 08 дугаар сарын 21-нд Ant box Facebook хуудаст нийтэлжээ. Тус хуудас нь нийт 146 мянга гаруй дагагчтай ба гутал, хувцасны угсардаг шүүгээг хойд Америкт худалдаалдаг дэлгүүр юм. Хуудасны мэдээллийг харвал холбогдох дугаар, сайт, бусад сошиал хаяг, хаяг байршлаа дэлгэрэнгүй оруулсан байна.

Ant Box хуудасны танилцуулга хэсэгт байрлах худалдааны сайт рүү орж үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг оруулжээ. Шалгасан бичлэгт хувцасны угсардаг шүүгээ 29,900 гэж оруулсан боловч бүтээгдэхүүн худалдаалж буй сайтад бодит үнэ 259.99 доллар буюу ойролцоогоор 930,000 төгрөгөөр худалдаалж байна.

Дүгнэлт

Хэд хэдэн пэйжийн хандалтыг өсгөх зорилгоор азтан шалгаруулна гэх агуулгатай пост нийтэлж, гадаадад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний сурталчилгааны бичлэгт худал үнийн дүн бичиж, ашиглаж байна. Тиймээс аливаа онлайн худалдааны пэйжийг баталгаатай эсэхийг нягталж, сэтгэгдэл хэсэгт хувийн мэдээллээ оруулалгүй, зөвхөн чатаар холбогдож дугаар, хаяг гэх мэт мэдээллийг хуваалцаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document