Search

“Сар бүр үсээ будсанаас бөөр нь өвдсөн байж болзошгүй” гэж эмч нар таамагласныг хэтрүүлэн мэдээлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1630

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хятад улсын нэгэн залуу бүсгүй бөөрний дутагдалд орж, амь нас нь аюултай байдалд хүрсэн тул Жэнжөү хотын эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Шалтгаан нь сар бүр үсээ хэт их буддаг байсантай холбоотой байжээ” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үсний будаг нь олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд эдгээр бодис хүний биед арьсаар шингэх эсвэл агаарт ууршин амьсгалаар дамжин бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Гэхдээ одоогоор хийгдсэн клиник судалгаагаар PPD-ын хордлого ихэвчлэн санамсаргүй залгиснаар үүсдэг бөгөөд нүүр, хүзүүний хаван, хурц бөөрний дутагдал зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Харин арьсаар дамжин бөөрний шууд гэмтэл үүсгэх нь харьцангуй цөөн тохиолддог байна.

2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Zereg.mn (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Хятад улсын нэгэн залуу бүсгүй бөөрний дутагдалд орж, амь нас нь аюултай байдалд хүрсэн тул Жэнжөү хотын эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Шалтгаан нь сар бүр үсээ хэт их буддаг байсантай холбоотой байжээ” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ. Уг пост 1,300 гаруй реакц, 65 сэтгэгдэл авч, 1,300 гаруй удаа цааш түгээгджээ.

Тус постод, “…Өвчтөн ердөө 20 настай бөгөөд K-pop урсгал болон түүний гадаад төрхийг маш их шүтдэг байсан учраас дуртай дуучдынхаа үсний өнгөтэй ижил болгохын тулд тогтмол үсээ буддаг байжээ. Гэвч 2025 оны есдүгээр сард түүний биед аюулын дохио илэрч эхэлсэн байна. Хөлөн дээр нь улаан толбо гарах, гэдэс өвдөх, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Эмнэлэгт очиход эмч нар түүнийг “үсний будганд агуулагдах хорт бодисууд биеэр дамжин бөөрөнд нөлөөлснөөс үүдсэн хурц нефрит” гэдэг өвчнөөр өвчилсөн гэж оношилжээ. Энэ бол үсний будагны олон сөрөг үр дагаврын зөвхөн нэг нь бөгөөд тэдгээр бодисууд нь амьсгалын тогтолцоонд саатал үүсгэх, бүр цаашлаад хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх аюултайг судлаачид нотолжээ гэжээ.

Шалгасан мэдээллийн анхдагч эх сурвалж нь 2025 оны 10 дугаар сарын 04-нд South China Morning Post сайтад “Дуртай одынхоо үсний өнгийг дуурайхын тулд сар бүр үсээ буддаг байсан Хятад бүсгүй химийн бодисын улмаас бөөрний өвчтэй болжээ” гэх гарчигтай нийтлэгджээ.

Тус мэдээнд, “Жэнжөүгийн Ардын эмнэлгийн эмч Тао Чэньянгийн хэлснээр, Хуа гэх эмэгтэй дуртай алдартан нь үснийхээ өнгийг өөрчлөх болгонд үсчний салоныг зорьж, бараг сар бүр нэг удаа үсээ будуулдаг байсан байна”, …нийгмийн сүлжээнд K-pop-ийн шүтээнүүд үсээ байнга өөрчилдөг нь тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай хэлэлцүүлэг өрнөсөн тухай дурджээ.

Гэвч “үсний будагт агуулагдах бодисууд бөөрөнд нөлөөлсөн” гэх дүгнэлт нь одоогоор эмнэл зүйн баталгаагаар нотлогдоогүй, харин эмч нарын урьдчилсан сэжиглэл буюу таамаг түвшинд байх магадлалтайг анхаарах хэрэгтэй. Үүнийг баталгаажуулахын тулд эмнэлгийн албан ёсны тайлан, шинжилгээний дүн болон тухайн тохиолдлыг бүртгэсэн эрдэм шинжилгээний баримт шаардлагатай.

Ихэнх үсний будаг тодорхой хэмжээний химийн бодис агуулдаг тул анхаарах хэрэгтэй

Үсний будаг нь олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд эдгээр бодис хүний биед шингэх замаар эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой гэж судлаачид үздэг. Тухайлбал, үсний будаг гурван үндсэн төрөлтэй байдаг. Үүнд:

  • Түр зуурын (temporary dyes)- нэг удаагийн угаалтаар арилдаг
  • Хагас байнгын (semi-permanent)- 4–5 удаагийн угаалтад тэсвэртэй
  • Байнгын (permanent dyes)- өнгийг удаан хадгалдаг

Эдгээрээс байнгын будаг хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд өнгө нь удаан хадгалагддаг ч химийн урвал үүсгэдэг тул эрсдэлтэй гэж үздэг байна. Ялангуяа бараан өнгийн будаг илүү их химийн бодис, тухайлбал азот агуулсан органик нэгдлүүд агуулдаг аж.

АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн мэдээллийн сайтад нийтлэгдсэн, 2009 онд хийсэн судалгаанд, “Үсний будагны хордлого нь хөгжиж буй орнуудад хүний санаатай өөрийгөө гэмтээх гол шалтгаануудын нэг” болж байгаа тухай тэмдэглэжээ.

Дээр дурдсан хамгийн өргөн хэрэглэгддэг байнгын будгийг дахин исэлдүүлэгч (oxidation dyes) ба даралттай (progressive dyes) гэж ангилдаг. Исэлдүүлэгч будгууд нь парафенилендиамин (PPD) гэх будаг үүсгэгч бодис болон устөрөгчийн хэт исэл агуулдаг. Эдгээрийг үс будах үед хольж хэрэглэдэг ба химийн урвалын үр дүнд үсний өнгө тогтдог байна.

Парафенилендиамин (PPD) гэж юу вэ?

Парафенилендиамин (PPD) нь нүүрсний давирхайгаас гаргаж авсан нэгдэл бөгөөд исэлдэлтийн үед “Брандовскигийн суурь” хэмээх хортой нэгдэл үүсгэдэг байна. Энэ бодис нь:

  • Мөгөөрсөн хоолойн хаван (амьсгалын замын хаван)
  • Булчингийн задрал (зүрхний булчингийн үрэвсэл)
  • Судсан доторх улаан эс задарч, улмаар бөөрний хурц дутагдал үүсгэдэг.

Гэхдээ нэг анхаарах зүйл нь одоогоор хийгдсэн байгаа клиник судалгаагаар PPD-ын хордлого ихэвчлэн санамсаргүй залгиснаар үүсдэг болохыг тэмдэглэгдсэн ба үүнд нүүр, хүзүүний хаван, хурц бөөрний дутагдал зэрэг ордог байна. Харин арьсан дээр түрхэх үед шууд бөөрний хүнд гэмтэл үүсэх тохиолдол харьцангуй цөөн болохыг 2012 онд хийгдсэн судалгаанд дурджээ.

Парафенилендиамин (PPD) агуулсан үсний будгийг хэрэглэхийн өмнө заавал “сорил (patch test)” хийхийг савлагаанд анхааруулсан байдаг. PPD-д харшил үүсэхэд арьсны үрэвсэл цочмог, дунд зэрэг эсвэл архаг хэлбэрээр илэрч болох ба эхний өртөлтөд шинж тэмдэг ажиглагдахгүй байж болох ч дараагийн өртөлтүүдэд харшлын урвал илэрч, удаан хугацаанд үргэлжилдэг байна.

  • Хөнгөн урвал:
    • Дээд зовхи болон чихний ирмэг орчмоор загатнах, хуурай тууралт гарах
  • Хүнд урвал:
    • Зовхи, толгой, нүүр, хүзүү орчмоор улайж, хавдаж, цэврүүтэх
  • Тууралт тархах:
    • Эхлээд хүрсэн хэсэгт гарч, дараа нь гар, цээж болон бусад хэсэгт тархах
Үсний будаг хэрэглэсний дараа арьсанд үүсдэг харшлын үрэвсэл (арьсанд үүсэх харшлын үрэвсэл нь үсний будагны тунтай шууд хамааралтай), Эх сурвалж: DermNet

АНУ-ын Хорт хавдрын нийгэмлэгийн мэдээлснээр, Одоогийн байдлаар шинжлэх ухаанаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг батлаагүй байна” гэжээ.

Үсний будаг хэрэглэх үед найрлага дахь бодисууд нь арьсаар шингэх эсвэл агаарт ууршин амьсгалаар дамжин бие махбодод ордог. Иймээс үсчин, гоо сайханч, салоны ажилтнууд хэрэглэгчдээс илүү их өртдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Харин жирийн хэрэглэгчдийн хувьд өртөлт харьцангуй бага байдаг ч олон жилийн турш тогтмол хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үздэг.

Иймээс үсний будаг хэрэглэхдээ дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөхийг АНУ-ын Хорт хавдрын нийгэмлэг зөвлөж байна. Үүнд:

  • Бүтээгдэхүүний зааврыг анхааралтай дагаж мөрдөх
  • Арьсны сорилыг тогтмол хийх
  • Хамгаалалтын бээлий өмсөх
  • Будгийг арьсанд удаан хугацаагаар байлгахгүй байх

Дүгнэхэд, үсний будаг нь олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд эдгээр бодис хүний биед арьсаар шингэх эсвэл агаарт ууршин амьсгалаар дамжин бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Гэхдээ одоогоор хийгдсэн клиник судалгаагаар PPD-ын хордлого ихэвчлэн санамсаргүй залгиснаар үүсдэг бөгөөд нүүр, хүзүүний хаван, хурц бөөрний дутагдал зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Харин арьсаар дамжин бөөрний шууд гэмтэл үүсгэх нь харьцангуй цөөн тохиолддог байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document