2025 оны есдүгээр сарын 28-нд Detox Mongolia нэртэй хуудаснаас “Pure Body буюу шинэчлэгдсэн Detox бүтээгдэхүүн маань арьс, махыг чангалж, галбиртай жин хасахад тусалдаг. Энэхүү бүтээгдэхүүний онцлог шинж чанар нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, эрүүлжүүлж өгдөг. Ингэснээр элэгний фермент тэнцвэржиж, алат асатын хэмжээ хэвийн болж, бодисын солилцоо сайжруулна. Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо эрүүлжиж, өтгөн гаралт сайжирна. Элэг, сахар, зүрх судас, бамбай булчирхайн асуудалтай бүх хүмүүс хэрэглэж болох бүтээгдэхүүн” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 78 реакц, 21 сэтгэгдэл авч, 378 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Pure Body гэх бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй байна. Ийм төрлийн батлагдаагүй бүтээгдэхүүнүүдийг олон улсын худалдааны сайтуудад байршуулдаг ч шалгаж буй мэдээлэлд дурдсан Pure Body-ийн талаар мэдээлэл байхгүй байна.
Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Вьетнамын Ladophar компанийн албан ёсны вебсайтад тухайн бүтээгдэхүүний орц найрлагыг дурджээ. Тодруулбал, тус бүтээгдэхүүнд артишокийн ханд, вернония амигдалина (Африкийн олон наст ургамал)ханд, нано куркумин, линжи мөөгний ханд зэрэг орц агуулагддаг байна.
Эдгээр орцыг элэг, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайнаар нөлөөлж, жин хасахад тусалдаг эсэхийг тодорхойлохын тулд олон улсын судалгааны санг шүүлээ. Судалгааны хайлтаар тухайн бүтээгдэхүүний найрлагад буй ургамлуудын ханд нь үрэвслийн эсрэг чанартай, био идэвхт нэгдэл агуулсан, дархлаа дэмжих үйлчилгээтэй гэж судалсан ихэнх орцынх нь үр нөлөөг голчлон амьтан, цөөн тооны хүний судалгаанд тулгуурлаж дүгнэсэн тул бүрэн нотлогдоогүй байгаа юм.
Тухайлбал, артишок нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, зарим элэгний эмгэгээс хамгаалах боломжтой ургамлын нэг гэж судлагдсан ч хүний хэрэглээ, эмийн зах зээлд нэвтрүүлэхийн тулд илүү өргөн хүрээг хамарсан, нарийн судалгаа хийх шаардлагатай байгаа аж. Энэ талаар 2022 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Артишокын ханд нь өөх тос ихтэй хоолноос үүдэлтэй элэгний өөхлөлтийг бууруулахад нөлөөтэй” гэсэн судалгаанд үрэвслийн эсрэг шинж чанартай учир инсулины эсэргүүцлийг бууруулж, элэг хамгаалахад тустай байж болох юм гэж дурджээ. Эл судалгааг хархан дээр туршсан бөгөөд стандарт лабораторийн орчинд шинжилсэн байна. Амьтан дээр туршсан уг судалгаагаар тухайн ургамлын ханд нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, элгэнд эергээр нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан ч урьдчилсан дүгнэлт гэдгийг сануулж, илүү дэлгэрүүлэн судалсаар байгаа гэдгийг тэмдэглэжээ.
- Өөрөөр хэлбэл, артишок ургамал нь элэгний эрүүл мэндэд тустай байх боломжтой ч үүнийг батлахын тулд илүү нарийн судалж, хүн дээр туршсан, урт хугацааны клиник судалгаа шаардлагатай байгаа аж.
Харин линжи нь Зүүн Азийн нутгаар ургадаг улаан хүрэн өнгөтэй, өвөрмөц төрлийн мөөг юм. Тус мөөгийг биеийн ерөнхий дархлаа дэмжих, үрэвслийг бууруулах, элэг хамгаалах зорилгоор Хятад, Японд уламжлалт аргаар ашиглаж байсныг хэд хэдэн судалгааны өгүүллэгт тэмдэглэсэн байна. Гэвч зарим тохиолдолд элгэнд гэмтэл үүсгэж, сөргөөр нөлөөлж буй нь ажиглагдсан байна. Дэлгэрүүлбэл, “Архи, линжи мөөгний хавсарсан хэрэглээнээс үүссэн цочмог элэгний гэмтэл: Тохиолдлын шинжилгээ” судалгаанд 47 настай эрэгтэйн элэгний өвчний тохиолдолд шинжилгээ хийжээ. Судалгааны эхний шатанд элэгний өвчлөлийг архины хэрэглээтэй шууд холбоотой гэж үзсэн. Гэвч линжи мөөгний хавсарсан хэрэглээ өндөр байсныг анзаарч, энэ тохиолдлыг бусад судалгаатай харьцуулж, дүгнэлт хийжээ. Судалгааны багаас “Дэлхий даяар мөөг, ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа тул тэдгээрт агуулагдах бодисын талаарх судалгааг өргөжүүлэх хэрэгтэй. Ялангуяа этанол зэрэг нийтлэг хэрэглэгддэг бодисуудтай харилцан үйлчилж, сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай эсэхийг олж, нарийвчлан судлах шаардлагатай” гэж дүгнэсэн байна.
Элэг цэвэрлэх болон бусад эрхтэн тогтолцоонд ашигтай гэх детокс ундаануудын үр дүнтэй байдалд хийсэн шинжлэх ухааны судалгаа хязгаарлагдмал бөгөөд батлагдаагүй зарим бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. АНУ-ын Хоол хүнс, Эмийн Удирдлагын Агентлаг болон Холбооны Худалдааны комиссоос олон төрлийн ургамлын гаралтай цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд худал мэдээлэл тараасан, хортой орц агуулсан, шошго, тэмдэг зөрүүлсэн гэх мэт үндэслэлээр арга хэмжээ авсан байдаг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн нь зарим төрлийн эмийн үйлчлэлийг ихэсгэх эсвэл багасгах, элэгний гэмтэл үүсгэх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.
Мөн “Johns Hopkins Medicine”-ий сайтад элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийн талаар тайлбарласан байна. Үүнд, “Элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг элэгний эрүүл мэндийг дэмжиж, элэгний асуудлыг шийдэх арга гэж сурталчилдаг ч стандарт хангаагүй, клиникийн туршилтаар батлагдаагүй байх нь бий. Детокс бүтээгдэхүүний зарим найрлагыг элэгний үрэвслийг бууруулах, элэгний гэмтлээс хамгаалах нөлөөтэй гэж үздэг ч урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэхийг зөвлөсөн судалгааны материал байхгүй. Энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүний зарим нь эмийн гаралтай элэгний гэмтэл үүсгэж, элгэнд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Элэгний эрүүл мэндээ хамгаалахын тулд согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс зайлсхийж хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга юм” гэжээ.
Үүнээс дүгнэхэд, элэг цэвэрлэх ундаа, бэлдмэл, детокс зэрэг нэмэлт бүтээгдэхүүний үр дүн, аюулгүй байдлыг нотолсон шинжлэх ухааны судалгаа хангалттай хийгдээгүй. Мөн хувь хүний нас, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Элгээ хамгаалж, эрүүл мэнддээ анхаарах хамгийн аюулгүй бөгөөд ээлтэй арга нь зөв хооллож, согтууруулах ундаа, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх явдал юм.
Ташрамд дурдахад, элэгний үндсэн дөрвөн төрлийн фермент бий ч цусны шинжилгээнд ихэвчлэн хоёр төрлийн фермент нь хэмжигддэг. Тэдгээр нь аспартат, аланин гэх энерги элэгний бодисын солилцоог дэмждэг фермент юм. Энэхүү ферментүүд нь элэгний гэмтэл, өвчлөлийн үед цусанд ихсэж шинжлэгддэг байна. Тиймээс элэгний өвчлөлтэй буюу шинжилгээнд өөрчлөлттэй гарсан үед дур мэдэн детокс бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлхийж, эмнэлэгт хандаарай.




