Search

Цайрыг хэт их хэмжээгээр удаан хугацаанд хэрэглэх нь эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1639

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүүхдүүддээ цайр өг. Суга өснө. Ханиад хүрэхгүй оюун ухаан хурц, сэргэлэн цовоо болно” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цайр нь хүний биеийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжил, дархлаа, арьс, үс, хумсны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай чухал эрдэс юм. Гэвч цайрын хэрэглээний тунг хэтрүүлэх нь эрсдэлтэй бөгөөд хэт их тун нь зэсийн дутагдал, цус багадалт, хоол боловсруулах замын хямрал, дархлаа дарангуйлах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Богино хугацааны өндөр тун нь насанд хүрэгчид, хүүхдэд аюулгүй байж болох ч нярай болон жирэмсэн үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь чухал юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эко сонголт (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Хүүхдүүддээ цайр өг. Суга өснө. Ханиад хүрэхгүй оюун ухаан хурц, сэргэлэн цовоо болно” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 1,800 гаруй реакц, 546 сэтгэгдэл авч, 815 удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд цайрын хэрэглээний зохистой тун, цайрын илүүдлийг огт дурдалгүй бүрэн бус мэдээлэл түгээжээ. Энэ нь цахим орчинд “цайр уувал ямар ч асуудалгүй сайн юм байна” гэсэн нэг талын ойлголт өгч, эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй.

Цайр дутагдлын үед ханиад томуу салахгүй байх, харшил гарах, үс, хумс унах, өсөлт удаашрах зэрэг шинж тэмдэг илэрдэг

Цайрын дутагдлын шинж тэмдгүүд нь хүний нас, биеийн онцлог, хоол тэжээлийн байдал, мөн дутагдаж буй цайрын хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй илэрдэг. Харин нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийг доор жагсаалаа.

  • Үс унах, халцрах
  • Хумсны өнгө өөрчлөгдөх, хэврэгших
  • Цочромтгой болох
  • Хоолны дуршил буурах
  • Амт, үнэр мэдрэх чадвар алдагдах
  • Спермийн тоо цөөрөх
  • Арьсан дээр тууралт, шархлаа гарах
  • Шарх удаан эдгэх
  • Суулгах (ихэвчлэн нярай хүүхдүүдэд)
  • Өсөлт удаашрах (нярай, хүүхэд, өсвөр насныханд)
  • Олон удаа өвдөх

Тэгвэл бие махбодод цайрын хэмжээ хангалтгүй болсноор эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүний бие цайрыг өөрөө нийлэгжүүлж чаддаггүй тул хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авах шаардлагатай. Цайрын дутагдал нь дараах шалтгаантай байж болно:

  • Зарим эмчилгээ болон эмийн хэрэглээ цайрын тэнцвэрт байдалд нөлөөлөх
  • Хоол хүнсээр хангалттай цайр авч чадахгүй байх
  • Цайрын шимэгдэлт, ашиглалтад нөлөөлдөг эмгэг өвчинтэй байх

Цайр богино хугацаанд хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл насанд хүрэгчид, хүүхдэд аюулгүй байж болох ч жирэмсэн болон нярайд эрсдэлтэй

Цайрыг хэт өндөр тунгээр хэрэглэвэл зэсийн дутагдал, цус багадалт, хоол боловсруулах замын хямрал, толгой өвдөх, бөөлжих, дархлаа дарангуйлах зэргээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

  • Цайрын бие дэх үүргийн нэг онцлог нь зэсийн түвшинтэй урвуу хамааралтай байдаг. Үүний улмаас цайрыг зэсийн шимэгдлийг бууруулах зорилгоор хэрэглэдэг байна.

Тухайлбал, АНУ-ын Хоол тэжээлийн хүрээлэнгийн мэдээллээр, “насанд хүрэгчдийн хоногийн зөвлөмжит цайрын хэрэглээ нь эрэгтэйчүүдэд 11 мг, эмэгтэйчүүдэд 8 мг байдаг” гэжээ. Мөн насанд хүрэгчдийн цайрын хэрэглээний хамгийн дээд аюулгүй хэмжээ нь өдөрт 40 мг бөгөөд энэ хэмжээнээс давсан тохиолдолд дээр дурдсан сөрөг нөлөө үүсгэж болзошгүйг анхааруулжээ.

Удаан хугацааны хяналттай судалгааны үр дүнгээр өдөр тутам хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс их цайрыг богино хугацаанд хэрэглэх нь эрүүл насанд хүрэгч, мөн хүүхдэд аюулгүй, харин нярай болон жирэмсний үед өндөр тунгаар хэрэглэх нь эрсдэлтэй гэжээ. Цайрын хэт их хэрэглээнээс болж эсрэг бие үүсэх болон бусад бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй хэмээн Science Direct сайтад нийтлэгдсэн “Цайр ба дархлааны үйл ажиллагаа” гарчигтай судалгаанд дурджээ.

Олон төрлийн амьтны болон ургамлын гаралтай хүнс нь байгалийн цайраар баялаг тул ихэнх хүнд шаардлагатай хэмжээгээ авахад хангалттай

Цайраар хамгийн их баялаг хүнсүүд:

  • Далайн гаралтай хүнс
  • Мах (загас, тахиа, үхэр, хонь зэрэг)
  • Шош болон буурцаг
  • Самар, үр
  • Сүүн бүтээгдэхүүн
  • Өндөг
  • Бүхэл үр
  • Зарим хүнсний ногоо

Дүгнэлт

Цайр нь хүний биеийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжил, дархлаа, арьс, үс, хумс зэрэг эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай чухал эрдэс боловч хүний өдөрт авах цайрын тунг хэтрүүлэх нь эрсдэлтэй бөгөөд хэт их тун нь зэсийн дутагдал, цус багадалт, хоол боловсруулах замын хямрал, дархлаа дарангуйлах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Богино хугацааны өндөр тун нь насанд хүрэгчид, хүүхдэд аюулгүй байж болох ч нярай болон жирэмсэн үед эмчийн заавраар хэрэглэх нь чухал юм.

АНХААРУУЛАХ НЬ:

  • Үүнээс гадна хүүхдэд зориулсан цайрын нэмэлтүүд нь ихэвчлэн чихэрлэг, жимсний амттай, зажилдаг шахмал эсвэл шингэн сироп хэлбэртэй байдаг. Энэ нь хүүхдэд өгөхөд илүү хялбар, дуртай болгох зорилготой боловч нөгөө талаас хэтрүүлэн хэрэглэх эрсдэл дагуулдаг тул хүүхдээс хол хадгалах нь чухал.

АНУ-ын Хордлогын төвийн үндэсний мэдээллийн системийн 2017 оны тайланд дурдсанаар, цайрын нэгдэлд өртсөн тохиолдлын хагасаас илүү хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн санамсаргүй хэрэглээтэй холбоотой байжээ. Энэ нь хүүхдүүдийн хувьд “эм” биш харин “амттан” мэт сэтгэгдэл төрүүлэх хэлбэртэй бүтээгдэхүүнүүд өргөн худалдаалагддагтай холбоотой гэж судлаачид үздэг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хүүхдүүддээ цайр өг. Суга өснө. Ханиад хүрэхгүй оюун ухаан хурц, сэргэлэн цовоо болно” гэсэн пост нийтэлжээ.

Check document