Search

Терпен агуулсан үнэртэй бүтээгдэхүүн агаарт тоосонцор үүсгэдэг ба эрүүл мэндэд ямар эрсдэл учруулахыг судлах шаардлагатай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1631

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Үнэртэнтэй хайлуулдаг лав (scented wax melts) нь дотоод орчинд дизель хөдөлгүүрийн утаатай дүйцэхүйц хэмжээний нано бөөмс ялгаруулдгийг тогтоожээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үнэр гаргах зорилгоор тусгай хэрэглүүр ашиглан хайлуулдаг лав төдийгүй терпен агуулсан үнэртүүлэгчүүд нь дотоод орчин дахь агаарын озонтой урвалд орж, нано бөөм үүсгэдэг ба амьсгалын замаар дамжиж хүний биед сөргөөр нөлөөлөх магадлалтай. Гэхдээ яг ямар төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэйг бүрэн тогтоогоогүй. Үүнийг үргэлжлүүлэн судалж, илүү нарийн тогтоохоор ажиллаж байгааг судалгаандаа дурджээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны есдүгээр сарын 26-нд Пүрвээгийн Баярхүү нэртэй хуудаснаас “АНУ-ын Пердюгийн их сургууль хийсэн судалгаагаар үнэртүүлэгчтэй лааны оронд өргөн хэрэглэгддэг үнэртэнтэй хайлуулдаг лав (scented wax melts) нь дотоод орчинд дизель хөдөлгүүрийн утаатай дүйцэхүйц хэмжээний нано бөөмс ялгаруулдгийг тогтоожээ. Энэ нь “шатаадаггүй бүтээгдэхүүн илүү аюулгүй” гэсэн түгээмэл ойлголтыг няцааж байна. Дизель утаа шаталтаас бий болдог бол үнэртэнтэй лавыг халааж хайлуулах үед дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs), тэр дундаа терпенүүд ялгарч, өрөөний агаарт буй озонтой урвалд орон шинэ нано бөөмс үүсгэдэг байна. Environmental Science and Technology Letters сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар үнэртэнтэй хайлуулдаг лав нь хийн зуух, үнэрт лаа, дизель болон байгалийн хийн хөдөлгүүрээс ялгардаг нано бөөмсийн концентрациас дутахгүй түвшинд тоосонцор үүсгэдэг болохыг баталжээ. Амьсгалын замын загварчлалаар эдгээр бөөмс нь дизель утаатай адил тунгаар уушгинд хүрч, маш жижиг хэмжээтэй учир уушгины гүнд нэвтрэх чадвартай болохыг харуулсан байна. Мөн үнэртүүлэгчтэй хайлуулдаг лавын найрлагад ашиглагддаг фталат зэрэг дааврын үйл ажиллагаанд саад учруулдаг (эндокриний саатуулагч) бодисуудыг агуулдаг. 2025 онд Америкийн Химийн Нийгэмлэгийн (ACS) хийсэн судалгаагаар эдгээр бодис агаартай урвалд орж хортой тоосонцор бий болгодог болохыг тогтоосон. Үүнээс гадна формальдегид, бензол зэрэг бусад хорт дэгдэмхий нэгдлүүд ялгарах боломжтойг ч судалгаагаар баталжээ. Эндокриний саатлын нөлөө нь дааврын ноцтой тэнцвэр алдагдах, үргүйдэл, бодисын солилцооны эмгэг, хөгжилд гажиг, дархлаа суларч, тархины үйл ажиллагаа муудах, бүр цаашлаад хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай гэсэн мэдээллийн эх сурвалжийн хамт нийтэлсэн байна. Уг пост 357 реакц, 16 сэтгэгдэл авч, 457 удаа цааш түгээгджээ. 

Scented wax melts” гэдэг нь үнэртүүлэгч бодисоор баяжуулсан, төрөл бүрийн хэлбэртэй хатаасан лав (wax) юм. Үүнийг тусгай халаах хэрэгслээр хайлуулж, үнэр гаргадаг байна.

Уг бүтээгдэхүүнийг гал хэрэглэж, утаа гаргах шаардлагагүй тул аюулгүй сонголт гэж сурталчилдаг боловч тухайн лаванд агуулагдах үнэртүүлэгч нэгдлүүд нь агаар дахь озонтой урвалд орж, жижиг хэмжээтэй бөөм ялгаруулдаг болохыг сүүлийн үеийн судалгаагаар илрүүлжээ. Үүнийг 2025 оны “Үнэртүүлэгчтэй лав хайлуулах нь агаарт нано бөөм үүсгэдэг” гэх судалгаагаар баталсан байна. Тус судалгаа нь үнэртэй лав хэрэглэх үед агаарт шинээр үүсэх бичил тоосонцрыг судлах зорилготой юм. Эл судалгааг АНУ-ын Химийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Байгаль орчин, технологийн шинжлэх ухааны өгүүллүүд” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд өндөр нарийвчлалтай тоосонцор хэмжигч ашиглан шинжилсэн байна. Үр дүнд нь, үнэртүүлэгчтэй лаваас ялгардаг терпен гэх бодис нь дотоод орчны озонтой урвалд орж, шинэ тоосонцор үүсэх үйл явц өдөөдөг нь тогтоосон. Энэ нь тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг няцааж, эргэлзэх үндэслэлийг бий болгож байгаа юм. Учир нь уг бүтээгдэхүүнийг халаах үед үүссэн тоосонцор буюу бөөм амьсгалаар дамжин биед шингэж буй нь ажиглагджээ. Иймээс эл бүтээгдэхүүний хортой шинж чанарыг нарийвчлан тодорхойлж, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг илүү гүнзгий судлах шаардлагатай гэж судалгаандаа онцолсон байна. 

Энэхүү зурагт үнэртэй лавыг хайлуулах үед агаарт үүсдэг нано бөөм хэмжээ, гарал үүслийг харуулахаас гадна амьсгалын замд нөлөөлж буй явцыг дүрсэлжээ.

Уг бүтээгдэхүүнээс ялгарах нано бөөмийн концентрац нь ойролцоогоор 10⁶ см⁻³ хүрсэн байна. Энэ нь дунджаас дээш түвшинд тооцогддог бөгөөд лаа, хийн зуух, дизель хөдөлгүүрээс ялгардаг концентрацтай адил түвшинд байв. Шаталтын аргаар үнэр ялгаруулдаг эдгээр бүтээгдэхүүн нь,

  • Энгийн лаа (Candles): 10⁶ см⁻³
  • Хийн зуух (Gas stoves): 10⁵–10⁷ см⁻³
  • Дизель хөдөлгүүр (Diesel engines): 10³–10⁶ см⁻³
  • Байгалийн хийн хөдөлгүүр (Natural gas engines): 10⁶–10⁷ см⁻³ концентрацтай байжээ.

Энэ талаар АНУ-ын Химийн нийгэмлэгийн сайтад мэдээлж, нийтлэл оруулсан байна. Дэлгэрүүлбэл, уг бүтээгдэхүүнтэй холбогдох судалгааг дотоод орчинд хийсэн бөгөөд хайлсан лавын үнэрт бодисууд нь урвалд орж, хортой бичил тоосонцор үүсгэж буйг шинжилсэн. Үнэртүүлэгчтэй лавыг хайлуулснаар гадаргуугийн талбай нь томорч, дэгдэмхий органик нэгдлүүд агаарт их хэмжээгээр ялгардаг. Эдгээр бодис нь агаарт байгаа бусад нэгдэлтэй урвалд орж нано хэмжээний бөөм үүсгэдэг байна. Энэ нь амьсгалын замаар дамжиж, цусанд хүрэх магадлалтай тул эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзсэн ч ямар төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэйг тодорхойлохын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатай байгаа аж. Харин үнэргүй лав хэрэглэсэн тохиолдолд бөөм үүсээгүй байна. Тиймээс үнэр оруулагч бодисууд нь нано бөөм үүсэхэд голчлон оролцдог гэж дүгнэжээ.

Мөн уг байгууллага нь үнэртүүлэгчтэй лавын судалгаа хийхээсээ өмнө үнэрт химийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүн дотоод орчинд хэрхэн нөлөөлдгийг судалж байжээ. Энэ нь “Барилга дотор дэгдэмхий химийн бодис агуулсан үнэртэй бүтээгдэхүүн агаар дахь нано бөөмийг өсгөх нь” судалгаа юм. Тус судалгаанд төрөл бүрийн жимс, цэцгийн үнэр агуулсан эфирийн тос, агаар цэвэршүүлэгч цацлага, цэвэрлэгээний бодис зэргийг жишээ авч шинжилсэн байна. Уг шинжилгээний дүгнэлтээр дотоод орчинд шинэ бөөм үүсэх үзэгдлийг голчлон терпен агуулсан үнэртэй бүтээгдэхүүн үүсгэдэг гэж үзжээ. Шалтгаан нь терпен зэрэг дэгдэмхий нэгдэл нь агаар дахь озонтой урвалд орж, нано хэмжээний тоосонцрыг томроход хүргэдэг аж. Гэвч терпенээс бусад төрлийн хийн нэгдлийг бүрэн тодорхойлоогүй тул нэмэлт хэмжилт хийж, судлах шаардлагатайг дурдаж байжээ.

Өөрөөр хэлбэл, терпен гэх мэт төрөл бүрийн дэгдэмтгий бодис агуулсан үнэрт бүтээгдэхүүн нь агаарт урвалж орж, бичил тоосонцрын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна шинээр үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Энэхүү сэдвийг судалсан өөр төрлийн судалгаанд ч үнэртэй лав нь агаарт терпен гэх дэгдэмхий бодис ялгаруулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж дүгнэсэн байна. Үүнийг 2024 оны “Орон сууцны барилгад үнэртэй лав ашиглах үеийн терпены ялгарал болон хүний биед үзүүлэх нөлөөллийг үнэлэхүй” судалгаанд дурджээ. Энэхүү судалгааг хийхдээ тусгай төхөөрөмжөөр агаар дахь бодисын хэмжээг тогтоосон байна. Судалгааны өгөгдлөөс үзэхэд үнэртэй лаа, лав (wax) төрлийн бүтээгдэхүүнийг халаахад монитерпен, монитерпенойд гэх мэт олон төрлийн нэгдэл агаарт ялгардаг нь тогтоогджээ. Энэ нь амьсгалын замаар дамжин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн байна.

Эдгээр судалгааны материалаас дүгнээд үзэхэд, үнэр гаргах зорилгоор тусгай хэрэглүүр ашиглан хайлуулдаг лав нь дотоод орчин дахь агаарын озонтой урвалд орж, нано бөөм ялгаруулдаг байна. Энэ нь хүний биед сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд дизель хөдөлгүүр, хийн зуухтай адил хэмжээний бичил тоосонцрыг агаарт ялгаруулдаг. Гэвч хүний биед хэрхэн нөлөөлж, ямар өвчин үүсгэх магадлалтайг илүү нарийн шинжлэх шаардлагатай байгаа аж.

Ташрамд дурдахад, нано бөөм нь 100 нанометрээс жижиг, нарийн бүтэц бүхий өчүүхэн хэсэг юм. Энэ нь маш жижиг хэмжээтэй учраас амьсгал, хоол хүнс, арьсаар дамжин хүний биед нэвтрэх боломжтой. Ингэснээр эс, эдийг гэмтээж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Гэвч нано бөөм аюул учруулах эсэх нь хэмжээ, найрлага, концентрац, өртсөн хугацаа зэрэг хүчин зүйлээс хамаардаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Үнэртэнтэй хайлуулдаг лав (scented wax melts) нь дотоод орчинд дизель хөдөлгүүрийн утаатай дүйцэхүйц хэмжээний нано бөөмс ялгаруулдгийг тогтоожээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document