Search

Сонгинын шүүсээр үсний ургалтыг сэргээх боломжтой эсэх нь бүрэн батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1628

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Найман долоо хоногийн дотор сонгинын шүүс хуйхандаа түрхсэн өвчтөнүүдийн 86% -ийнх нь үсний ургалт сэргэсэн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сонгино нь хүхэр ба антиоксидантаар баялаг тул үсний уутанцрыг дэмжиж магадлалтай гэж судлагдсан ч эмчилгээний аргаар ашиглах хэмжээнд батлагдаагүй. “Сонгинын шүүсийг хуйхандаа түрхсэн өвчтөнүүдийн 86%-ийнх нь үсний ургалт сэргэсэн” гэх мэдээлэл нь үргэлжлүүлэн судлах шаардлагатай, жижиг судалгаанаас гарсан дүгнэлт юм. Эл судалгааг цөөн тооны хүнийг хамруулж, хязгаарлагдмал хүрээнд судалсан учир нэмэлт туршилт хийж, баталгаажуулах хэрэгтэй байгаа аж.

2025 оны аравдугаар сарын 1-нд Mu Bold нэртэй хаягаас “Сонгино хүхрээр баялаг учраас үсний ургалтыг дэмждэг. Судалгаанаас харахад сонгинын шүүсийг хуйхандаа түрхсэн өвчтөнүүдийн 86% нь найман долоо хоногийн дотор үсийг сэргээдэг болохыг тогтоожээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 845 реакц, 95 сэтгэгдэл авч, 594 удаа цааш түгээгджээ. Энэхүү мэдээллийг шалгуулах хүсэлтийг манай Instagram хаягийг дагадаг хэрэглэгчээс ирүүлсэн.

Уг мэдээллийг шалгахын тулд баримт шалгах аргын анхан шатны алхмын нэг болох агуулгаар хайх аргыг ашиглалаа. Энэ хүрээнд олон улсын судалгааны сангуудыг шүүж, холбогдох түлхүүр үгсээр хайлт хийж ажиллалаа. 

Сонгино, саримс зэрэг аллиум төрлийн ургамлууд нь органик хүхэр бүхий нэгдлүүдийг агуулдаг тул өвөрмөц амт, үнэртэй байдаг. Тэдгээр нэгдлийн ачаар тухайн ургамал бактери, мөөг зэрэг микрорганизмуудыг устгаж, амьтдын халдлагаас өөрийгөө хамгаалдаг аж. 

Сонгинын энэхүү чанар нь үсний ургалтад нөлөөлдөг эсэхийг нягтлахаар олон улсын судалгааны сангуудыг шүүхэд хэд хэдэн төрлийн судалгаа илэрсэн. Тэдгээр судалгаанд сонгино нь хүхэр, антиоксидантаар баялаг тул үсний уутанцрыг дэмжихэд тустайг тогтоосон ч бүрэн батлаагүй байна. Учир нь уг сэдвээр амьтан, эсийн түвшинд судалсан нь их байна.  

Харин сонгинын шүүс үсний ургалтад хэрхэн нөлөөлдгийг хүн дээр туршсан ганцхан клиник туршилт байдаг. Тэрхүү судалгаа нь 2002 онд Иракт хийгдсэн “Сонгинын шүүсээр үс халзрах өвчнийг эмчлэх байгалийн арга” гэх судалгаа байна. Уг судалгааг хийхдээ үс халзралтын өвчтэй 23 хүнийг хамруулжээ. Оролцогчид 8 долоо хоногийн турш өдөрт хоёр удаа сонгинын шүүс түрхсэний үр дүнд тэдний 87% -ийнх нь үсний ургалт сэргэсэн нь ажиглагджээ. Гэвч уг туршилт нь цөөн хүнийг хамруулсан, жижиг хэмжээний туршилт байсан. Мөн зураг, үсний тооллого гэх мэт нарийн хэмжилт хийгээгүй, оролцогчдын санал сэтгэгдэлд үндэслэж, субьектив байдлаар хандсан байна. Үүнээс гадна эл судалгаанд зөвхөн дархлааны гаралтай халзрал /алопеци ареата/-ын тохиолдлыг шинжилж, бусад хэлбэрийн үс халзралыг хамруулаагүй юм. Иймээс тус судалгааны үр дүн нь эргэлзээтэй, нэмэлт судалгаа шаардлагатайг дурджээ.

Өөрөөр хэлбэл, тус судалгаагаар сонгинод агуулагдах нэгдлийн шинж чанар нь үсний ургалтад нөлөөлж буйг илрүүлсэн ч хязгаарлагдмал хүрээнд шинжилсэн тул үр дүн нь бүрэн батлагдаагүй байгаа юм. Энэ нь бүх хүнд адилхан үйлчлэх эсэх нь нотлогдоогүй гэсэн үг. 

Амьтан болон эсийн түвшний судалгааны материалуудад ч аллиум төрлийн ургамлууд үсний ургалтыг дэмжих магадлалтай ч эмчилгээний аргад нэвтрүүлэх хүртэл хангалттай судлагдаагүй байгаа тул нэмэлт клиник судалгаа хэрэгтэй гэж тэмдэглэжээ. Тухайлбал, 2023 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Аллиум ургамлын ханд нь хүний үсний уутанцрын эсүүдэд хүрч үс ургалтад үзүүлэх нөлөө” нэртэй судалгаанд уг сэдвийг лабораторийн орчинд тусгайлан өсгөсөн эсийн түвшинд туршсан байна. Үүнд, зэрлэг сонгинын хандыг үсний уутанцрын эсүүдэд ашиглахад хүхэр агуулсан нэгдэл нь эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, үсний ургалттай холбоотой генүүдийг идэвхжүүлсэн байна. Гэвч судлаачдын багаас уг үр дүнг батлахын тулд үргэлжлүүлэн судалж, нарийн шинжилгээ хийх шаардлагатайг дурджээ. Учир нь сонгинын ханд хүний үсний уутанцрын эсийг дэмжиж, үс ургалтад туслах найдвартай бүтээгдэхүүн мөн эсэхийг баталгаажуулах хэрэгтэй байгаа аж. 

Үүнээс дүгнээд үзэхэд, сонгино нь хүхэр ба антиоксидантаар баялаг тул үс ургалтад нөлөөлөх магадлалтай гэж судлагдсан ч эмчилгээний аргаар ашиглах хэмжээнд батлагдаагүй. Судалгааны материалуудын ихэнх нь амьтан дээр туршигдсан бөгөөд цар хүрээ, түвшин зэрэг нь хүлээн зөвшөөрөгдөхүйц бус байна. Түүнчлэн “сонгинын шүүсийг хуйхандаа түрхсэн өвчтөнүүдийн 86% -ийнх нь үсний ургалт сэргэсэн” гэх мэдээлэл нь үргэлжлүүлэн судлах шаардлагатай, жижиг судалгаанаас гарсан дүгнэлт юм. Эл судалгааг цөөн тооны хүнийг хамруулж, хязгаарлагдмал хүрээнд судалсан учир нэмэлт туршилт хийж, баталгаажуулах хэрэгтэй байгаа аж.

Тиймээс үр дүн, гаж нөлөө нь бүрэн батлагдаагүй байгаа аргыг үс ургуулах найдвартай эмчилгээ гэж үзэх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document