2025 оны 08 дугаар сарын 13-нд Viejo турааах кофе- ODU health нэртэй хуудаснаас “Сарын дотор ямар ч дэглэм барихгүйгээр 4кг амжилттай хаясан @Dayanke-даа баяр хүргэе” гэсэн тайлбартай, тураах кофены сурталчилгаа бүхий бичлэг оруулсныг төлбөр төлж дахин идэвхжүүлжээ. Тус бичлэгийг нийт 1,700 гаруй реакц, 399 сэтгэгдлээр идэвхжүүлж, 423 удаа цааш түгээжээ.
Бичлэгийг нийтлэхдээ “Бусад тураах бүтээгдэхүүнүүд шиг хууч өвчин, даралт ихсэх, ядрах гэх мэт гаж нөлөөгүй, гол найрлагадаа resveratrol агуулсан нь дахрлаа дэмжиж, зүрх судасны үйл ажиллагаа дэмждэг, дотор өөхийг шатааж биеээс хорт бодисыг гадагшлуулна, ингэснээр хаван хөөгдөж, дотор өөх шатаана, эмэгтэйчүүдийн таргалалт үүсдэг хэсгүүд буюу бэлхүүс, авгай мах, гуя өгзөгт илүү нөлөөлж целлюлит арилгана, өдрийн турш сэргэг, эрч хүчтэй явна, хоол огт хорих шаардлагагүй. Resveratrol нь байгалийн үр жимсэнд агуулагдаж байдаг эрүүл мэндэд гайхалтай нөлөөлөх чадвартай ургамлын найрлага юм. ихэвчлэн зэрлэг жимс болон улаан усан үзмийн хальсанд агуулагдаж байдаг энэхүү найрлага нь антиоксидантоор маш баялаг бөгөөд хөгшрөлт, зүрх судасны өвчлөл, хавдар зэрэг өвчлөлийг урьдчилан сэргийлэхээс гадна хамгийн гол тураах үр дүнг үзүүлдэг нь гайхалтай. Тиймээс бид бүрэн итгэлтэйгээр 100% байгалын эрүүл аргаар турах боломжийг танд олгож байгаа хэрэг юм Viejo детокс тураах кофе нь хүний биед сөрөг нөлөөгүй…” гэх тайлбар оруулжээ.
Мөн 2025 оны 08 дугаар сарын 13-нд @Dayanlke Instagram хаягаас Viejo кофег сурталчилсан богино хэмжээний бичлэг оруулахдаа тайлбар хэсэгт бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, улсын тухай мэдээллийг хавсаргажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Viejo брэндийн сайтад Viejo resveratrol Mozambique кофе нэг хайрцаг нь 429 турк лир буюу ойролцоогоор 36 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэвч тус сайтад бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга, орц найрлагын мэдээлэл зэргийг огт оруулаагүй, зөвхөн худалдан авах зориулалттай хуудас үүсгэжээ.
Үргэлжлүүлэн тус кофены тухай туркийн хэрэглэгчдийн сэтгэгдэл, гомдол санал хүлээн авдаг sikayetvar сайтаас хайхад олон сөрөг нөлөө илэрсэн гэх хэрэглэгчдийн гомдол цөөнгүй байна. Санал гомдлоо нээлттэй нийтэлсэн хэрэглэгчдээс өөрийн зураг, нэрийг оруулсан хаягаас дараах жишээнүүдийг орчуулан хүргэж байна.
- 2025 оны 08 дугаар сарын 05-нд Fatima гэх хэрэглэгч “Viejo кофег худалдан авч, байнга хэрэглэж байна. Жин хасаагүй… 85 кг-аас 95кг болсон. Хоолны дуршил нэмэгдсэн… уусны дараа дотор муухайрсан…”
- 2024 оны 09 дүгээр сарын 18-нд Oktay нэртэй хэрэглэгч “Би Trendynol онлайн худалдааны сайтаас тус бүтээгдэхүүнийг авсан. Уухад сул дорой болж, ядрах, чичрэх, хөл өвдөх, зүрх хүчтэй цохилох, сандрах шинж тэмдэг илэрсэн”
- 2024 оны 08 дугаар сарын 17 -нд Suzan гэх хэрэглэгч “Уг кофег хэрэглээд 2 кг сэтгэл гутралын эм уугаад хордчихсон юм шиг санагдаад унтчихсан. Хүнс хөдөө аж ахуйн яаманд гомдол гаргана. Тухай бүтээгдэхүүний эзэмшигчийг Google-ээс хайсан ч ямар ч мэдээлэл олдохгүй байна” зэрэг сэтгэгдэл үлдээжээ.
@Dayanke Instagram хаягаас нийтэлсэн бичлэгт Viejo кофег туркийн “NBK İlaç ve Kozmetik Ltd. Şti.” компани үйлдвэрлэдэг хэмээн оруулсан. Туркт үйл ажиллагаа явуулдаг компаниудын тухай мэдээлэл оруулдаг yenifirma, find зэрэг сайтад “NBK İlaç ve Kozmetik Ltd. Şti.” компани нь “Амны хөндий, шүдний арчилгааны бүтээгдэхүүн (шүдний оо гэх мэт), хиймэл шүдийг аманд бэхлэхэд ашигладаг зуурмаг, нунтаг, шүдний утас үйлдвэрлэл болон үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхэлдэг хэмээн мэдээлжээ. Туркийн мэдээллийн сайтад Viejo кофены үйлдвэрлэгч компани нь Gold İlaç Sanayi A.Ş. хэмээн мэдээлсэн.
Туркийн Hurriyet Bigpara, Sozcu, Gazete Duvar, Ahaber, Gida Bulteni зэрэг мэдээллийн сайтад 2025 оны 01 дүгээр сарын 06-нд Хөдөө аж ахуй, ойн яамнаас мэндэд хортой болон аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан тухай мэдээлжээ. Gold İlaç Sanayi A.Ş. компанийн Viejo resveratrol Mozambique кофеноос эмийн идэвхт найрлага илэрсэн тул “эрүүл мэндэд аюултай хоол хүнс” гэх жагсаалтад оржээ.
Тодруулбал, Ahaber сайтад “Шинэ оны анхны хуурамч, хуурамч жагсаалт гарлаа! Кофеноос эхлээд мах, бяслаг, шоколад хүртэл…” гэсэн гарчигтай мэдээнд оруулсан бичлэгт Хөдөө аж ахуй, ойн яамнаас гаргасан эрүүл мэндэд аюултай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын эхэнд Viejo Coffee-г оруулжээ.

Gida Bulten сайтад Filiz Çelik Güleryüz хэрэглэгч тус кофег 10 хоног хэрэглэсний дараа бие нь муудаж яаралтай тусламж авах болсон гэх мэдээллийг оруулжээ. Мөн тус сайтад Viejo кофег телевизийн нэвтрүүлгээрээ алдартай ортопед эмч Феридун Кунак сурталчилдаг тухай мэдээлсэн. Харин Феридун Кунак тус сайтад “бид Viejo кофены сурталчилгаанд ямар ч хамаагүй. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар яриулж байна. Бид үүнтэй холбоотой гомдол гаргасан. Мөн нэвтрүүлэг, сошиал хаягаараа дамжуулж, иргэд, хэрэглэгчдэд анхааруулж байна” хэмээн мэдээлжээ.
Viejo кофены орц найрлага, үйлдвэрлэгч компани, брэндийн тухай дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл огт байхгүй. Орц найрлагад revesretrol орсон гэж мэдээлсэн боловч албан ёсны мэдээлэл байхгүй байна. Мөн Viejo кофеноос эмийн идэвхтэй найрлага илэрсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 06-нд Туркийн Хөдөө аж ахуйн, ойн яамнаас гаргасан эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулжээ.
Кофе уух нь бодисын солилцоог бага зэрэг нэмэгдүүлдэг ч турах гол арга болохгүй талаар бид өмнө нь баримт шалгалтаараа мэдээлж байсан билээ.




