2025 оны аравдугаар сарын 11-нд Ecomall нэртэй хуудаснаас “Дунд хуруу нь таны толгой, нуруутай холбоотой байдаг. Хэрвээ та утас, компюьтер удаан үзсэний дараа толгой өвдөх, хүзүү хөшиг мэдрэмж төрвөл хоёр гарынхаа дунд хурууны үзүүр хэсгийг 30 секундын турш зөөлөн илж, дарж массаж хийгээрэй. Ингэснээр таны толгой хөнгөрч сэргэг болж, хүзүүний хөдөлгөөн уян хатан болохыг мэдрэх болно” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 2000 гаруй реакц, 19 сэтгэгдэл авч, 1700-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тодорхой нэг цэг дээр дарж, массаж хийснээр тухайн хэсгийг өвдөлтийг бууруулах уламжлалт анагаах ухааны арга бий ч “дунд хурууны үзүүрийг 30 секунд илэхэд толгой хөнгөрч хүзүү уян болно” гэх аргыг нотолсон судалгааны материал байхгүй. Уг аргыг 2024 оны аравдугаар сарын 20-нд that.urban.monk нэртэй Instagram хэрэглэгч нийтэлсэн байна. Эл хэрэглэгчийг Bama Kim гэдэг бөгөөд бясалгал, чигонг (хүний дотоод энерги) зэргээр сэтгэлийн эрүүл мэндийг дэмжих дадлагыг бусдад заадаг хүн гэж өөрийн Linked In хаягтаа тайлбарлажээ. Бичлэг түгээгч нь ямар нэг шинжлэх ухааны салбарын мэргэжилтэй, эсвэл судлаач, эрдмийн бүтээлтэй гэж дурдаагүй байна.
Анатоми буюу биеийн бүтцээрээ дунд хуруу нь хүзүү, толгойтой шууд холбогддоггүй. Гэвч хүзүүний долоодугаар нугалмаас үүсдэг мэдрэлийн ёзоор нь гарын булчин, бугуйн хөдөлгөөнийг хянадаг. Уг мэдрэлийн ёзоор нь хүзүүний зургаа, долоодугаар нугалмын хооронд байрлаж гарын ар, дунд хурууны хэсэгт мэдрэхүйн дохио дамжуулдаг.

Өөрөөр хэлбэл, Хүзүүний долоодугаар нугаламд гарын хөдөлгөөн, мэдрэхүйн чадварт нь нөлөөлдөг мэдрэлийн систем байрладаг бөгөөд дунд хурууны мэдрэхүйг энэ хэсгээс зохицуулдаг байна. Энэ нь дунд хуруу шууд толгой, хүзүүтэй холбогддог бус нугаснаас дамжсан мэдрэлийн сүлжээний нэг хэсэгт хамаардаг эрхтэн гэсэн үг юм.
Уламжлалт анагаах ухаанд толгой өвдөж, хүзүү хөшсөн үед хурууны үзүүрт массажлахаас илүү чилж, зовуурилсан хэсэгт дарж, иллэг хийх аргыг түгээмэл ашигладаг байна. Энэ талаар 2012 оны “Хүзүү, нурууны массажны дараа толгойн өвдөлт буурах нь” судалгаанд мигрений толгойн өвдөлтийг эмийн бус аргаар намдаах боломжтой эсэхийг шинжилжээ. Ингэхдээ хүзүү, сээр, нурууны массаж хийх аргыг туршсан байна. Туршилтад оролцогчид массажны дараа толгойн өвдөлт буурч, сэтгэл ханамж өндөртэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгаа нь уламжлалт анагаах ухааны бариа, массажны аргын үр нөлөөг дээшлүүлсэн ч судлаачдын зүгээс илүү өргөн хүрээний, нарийн судалгаа хийж баталгаажуулах хэрэгтэй гэж тэмдэглэжээ.
Харин гар, хурууны үе хоорондын цэгэн иллэгийг нэмэлт эмчилгээний хэлбэрт тооцдог байна. Уламжлалт анагаах ухааны хүрээнд уг аргыг шинжилсэн олон тооны судалгаанууд хийгдсэн. Тэдгээр судалгааны ихэнх нь цэгэн иллэгийг өвдөлт багасгаж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж байна гэж дүгнэжээ. Цэгэн иллэг хийх үеийн даралтаас үүдэн цусны эргэлтийг сайжирч, булчинд хуримтлагдсан хүчлийг гадагшлуулж буй нь булчингийн стресс, ядаргааг багасгахад тустай байдаг аж. Тухайлбал, 2023 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн өгүүллэгт зүрх судасны өвтэй хүмүүст гарын массаж буюу цэгэн иллэг хэрхэн нөлөөлж буйг тодорхойлсон байна. Тус судалгаанд Александриягийн Их Сургуулийн Төв Эмнэлгийн зүрхний тасагт эмчилгээ хийлгэж байсан 60 өвчтөнийг хамруулж хоёр бүлэгт хуваажээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүст цэгэн иллэг хийснээс тодорхой хугацааны дараа өвчтөнүүдийн түгшүүрийн түвшин, өвдөлтийн хэмжээ буурч ядаргаа багассан нь ажиглагджээ. Үүнээс үүдэн хуруу хоорондын цэгэн иллэг нь өвчтөнүүдийн бие, сэтгэлзүйн зовуурийг бууруулахад туслах үр дүнтэй сувилахуйн арга гэж дүгнэсэн байна. Гэвч уг арга нь аливаа өвчнийг эдгээх эмчилгээний хэлбэр бус өвдөлт намдааж, тайвшруулахад туслах нэмэлт арга юм.
Хэдийгээр гар, хуруу хоорондын цэгэн иллэгийг олон улсын судалгаагаар баталж байгаа боловч яг дунд хурууны цэгэн иллэгийг онцолж дурдсан судалгааны материал хязгаарлагдмал байна. Нэг үгээр хэлбэл, Дунд хурууны цэгэн иллэгийг голчилж шинжилсэн судалгааны материал алга.
Массажийг сөрөг нөлөө, эрсдэл багатай эмчилгээний арга гэж үздэг ч зарим өвчний үед хориглосон заалттай байдаг тул ямарваа нэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээний талаар зөвлөгөө авах нь зүйтэй. Учир нь бариа, массаж, иллэг зэргээр өвчний шинж тэмдгийг намдааж буй нь түр хугацаанд үр дүнгээ өгч буй арга хэмжээ тул өвчнийг бүрмөсөн эдгээхгүй. Эсрэгээрээ эмнэлэгт хандах хугацааг хойшлуулж өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Иймээс батлагдаагүй аргыг хэрэглэж цаг алдахаасаа өмнө эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө аваарай.
Дүгнээд хэлэхэд, хүний хүзүүний нугалам нь хүзүү, мөр, гар, гарын алганы булчинг хөдөлгөх, мэдрэхүйн дохио дамжуулах үүрэгтэй. Үүнээс, хүзүүний долоодугаар нугалам буюу C7 хэсэг нь гарын гурван толгойт булчин, бугуйн булчинг хянаж, гарын ар, дунд хуруу хэсэгт мэдрэхүйн дохио өгдөг байна. Харин “дунд хурууны үзүүрийг 30 секунд илэхэд толгой хөнгөрч хүзүү уян болно” гэх арга нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, төөрөгдүүлсэн ойлголт юм.




