2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Tsetseg Byambaa (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “БНХАУ хилээр гарч буй бүх төрлийн барааны албан татвараа 40% хүртэл нэмэх шийдвэр гаргачихсан өчигдөр! 1ш бараа бүрээс татвар авдаг болно гэсэн үг!” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 2,000 гаруй реакц, 208 сэтгэгдэл авч, 432 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тус постын сэтгэгдэл хэсэгт WeChat аппликэйшнээс авсан хятад хэл дээрх дэлгэцийн зураг (screenshot) оруулсан байна. Уг текстийн албан ёсны эх сурвалж нь БНХАУ-ын Үндэсний Татварын Ерөнхий Газрын сайтад 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нийтлэгдсэн, Аж ахуйн нэгжийн орлогын татварын урьдчилсан тайлагналтыг оновчтой болгох тухай мэдэгдлийн хэсэг байна.
Харин мэдээлэлд “БНХАУ хилээр гарч буй бүх төрлийн барааны албан татварыг 40 хувь хүртэл нэмэх шийдвэр гаргасан” гэх агуулга огт байхгүй байсан.

Бид Хятад улсын албан ёсны мэдээллийн сайт болох Xinhua News Agency, China Daily, CCTV зэрэг сайтад 2025 оны 10 дугаар сарын 9-нд “БНХАУ хилээр гарч буй бүх төрлийн барааны албан татвараа 40% хүртэл нэмэх шийдвэр гаргасан” гэх мэдээлэл нийтлэгдсэн эсэхийг нягтлахад илэрц байсангүй. Харин тус өдрийн нийтлэлүүдэд Хятад улс өндөр хатуулагтай материал, ховор металл зэрэг бүтээгдэхүүнд экспортын хяналтын арга хэмжээ авч байгааг зарласан тухай мэдээлсэн байна.
Тухайлбал, China Daily мэдээллийн сайтад “Хятад улс ховор металлын гол технологид экспортын хатуу хяналт тогтоолоо” гэсэн гарчигтай мэдээ 2025 оны 10 дугаар сарын 9-нд нийтэлжээ. Тус мэдээлэлд, БНХАУ нь ховор металлын олборлолт, хайлуулах, соронзон үйлдвэрлэл, дахин боловсруулах зэрэг бүх технологийн экспортод хяналт тогтоож, гадаад руу гаргахаас өмнө зөвшөөрөл авахыг шаардсан тухай дурджээ.
Мөн Xinhua News Agency мэдээллийн сайтад, “Хятадын Худалдааны яам болон Гаалийн ерөнхий газар пүрэв гарагт өндөр хатуулагтай материал, ховор металлтай холбоотой тоног төхөөрөмж, мөн батерейтай холбоотой бүтээгдэхүүнүүдэд экспортын хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдлээ” гэжээ. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сарын 8-наас эхлэн дараах зүйлсийг зөвшөөрөлгүйгээр экспортлохыг хориглохоор тусгажээ.
- өндөр хатуулагтай материал болон түүнтэй холбоотой тоног төхөөрөмж
- ховор металлын тоног төхөөрөмж ба түүхий эд
- дунд ба хүнд төрлийн таван ховор элемент
- литиум-ион батерей
- хиймлээр гарган авсан графит анод материал
Дүгнэхэд, “БНХАУ хилээр гарч буй бүх төрлийн барааны албан татвараа 40% хүртэл нэмэх шийдвэр гаргасан” талаар албан ёсны эх сурвалжаас гаргасан мэдээлэл байхгүй байна. Харин 2025 оны 10 дугаар сарын 9-нд Хятад улс хэт хатуу материал, ховор металл, батерейтай холбоотой бүтээгдэхүүнд экспортын хатуу хяналт тогтоосон тухай Xinhua News Agency, China Daily зэрэг Хятадын мэдээллийн сайтууд мэдээлжээ.






