2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Xopгүй бoл Эpcдэлгүй (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Вэйп хэрэглээд мянга, зуугаараа үхэж байна, өвдөж байна гэсэн нотолгоо эрдэм шинжилгээний түвшинд ямар ч баталгаагүй хэвээр байна” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 1,800 гаруй реакц, 48 сэтгэгдэл авч, 1,000 гаруй удаа цааш түгээгджээ.
Мөн Өөр сонголт, Хор хөнөөлийг бууруулах хөтөлбөр, Залуу Үеэ Хамгаалцгаая гэсэн Facebook хаягууд Facebook-т boost хийн түгээж, 1,000 гаруй хандалт авчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээллийн хавсаргасан зурагт постерт “2024 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 89 сая хүн вэйп хэрэглэж байгаа гэж Global State of Tobacco Harm Reduction (GSTHR) тайланд дурдсан байдаг. Гэтэл олон жил болсон ч вэйп хэрэглээд мянга, зуугаараа үхэж байна, өвдөж байна гэсэн нотолгоо эрдэм шинжилгээний түвшинд ямар ч баталгаагүй хэвээр байна” гэжээ.
Тэгвэл, GSTHR-ийн мэдээлснээр, 2021 онд дэлхий даяар электрон тамхи хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 82 саяд хүрч байсан бол, шинэ өгөгдөл болон сайжруулсан тооцооллын үр дүнд 2023 онд 114 саяд хүрсэн гэжээ.

Америкийн Хорт хавдар судлалын нийгэмлэг, Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зэрэг мэргэжлийн байгууллага электрон тамхи нь “харьцангуй бага эрсдэлтэй байж болох ч ХОРГҮЙ БИШ” хэмээн анхааруулдаг.
Электрон тамхи нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн тул урт хугацааны нөлөөллийг нь судлах ажил одоо ч үргэлжилж байгааг анхаарах хэрэгтэй. Шалгасан мэдээлэлд дурдсан “Вэйп хэрэглээд мянга, зуугаараа үхэж байна, өвдөж байна гэсэн нотолгоо эрдэм шинжилгээний түвшинд ямар ч баталгаагүй хэвээр байна” гэсэн нь бүрэн бус мэдээлэл юм.
Тухайлбал, утаат тамхи болон бусад тамхин бүтээгдэхүүнд агуулагддаг, улаан хоолойн хавдар үүсгэдэг нь тогтоогдсон NNN (N-нитрозонорникотин) гэх бодис нь мөн электрон тамхины хэрэглээтэй холбоотой илэрсэн байна. Тодруулбал, 2018 онд хийсэн “Электрон тамхи хэрэглэгчдийн шүлсэнд хавдар үүсгэгч N′-нитросонорникотин агуулагдаж байгаа эсэх” нэртэй судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн амны хөндийн шүлсэнд NNN (N-нитросонорникотин) бодис эндоген (дотроосоо дотоод үйл ажиллагааны үр дүнд) байдлаар мэдэгдэхүйц хэмжээгээр нийлэгжиж байгааг тогтоожээ.
- Иймд “электрон тамхи улаан хоолойн хавдар үүсгэх боломжгүй” гэж анх үзэж байсан ч, хэрэглэгчийн биед уг бодис нийлэгжин үүсэж байгаа учраас хавдар үүсгэх эрсдэлтэйг тогтоосон байна.
Электрон тамхи нь уушгины үйл ажиллагааг тодорхой хэмжэээд бууруулах, мөн амьсгалын замын үрэвслийг нэмэгдүүлдэг
Хэдийгээр электрон тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ялангуяа астма өвчтэй өвчтөнүүдийн хувьд хангалттай судлагдаагүй ч, одоогийн судалгаануудын дүнгээс харахад электрон тамхи хэрэглэх нь уушгины үйл ажиллагааг бууруулж, амьсгалын замын үрэвслийг нэмэгдүүлдэг нь ажиглагдсан байна.
Тухайлбал, 2021 онд АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд нийтлэгдсэн “Электрон тамхи ба астма: Одоогоор бид юу мэдэж байна вэ?” нэртэй судалгааны үр дүнд электрон тамхи нь астмад сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ялангуяа Th2 төрлийн үрэвсэл эрчимжиж, улмаар астма өвчтэй хүмүүсийн шинж тэмдгийг дордуулах, өвчний сэдрэлийн давтамж болон хүндрэлийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.
- Th2 төрлийн үрэвсэл гэдэг нь дархлааны эсүүд хэт идэвхжиж, амьсгалын замыг үрэвсүүлж, нарийсгах процесст оролцдог бөгөөд энэ нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Эдгээр дархлааны эсүүд нь халдвараас хамгаалах үүрэгтэй байдаг ч, хэт идэвхжсэн тохиолдолд харшил, астма зэрэг өвчин үүсгэх эрсдэлтэй.
Үүнээс гадна АНУ-ын насанд хүрэгчдийн дунд буй амьсгалын замын өвчлөл ба электрон тамхины хоорондын хамаарлыг 2013-2018 онд судалжээ. Уг судалгаагаар, электрон тамхи татдаг хүмүүс тамхи огт татдаггүй хүмүүстэй харьцуулахад амьсгалын замын өвчин тусах магадлал 40 орчим хувиар илүү гарсан байна. Харин 2019 онд хийсэн ижил төрлийн судалгааны дүнгээр, электрон тамхи болон утаат тамхины зөвхөн аль нэгийг хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хоёуланг нь хэрэглэдэг хүмүүст амьсгалын замын өвчин тусах эрсдэл илүү өндөр байгааг тогтоожээ.
Электрон тамхи нь судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ
Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Институт-ийн санхүүжүүлсэн 2022 онд хийсэн судалгаагаар электрон тамхи удаан хугацаагаар хэрэглэх нь судасны үйл ажиллагааг гэмтээж, улмаар зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Мөн “Электрон тамхийг удаан хугацаанд хэрэглэдэг хүмүүсийн судасны өвчин үүсэх эрсдэл нь янжуур тамхи татдаг хүмүүсийнхтэй төстэй байж болзошгүй” хэмээн дурдсан байна.
Тус судалгаанд удаан хугацаанд электрон тамхи хэрэглэсэн, янжуур тамхи татдаг, болон тамхи огт татдаггүй хүмүүсийн цусны дээжийг авч үнэлжээ. Үр дүнгээс үзэхэд, судасны гэмтэл нь тодорхой бодисоос биш, амьсгалын замыг цочроох бодисын (никотин) нөлөөгөөр вагус мэдрэлийн систем идэвхжиж, үрэвсэл үүсгэх замаар бий болдог болохыг тогтоожээ.
- Вагус мэдрэлийн систем нь тархинаас гараад амьсгалын замыг биеийн бусад хэсэгтэй холбож, зүрхний цохилт, амьсгал болон бусад үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хулгана дээр хийсэн туршилтын үр дүнд электрон тамхинд өртүүлсэн 38 хулганаас нэг нь уушгины хавдар, нэг нь давсагны урьтал хавдрын өөрчлөлт илэрчээ
2021 онд АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд нийтлэгдсэн “Электрон тамхи нь хорт хавдар үүсгэж болох уу?” нэртэй судалгаанд нэгэн туршилтыг онцолжээ.
Тухайлбал, хулганыг худалдаанд байдаг электрон тамхины шингэнээр ууршуулан 54 долоо хоногийн турш өртүүлсэн бөгөөд энэ нь хүний хувьд ойролцоогоор 3–6 жил электрон тамхи татсантай дүйцэх хэмжээний өртөлт юм. Судалгааны үр дүнд электрон тамхинд өртсөн 40 хулганаас 9 нь уушгины аденокарцинома (булчирхайн гаралтай хорт хавдар), 23 нь давсагны урьтал хавдрын үе шат болох “уротелиаль гиперплази” үүсгэсэн байна. Харин хяналтын 38 хулганаас нэг нь уушгины хавдар, нэг нь давсагны урьтал хавдрын өөрчлөлт илэрчээ.
Хуулийн хяналтгүй, найрлага нь тодорхойгүй электрон тамхи нь уушгины хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин болох EVALI-ийн шалтгаан болж байна
EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) нь электрон тамхи болон вэйп бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой үүсдэг хүнд хэлбэрийн уушгины гэмтэл бөгөөд анх 2019 онд АНУ-д бүртгэгдэж байсан.
EVALI өвчний үүсгэгч хүчин зүйлүүдийн нэг нь витамин Е ацетат (vitamin E acetate) хэмээх бодис гэж үздэг. АНУ-ын Cleveland Clinic, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг бодис нь вэйпийн шингэнд, ялангуяа тетрагидроканнабинол (THC) буюу каннабисын идэвхтэй найрлага агуулсан бүтээгдэхүүнд түгээмэл агуулагддаг байна. Витамин Е ацетат нь тослог бүтэцтэй тул уушгинд орсон тохиолдолд уушгины альвеолын хананд наалдаж, амьсгалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж судалгаагаар тогтоожээ.
Витамин Е ацетатаас гадна зарим үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодис ашигладаг. Уг химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж, сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг тухай АНУ-ын “Johns Hopkins Medicine” албан ёсны сайтад мэдээлжээ. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.
Гэхдээ витамин Е ацетат, диацетил зэрэг бодис нь бүх электрон тамхины шингэнд агуулагддаггүй. Их Британи, Европын Холбоо зэрэг орнууд хууль тогтоомжоор диацетил ашиглахыг хориглосон байдаг.
- Харин хууль бус, баталгаагүй гаралтай бүтээгдэхүүнд тетрагидроканнабинол (THC) агуулагдах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор олон улсын эрүүл мэндийн байгууллагууд электрон тамхины бүтээгдэхүүний найрлагыг нарийвчлан хянах, хэрэглэгчдэд болзошгүй эрсдэл, найдвартай бус эх үүсвэр бүхий THC-шингэний талаар мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх шаардлагатайг онцолдог.
Шалгасан мэдээллийг нийтэлсэн хаягууд Facebook-т boost хийж түгээж байгаагаас гадна нэг хаягаас олон групп руу түгээсэн байна

Ийм байдлаар мэдээллийг зориуд, хиймлээр түгээх үзэгдэл нь олон нийтэд тухайн асуудлаар яг түгээж буй агуулгаараа ойлгуулахыг санаархсан зохион байгуулалттай мэдээлэл түгээх үйл ажиллагааны нэг илрэл юм.
Дүгнэхэд, электрон тамхины урт хугацааны нөлөөллийг баталгаатай тодорхойлсон судалгаа одоогоор дутмаг боловч одоогийн богино хугацааны болон ажиглалтын судалгааны дүнгээс үзэхэд электрон тамхи хэрэглэснээр уушгины үйл ажиллагаа буурах, амьсгалын замын үрэвсэл үүсэх, зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлэх зэрэг эрсдэл ажиглагдсан байна.
Мөн хуулийн хяналтгүй, найрлага нь тодорхойгүй электрон тамхи нь уушгины хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин болох EVALI-ийн шалтгаан болж байна. 2025 оны гуравдугаар сарын 19-нд EVALI өвчний анхны тохиолдол Орос улсад илэрсэн. Түүнчлэн 2020 оны байдлаар АНУ-д EVALI өвчний 2,807 тохиолдол бүртгэгдсэнээс 68 нь нас баржээ.




