2025 оны 10 дугаар сарын 15-нд Сенсаци.мн нэртэй Facebook пэйж “Гайхалтай. Есөн жил хараагүй байсан бяцхан охиныг хоёрхон зүү тавиад хараатай болгожээ” гэх гарчигтай, “Бээжин хотын уламжлалын их эмч, Ардын энэрэл эмнэлгийн ерөнхий эмч Ван Жан Дэ Монголд ирээд есөн жил хараагүй байсан бяцхан охиныг хоёрхон зүү тавиад л хараатай болгожээ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 7800 гаруй реакц, 364 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1100 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
“Зүү тавих нь нүдэнд ямар нэг ач тустай юу” гэсэн судалгааны үр дүн
PubMed-д нийтлэгдсэн Susan Wong, Renald Ching нарын “The use of acupuncture in ophthalmology” буюу зүү тавих нь нүдэнд ямар нэг ач тустай юу гэсэн судалгааны үр дүн “зүү тавих эмчилгээ нь нүдний өвчнийг бүрэн эдгээхгүй, харин зөвхөн шинж тэмдгийг намдаах нөлөөтэй” гэж гарчээ.
Тус судалгаанд “500 гаруй тохиолдлыг баримтжуулсан судалгаанаас зүү тавих эмчилгээ нь зарим нүдний өвчнийг эмчлэхэд тодорхой үр дүнтэй нь тогтоогдсон. Гэхдээ эдгээр тохиолдолд харааны талбай, өнгөний ялгаралт болон шөнийн хараа зэрэг нь сайжраагүй, харин төвийн харааны хурц чанар сайжирсан. Зүү тавих уламжлалт эмчилгээг эм, мэс засал зэргийг орлох зорилгоор хэрэглэх ёсгүй. Учир нь нөхөн төлжих боломжгүйгээр гэмтсэн эд эс, эрхтнийг сэргээж чадахгүй. Өөрөөр хэлбэл, “эдгэршгүй” нүдний өвчинг бүрэн эдгээхгүй, харин зөвхөн шинж тэмдгийг намдаах нөлөөтэй” хэмээн дурджээ.
Зүү тавих эмчилгээ гэж юу вэ?
Хонг Конгийн Их Сургуулийн эмч, доктор Dennis Lam “Орчин үеийн нүд судлалд Хятадын уламжлалт зүү тавих эмчилгээ хэрэгтэй юу?” гэсэн нийтлэлдээ “Хятадын уламжлалт анагаах ухаанд аливаа өвчин, эмгэг нь биеийн “Инь“, “Ян“-ийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй гэж үздэг. Тус тэнцвэр алдагдахад “ци” буюу амьдралын энергийн урсгал меридианууд дагуу хаагддаг. Зүү тавих эмчилгээ нь энэхүү “ци“-ийн урсгалыг нээлттэй болгож, тэнцвэрийг сэргээдэг” хэмээжээ.
Цаашлаад “Зүү тавих тодорхой цэгүүд нь эд, эрхтэнтэй холбоотой байдаг. Иймд зүү тавих эмчилгээг нүд хуурайшилт, алсын хараа муудах, харааны сулрал, торлогийн үрэвсэл, мөн мэс заслын үеийн мэдээ алдуулалт болгон ашиглах боломжтой” гэжээ.
Зүү тавьж нүдний өвчинг бүрэн эдгээх, хараа оруулах нь шинжлэх ухааны хувьд боломжгүй
АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас гаргасан нийтлэлд “Өнөөгийн байдлаар зүү тавих эмчилгээ нь нүдний өвчин болон хараагүй хүнд хараа оруулна гэсэн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ байхгүй” гэв. Тэрээр ДЭМБ-ын мэдээлснээр 129 улсын 103 нь зүү тавих эмчилгээ хийдэг гэв. АНУ-д зүү тавих эмчилгээг үе, яс, нуруу, хүзүүний өвчнийг намдаах зорилгоор түгээмэл хэрэглэдэг гэж судалжээ. Харин шинжлэх ухааны хувьд зүү тавих эмчилгээ нь одоог хүртэл бүрэн судлагдаж дуусаагүй бөгөөд хүний мэдрэлийн систем, эд эсэд нөлөөлснөөр үр дүн гардаг гэж судлаач, мэргэжилтнүүд үздэг.
Монгол Улсад гадаад эмч ажиллах хуулийн зохицуулалт
Эрүүл мэндийн тухай хуульд гадаад улсын эрүүл мэндийн мэргэжилтний Монгол Улсад ажиллах талаар зохицуулсан. Уг хуулийн 25.8-д “Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгоно” гээд:
- “25.8.1.анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн бөгөөд Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцэх анагаах ухааны боловсрол эзэмшсэн;
- 25.8.2.эх орондоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй буюу түүнтэй адилтгах баримт бичигтэй;
- 25.8.3.төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсан, төрөлжсөн мэргэшлээр тав ба түүнээс дээш жил ажилласныг нотлох хүчин төгөлдөр баримт бичигтэй;
- 25.8.4.Монгол Улсын аль нэг эрүүл мэндийн байгууллагад ажиллах гэрээ, хэлэлцээртэй” гэж заажээ.
Тиймээс аливаа гаднын эмч, мэргэжилтэнд үзүүлж, эмчлүүлэх гэж байгаа бол манайд ажиллах гэрээг аль байгууллагатай хийсэн болон тухайн эмчийн боловсрол, ажиллах зөвшөөрөл зэргийг батлах баримтуудыг заавал үзэж байгаарай.
Дүгнээд хэлбэл, одоогийн байдлаар зүү тавих эмчилгээгээр харааг бүрэн сэргээх нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд гагцхүү зарим нүдний өвчний шинж тэмдэг, зовуурийг бууруулах боломжтой юм. Иймд та цахим орчинд түгж буй аливаа бичлэг, зураг, ялангуяа эрүүл мэндийн холбогдолтой постод хэрсүү хандаж, мэргэжлийн эмнэлэг, эмчид хандан, зөвлөгөө авч байгаарай.




