2025 оны 10 дугаар сарын 10-нд Boldush нэртэй Facebook хэрэглэгч “Зөвхөн багш эмч нар ажиллаж байгаа хүмүүс биш энэ мэргэжлээр сурч байгаа оюутан залуус бас нэгдэх хэрэгтэй” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 4200 гаруй реакц, 224 сэтгэгдлээр идэвхжүүлж, 632 удаа цааш түгээж, 618 мянган удаа үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийг шинжье
Түгээсэн бичлэгийг шалгаж үзвэл Монгол Улсын далбааг өөрчилсөн, засгийн газрын ордны дээвэр өөр хэлбэртэй, урд нь байрлах хөшөө зохиомол, лоозонгийн текст үг үсгийн алдаатай, мөн “Sora” гэх шошготой зэргээс OpenAI-ийн Sora 2 моделийг ашиглан бүтээсэн нь харагдаж байна. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг нь оюуны өмчийн асуудлаас зайлсхийж туг, далбаа, лого, хөшөө зэрэг бодит зүйлсийг өөрчилж, бодит бус болгодог аж.

Sora гэж юу вэ?
2024 оны эхээр OpenAI-аас гаргасан Sora 1 нь текстээс бичлэг үүсгэдэг хиймэл оюун ухааны модел юм. Гэхдээ энэ хувилбар нь зарим физикийн хөдөлгөөний хувьд болхи, зөрчилтэй, мөн зөвхөн текстээс бичлэг үүсгэдэг, камерын хөдөлгөөн энгийн зэрэг хязгаарлалтай байсан юм. Харин 2025 оны 10 дугаар сарын 01-нд танилцуулсан Sora 2 нь эдгээр сул талыг сайжруулж, илүү бодит, жигд хөдөлгөөнтэй, 3D орон зайг илүү нарийвчлалтай дүрсэлдэг, мөн текстээс гадна зураг, аудио зэргээс бичлэг үүсгэх боломжтой болсон нь маш том дэвшил болжээ.
Sora 2-ыг мэргэжилтнүүд хиймэл оюун ухаанд суурилсан видео үүсгэх технологийн томоохон дэвшил, дараагийн шат гэж үнэлж байна. Тэдний үзэж буйгаар Sora 2 нь бодит байдлыг илүү сайн тусгаж, физикийн симуляц сайжирч, дүрслэлийн нарийвчлал нэмэгдсэн зэрэг онцлогоороо AI видео бүтээлийн чанарыг шинэ түвшинд хүргэсэн гэж дүгнэжээ.
Дүгнэлт
Хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж буй энэ үед та AI ашиглан бүтээсэн зураг, бичлэгийг таньж сураарай. Бид өмнөх баримт шалгалтаараа тэдгээрийн шинж чанар, хэрхэн таних, хэрэглүүр ашиглаж шалгах зэргийг дурдсаныг эндээс үзээрэй.
Мөн та Facebook, Instagram, Threads зэрэг платформд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээх гэж байгаа бол Meta-ийн олон нийтийн журмыг мөрдөж, “AI label” хэсгийг идэвхжүүлж хэвшээрэй. Ингэснээр бусдыг төөрөгдүүлэх, агуулгын утгыг гажуудуулахаас сэргийлэх юм.



