2025 оны аравдугаар сарын 19-нд И.Цэрэнхүү нэртэй хуудаснаас “Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнийг тоолж барахгүй. Энийг мэдэхгүй монгол хүн байхгүй ээ. Гаднаас олсон муур эрүүл үү? Яаж мэдэж байна? Муурын зулзага олж ирээд тэжээх гэж байгаад мөөгөнцрийн халдвар авсан хүүхдийн талаар пост оруулж сэрэмжлүүлсний төлөө над руу баахан дайрав... Энэ муураас авсан мөөгөнцөр! Помфоликс гэдийн бас Дисгидроз гэж энэнээс хэцүү шарх үүсгэдэг мөөгөнцрийн гаралтай аллерги байгаа” гэсэн тайлбартайгаар зураг нийтэлсэн байна. Уг пост 228 реакц, 87 сэтгэгдэл авч, 80 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээлэлд буй помфоликс болон дисгидроз гэх нэршил нь нэг өвчнийг тодорхойлох ойлголт юм. Энэхүү дисгидроз экзем нь гарын алга, хуруу, хөлийн уланд жижигхэн шингэнээр дүүрсэн цэврүү үүсгэдэг арьсны өвчин юм. Уг цэврүү нь ихээр загатнаж, хорсдог бөгөөд эдгэрэх явцдаа хагарч, хуулардаг байна. Тухайн өвчний шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч харшил, стресс, хөлрөлт ихтэй, чийгтэй байдал зэрэг нь өвчнийг сэдрээх, өдөөгч хүчин зүйлд тооцогддог. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь энэхүү өвчний хэлбэртэй таарч байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай өмнөх баримт шалгалтаас үзэх боломжтой.

Муурын мөөгөнцөр нь арьсны гадна талд туурдаг, дотор эрхтэнд халдварладаг гэх мэт олон төрөлтэй байдаг. Үүнээс хүнд халдварлах боломжтой хоёр төрлийн мөөгөнцөр бий.
- Бөгж хэлбэрийн мөөгөнцөр (халдвартай амьтантай шууд харьцах, бохирдсон эд зүйл зэргээр дамжин халдварладаг)
- Споротрихоз зүйлийн мөөгөнцөр (халдвартай мууранд хазуулах, маажуулах үед дамждаг)
Дэлгэрүүлбэл, Ringworm буюу бөгж хэлбэртэй мөөгөнцөр нь дерматофит хэмээх мөөгөнцрөөс үүсэж арьс, үс, хумсанд нөлөөлдөг халдвар юм. Уг мөөгөнцрөөр хүн, амьтан аль аль нь халдварлах боломжтой. Хүнд халдварладаг тохиолдлыг тамирчны мөөгөнцөр зэргээр нэрлэдэг бөгөөд халдвартай хүн, амьтантай хүрэлцэх, цагаан хэрэглэл, нийтийн шүршүүр гэх мэт зүйлээр дамждаг байна. Ringworm-ыг үүсгэдэг гурван төрлийн мөөгөнцөр байдаг. Тэдгээр нь Microsporum canis, Trichophyton, Epidermorphyton юм. Муурт халдварлах тохиолдлын 98% нь Microsporum canis зүйлийн мөөгөнцрөөс шалтгаалдаг. Илрэх шинж тэмдгүүдэд арьс улайж, загатнах, цагараг хэлбэрийн тууралт гарах, арьсны хэсэг улайж, хайрстай болох, халдварласан хэсгийн үс унах зэрэг орно. Энэхүү мөөгөнцөр нь гол төлөв халдвар авсан муур, эд зүйлсээр дамжин хүнд халдварладаг. Гэвч бүх тохиолдол нь халдвар үүсгэдэггүй. Халдвар үүсэх эсэх нь мөөгөнцрийн төрөл, амьтны нас, биеийн байдал, дархлаа, арьсны нөхцөл, ариун цэвэр, хоол тэжээл зэрэг хүчин зүйлээс хамаардаг.
Харин споротрихоз нь Sporothrix хэмээх мөөгөнцрөөс үүсдэг арьсны халдвар юм. Энэ мөөгөнцөр нь хөрс, ургамлын гадаргуу дээр тогтдог бөгөөд хүн, амьтанд халдвар үүсгэдэг. Уг мөөгөнцөр шалбархай, шарх зэргээр дамжин хүнд халдварлаж, тууралт гардаг бөгөөд ховор тохиолдолд нүд, уушгинд нөлөөлөх магадлалтай.

Тус халдвар нь хүрээлэн буй орчин, амьтан, хүн хооронд тархдаг.
Эдгээр халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд,
- Ургамалтай харьцахдаа бээлий, өмд, урт ханцуйтай хувцас өмсөх
- Яр, шархтай мууранд шууд хүрэхээс зайлсхийх
- Мууранд арьсны шарх, сорви, идээт тууралт илэрсэн тохиолдолд малын эмчид үзүүлэх
- Муурын дэвсгэр, сам, тоглоом зэрэг хэрэгслийг тогтмол цэвэрлэж ариутгах
- Тэжээвэр амьтнаа тогтмол вакцинжуулалтад хамруулах
- Хувийн ариун цэврийг сахих зэргээр эрүүл ахуйдаа анхаарах нь чухал юм.
Дүгнээд хэлэхэд, энэхүү мэдээлэлд дурдаж буй помфоликс, дисгидроз нар нь ижил төрлийн экзем юм. Нэг үгээр бол адилхан өвчнийг тодорхойлдог хоёр өөр нэршил аж. Мөн тус арьсны өвчнийг муураас халдварладаг мөөгөнцөр мэтээр тайлбарлаж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Дисгидроз экзем үүсэх шалтгаан бүрэн тогтоогоогүй ч харшил, стресс, хөлс ихтэй, чийгтэй байдал зэрэг нь өвчнийг сэдрээх, өдөөгч хүчин зүйлд тооцогддог.




