Search

Эдийн засагч Н.Энхбаярын постыг гуйвуулсан ч нэр бүхий төслүүдийн ТЭЗҮ-нд ₮28.6 болон ₮55.3 тэрбумыг тусгасан нь үнэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1629

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“…Өөдөө тэмүүлэх монгол гүүрийн зураг 28 тэрбум, Богд уулыг нүхлэх түнээлийн зураг 55 тэрбумаар хийлгэсэн…” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Постер зурагт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаярын зургийг ашиглан, хэлээгүй үгийг эшлэл болгосон боловч, тайлбарт бичсэн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх гүүрэн байгууламж, туннелийн ТЭЗҮ-д 28.6 болон 55.3 тэрбум тусгасан нь үнэн байна.

2025 оны 10 дугаар сарын 15-нд Онцлох Мэдээ хуудаснаас “Богд уул, Цэцээ гүн дээр өөртөө шилтгээн барихад 1 их наяд 503 тэрбумыг төсөвлөсөн бжээ. Тэр ордон руугаа түгжрэлгүй очихын тулд Өөдөө тэмүүлэх монгол гүүрийн зураг 28 тэрбум, Богд уулыг нүхлэх түнээлийн зураг 55 тэрбумаар хийлгэсэн. Барилгын өртөг нь 2.4 тэрбум доллар болно. Зандкагийн ЗГ 14 Мийгаа төсөл гэж галзуу солиотой юмсыг цуцалсан нь яамай..” гэсэн тайлбартай, эдийн засагч Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын зурагтай пост оруулжээ. Пост дахь зурагт “Төсвийн хараат бус зөвлөлийн дарга Н.Энхбаяр: Багш, эмчийн цалин нэмэх 830 тэрбумын 673 тэрбумаар Л.Оюун-Эрдэнэ өөртөө шилтгээн барихаар төлөвлөсөн байжээ” гэх бичвэр оруулсан байна.

Уг постыг найман хаягаас оруулж, нийт 708 шэйр авсан байна.

Гүүрэн байгууламжийн хүрээнд хөнгөн замын тээвэр /LRT/ төслийн ТЭЗҮ-г гаргахад 28.6 тэрбум төгрөг тусгаж, тендер зарласан ч хүчингүй болгожээ

2025 оны 02 дугаар сарын 17-нд “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүрхрээн ам хүртэл/ төсөл, арга хэмжээний хүрээнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн ТЭЗҮ, зураг төсөв /Улаанбаатар/ багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт 28.6 тэрбум төгрөгийн тендер зарлахад, найман компани санал ирүүлсэн ч аль нь ч шалгараагүй байна.

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

Google хайлтаас харахад энэ тендерийг нийт дөрвөн удаа зарлаж, хамгийн сүүлд хоёр сарын өмнө буюу 08 дугаар сарын 8-нд шалгаруулалтыг нээхээр зарласан ч хүчингүй болгосон байна.

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

“Хөшигийн хөндий туннел”-ийн ТЭЗҮ боловсруулах тендерт Хятадын компани 49.8 тэрбум төгрөгийн санал өгч шалгарсан байна

2024 оны 11 дүгээр сарын 11-нд “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Төв, Хөшигийн хөндий/ гаргах 55.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зарлажээ.

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

2024 оны 11 дүгээр сарын 13-нд ТӨСӨВ 2025: ХӨГЖИЛД ХӨТЛӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН ГАРААНЫ ЖИЛ гарчигтай мэдээлэл ergelt.mn сайтад гарч байсан. Уг мэдээлэлд 2025 онд хийх 15 томоохон төслийн товч танилцуулгыг гаргасан ба долдугаарт “ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ гэж онцолсон байна. Мэдээнд “Эл төслийг Хөшигийн хөндийн Номтын аманд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд 70,000 ам метр бүхий томоохон цогцолбор барина. 2025 оны төсвийн төсөлд 676.3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 210 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр тусгасан байна.” гэжээ.

Эх сурвалж: ergelt.mn

Энэхүү мэдээлэлд хавсаргасан зургуудаар Google-д хайхад 2024 оны 09 дүгээр сарын 2-нд дараа жилийнхээ төсвийн төслийн талаар Сангийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр танилцуулсан PPT байна.

Эдийн засагч Н.Энхбаяр “Багш, эмчийн цалин нэмэх 830 тэрбумын 673 тэрбумаар Л.Оюун-Эрдэнэ өөртөө шилтгээн барихаар төлөвлөсөн байжээ” гэж хэлээгүй

2025 оны 10 дугаар сарын 15-ны 12:32 цагт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Намжилдорж Энхбаяр хаягаасаа “Багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 830,0 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж тооцоолжээ. Одоо ирэх 2026 оны төсвийн төслийг УИХ-д хэлэлцэж эхэлсэн тул Төсвийн Байнгын хороо болон бусад байнгын хороод энэ шаардагдаж буй эх үүсвэрийг гаргахын тулд ирэх оны төсөвт тусгагдсан ийм хэмжээний зардлын хэмнэлтийг хийх, танах шаардлага үүсч байна. Өнгөрсөн онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, 2024 оны төсвийн тодотголд тусгагдаж байсан нэг төсөл болох Засгийн газрын нэгдсэн байрны шинэ барилгын төсөвт өртөг нь 676,3 тэрбум төгрөг байжээ. Хэрвээ тухайн үед Засгийн газар, Эрүүл мэндийн яам, БСШУЯ болон МҮЭ-ийн удирдлагууд ийм үрэлгэн төслүүдэд хөрөнгө зарцуулья гэж хэлэлцэн баталж байхын оронд багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлье гэсэн саналаа гаргаж хэлэлцүүлсэн бол аливаа хэмнэлт, таналт хийхгүйгээр шийдэх бүрэн боломжтой, хөрөнгийн эх үүсвэртэй байжээ!” гэсэн тайлбартай, гурван зурагтай пост оруулсан байна.

Уг мэдээлэлдээ хасваргасан зургууд дахь мэдээллийг шүүж үзвэл, зураг 2-т байгаа мэдээлэл нь 2024 оны 07 дугаар сарын 31-нд unuudur.mn сайтад оруулж байсан мэдээ байна. Уг мэдээнд “Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ” гээд,

  1. “Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг өөрчилж Зайсан амнаас Өвөр Зайсангийн амны чиглэлд 5.6 км урт эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ авто зам бүхий туннелэн байгууламж барьж байгуулах,
  2. “Өөдөө тэмүүлэх Монгол-Go Mongolia” ган татлагат гүүрэн байгууламжийг Туул гол, Туулын хурдны зам дээгүүр 6 эгнээтэй 2 урсгалтай, 900 метр хос цамхаг тулгууртай барьж Богд хан уулын туннелтэй холбох,
  3. Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Кувейтийн судалгааны төвийн ойролцоо 4400 га газарт барьж байгуулах,
  4. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хүрээнд нийслэлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөлтэй уялдуулж Богдхан уулыг тойрсон Хөнгөн галт тэрэгний шугам (LRT) төслийг хэрэгжүүлэх (Нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний шугам нь хос замтай, 20 хүртэлх хэвгийгээр өгсөж уруудах 1-р шатандаа Толгойт-Буянт-Ухаа-Өлзийт-Шинэ Зуунмод хот хүртэлх 46.4 км, 2-р шатандаа Шинэ Зуунмод-Зуунмод-Майдар-Налайх-Амгалан хүртэлх 60.5 км, нийт 106.9 км байхаар төлөвлөсөн),
    Туулын хурдны зам болон Шинэ тойрог замын ажлыг тус тус эхлүүлэхээр төлөвлөж байна.
    Засгийн газрын хуралдаанаас төсөл арга хэмжээний төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд, эдгээр төслийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2024 оны Улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав
    гэсэн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны мэдээллийг оруулсан байна.

Хавсаргасан гурав дахь зурагт isee.mn сайтад 2024 оны 08 дугаар сарын 15-нд нийтлэгдсэн “БАРИМТ: Богд уулын туннел, Ган татлагад гүүр, Туул хурдны зам, Солонго хорооллын зураг, ТЭЗҮ-ийн ажилд 256 тэрбумыг төсвийн тодотголоор тусгажээ” гарчигтай мэдээний хэсэг байна. Уг мэдээнд “Өнөөдөр 10.00 цагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар /2024.08.15/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ удаа 2024 оны төсвийг гурван их наяд, 127 тэрбум төгрөгөөр тодотгож, нийт төсвийг 30.5 их наяд болгон нэмэгдүүлсэн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг нэмэгдүүлж буй төсвийг өр тавьж олох бөгөөд ингэснээр Засгийн газрын өрийн хэмжээ 44.4 их наядаас 47.5 их наяд болох нь. Нэмэгдүүлж буй 3 их наяд 127 тэрбумаас 30.3 тэрбумыг Ерөнхийлөгчид, 142.2 тэрбумыг УИХ-ын даргад 384.8 тэрбумыг Ерөнхий сайдын багцад хуваарилсан мэдээлэл байна. Тэгвэл нэмэгдүүлж буй төсвийн хөрөнгөөр ямар ажил хийх тухай мэдээллийг бид хүргэж байна. Танилцуулга төсөлд бичсэнээр “Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх, бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг санхүүжилтийг шийдэх зориулна” гэжээ” гээд томоохон 10 төслийг зурагтай нь оруулсан байна.

Төслийн дөрөвдүгээрт “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” төсөл. Номтын ам, Шинэ Зуунмод хотод уг үйлчилгээний цогцолборыг байгуулахаар төлөвлөжээ. Барилгын хэмжээ урьдчилсан байдлаар 70,000 м2 бөгөөд нийт төсөвт өртөг 676,3 /тэрбум/ төгрөг. 2024 онд санхүүжих дүн болох 100 тэрбумыг төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын багцад тусгажээ. Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна” гэж мэдээлсэн байна.

Дүгнэхэд, постер зурагт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаярын зургийг ашиглан, хэлээгүй үгийг эшлэл болгосон боловч, тайлбарт бичсэн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх гүүрэн байгууламж, туннелийн ТЭЗҮ-д 28.6 болон 55.3 тэрбум төгрөг тусгасан нь үнэн байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document