Search

“Илүүдэл өөхийг бүрэн арилгана” гэх агуулга бүхий бичлэг төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1618

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хоолны дэглэм барихгүй, дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүйгээр илүүдэл өөх шатаах бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд хоолны дэглэм барихгүй, дасгал хөдөлгөөн хийлгүйгээр бүх өөхийг шатаана гэж дурдсан. Энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм. Тус бүтээгдэхүүний албан ёсны танилцуулгад хоолны дуршил бууруулах замаар жин хасахад туслана гэж онцолсон ба гол найрлагатай холбоотой судалгаануудад жиеийн жин бага хэмжээгээр бууруулсныг харуулсан ч биеийн бүх өөхийг шатааж, тураана гэсэн дүгнэлт гаргаагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 27-нд Balporo Bbae- Аюулгүй турах шийдэл, дахин жин нэмэхгүй нэртэй хуудаснаас илүүдэл өөх шатаах бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,400 гаруй реакц, 1,500 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлжээ. Бичлэгт “Хэвлий, гуяны өөх, тохой бугалгын өөхийг шатаадаг. Хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй, хэт их дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүй. Маш аюулгүй хурдан шингэдэг, ходоодонд хор хөнөөл учруулахгүй, B3, B5 витамины ачаар арьсыг чангалж, толигор болгоход тусалдаг. Жингээ амжилттай хассаны дараа үрчлээ үүсэхгүй” гэх агуулгыг дурдсан бүтээгдэхүүнээ сурталчилжээ.

Шалгасан бүтээгдэхүүний гол найрлага болох Garcinia Cambogia нь жин хасахад нөлөөтэй гэсэн судалгаа бий ч нөлөөгүй гэсэн судалгаа бас бий. Мөн ховор тохиолдолд элэгт сөрөг нөлөө үзүүлдэг ба Австрали, Франц улс элэгний ямар нэг өвчинтэй хүмүүс хэрэглэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Мөн Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Garciana Cambogia агуулсан бүтээгдэхүүний шошгод “Ховор тохиолдолд элэг гэмтээж болзошгүй, хэрэглэх үед алкохол уухаас зайлсхийх хэрэгтэй” гэж өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг энэ оны 09 дүгээр сарын 23-нд гаргасан.

Солонгосын PM12 брэндийн Youtube сувагт орсон Balporo Bbae  бүтээгдэхүүний танилцуулгын бичлэгтжин хасахад зориулсан витамин агуулсан газтай уух бүтээгдэхүүн. Хоолны дуршлыг бууруулж, авах илчлэгийн хэмжээг бууруулна. Нүүрс ус боловсруулалтыг дэмжинэ. Нэг ширхэг нь 12 калори. Нас хүйсээс үл хамааран хүн бүр хэрэглэх боломжтой” хэмээн тайлбарлажээ. Мөн тус бүтээгдэхүүний савлагаанд гол найрлагуудыг онцлон  “가르시니아 캄보지아 추출물, 나이아신, 판토텐산” (Garcinia cambogia ханд, ниацин, пантотений хүчил) гэж оруулжээ.

Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 23-нд Garciana Cambogia агуулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүний шошгод өөрчлөлт оруулж, “Ховор тохиолдолд элэг гэмтээж болзошгүй, хэрэглэх үед алкохол уухаас зайлсхийх хэрэгтэй” гэж оруулах шаардлагатайг анхааруулжээ. Тус мэдэгдэлд шалгасан бүтээгдэхүүнтэй ижил төрлийн Garciana Cambogia агуулсан тураах бүтээгдэхүүнтэй холбоотой сөрөг үр нөлөө гарсан ба Эрүүл мэндийн функциональ хүнсний асуудлыг хэлэлцэх хороогоор хэлэлцсэний дараа эргүүлэн татахаа мэдэгджээ.

Garcinia cambodia (шинжлэх ухааны нэршил Garcinia gummi-gutta )нь Зүүн өмнөд Азийн нутгаар ургадаг  шар, ногоон өнгөтэй жимс юм. Уг жимсэнд гидроксицитийн хүчил (hydroxycitric acid (HCA)  агуулагддаг. Сүүлийн үед Garcinia cambogia агуулсан бүтээгдэхүүнийг хоолны дуршил бууруулах, тураах үйлчилгээтэй хэмээн сурталчлах болсон. АНУ-ын Нэмэлт, цогц эрүүл мэндийн үндэсний төвийн сайтад оруулсан Garcinia Cambogia жимсний тухай мэдээлэлд “Garcinia Cambogia агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь аюултай байж магадгүй. Элэгний гэмтэлтэй холбоотой тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь ховор тохиолдол юм. Мөн Garciana Cambogia хэрэглэх сөрөг нөлөө нь толгой өвдөх, дотор муухайрах, суулгах, ходоод гэдэсний замын бусад шинж тэмдэг илрэх” хэмээн мэдээлжээ.

2003 онд нийтлэгдсэн “Garcinia cambogia (Hydroxycitric Acid)-ийн дотор өөхний хуримтлалд үзүүлэх нөлөө: давхар сохор, санамсаргүй, плацебо хяналттай туршилт” судалгаанд 39 хүн хамрагдсан ба үүний 18 нь туршилтын хэсэг, 21 нь плацебо бүлэг байжээ. 12 долоо хоногийн туршилт хийсэн ба үүнээс хойш 4 долоо хоногийн хугацаанд бүх оролцогчдыг плацебо бүлэгт хамруулан хариу үйлдлийг судалсан байна. Эмчилгээний бүлэг (Garciana cambogia хэрэглэсэн бүлэг) нь плацебо бүлгийнхтэй харьцуулахад дотор өөхлөлт, нийт өөхийг мэдэгдэхүйц бууруулсан. 12 дахь долоо хоногт биеийн жингийн индекс (Body Mass Index-BMI), биеийн жинд мэдэгдэхүйц ялгаа гараагүй ч эрэгтэйчүүдийн биеийн жин, BMI багаар буурсан үзүүлэлттэй байжээ.

 “Garcinia cambogia нэмэлтийн таргалалтын индексэд үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм ба тунгийн хариу урвалын мета-шинжилгээ” судалгаагаар 530 оролцогчийг хамруулсан 8 туршилтад дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнд Garcinia Cambogia агуулсан бэлдмэл нь плацебо бүлэгтэй харьцуулахад биеийн жинг бууруулсан гэж дүгнэжээ.

Гарциний хандыг (гидроксицитийн хүчил) жин хасах нэмэлт болгон ашиглах нь: Эмнэлзүйн санамсаргүй туршилтуудын системчилсэн тойм, мета-шинжилгээ” судалгаанд 706 оролцогч хамруулсан 12 эмнэлзүйн санамсаргүй туршилтад дүн шинжилгээ хийсэн. Мета-шинжилгээгээр HCA болон плацебо бүлгийн хооронд биеийн жингийн өөрчлөлтөд бага ялгаа илэрсэн ба нийт үр нөлөөний хэмжээ хэт бага, эмнэл зүйн санамсаргүй туршилтуудыг авч үзэхэд статистикийн хувьд ач холбогдолгүй хэмээн дүгнэжээ. Мөн дараа дараагийн туршилтууд удаан хугацаанд үргэлжилсэн, илүү сайн тайлагнасан байх шаардлагатай гэж онцолжээ.

Нийт 135 хүнийг хамруулсан “Garcinia cambogia (гидроксицитийн хүчил) нь таргалалтын эсрэг бодис болох: санамсаргүй хяналттай туршилт” эмнэл зүйн туршилтаар эмчилгээний бүлгүүд хооронд өөхний жингийн алдагдлыг тооцоолсон жинд мэдэгдэхүйц ялгаа гараагүйг харуулжээ.

Мөн Австралийн засгийн газрын харьяа Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, насжилтын газраас ” Garcinia gummi-gutta (Garcinia cambogia) эсвэл hydroxycitric хүчил (HCA) агуулсан эм, ургамлын гаралтай нэмэлтүүд нь ховор тохиолдолд элэгний гэмтэл учруулж болзошгүй… Хэрэв дараах шинж тэмдгүүд илэрвэл Garciana Cambogia агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоож, эмчид хандаарай.

  • Нүд, арьс шарласан
  • Шээсний өнгө өтгөрөх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Ядрах,
  • хоолны дуршил буурах,
  • ходоод, хэвлийгээр өвдөх,
  • сульдах  

Хэрэв элэгний асуудал, ямар нэг өвчинтэй бол Garciana агуулсан эм, бэлдмэл бүү хэрэглээрэй” хэмээн анхааруулжээ.

Францын Хүнс, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлаг Anses-аас Garciana Cambogia агуулсан хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх нь ноцтой сөрөг үр дагавар үүсгэдэг тул хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Дүгнэлт

Шалгасан мэдээлэлд хоолны дэглэм барихгүй, дасгал хөдөлгөөн хийлгүйгээр бүх өөхийг шатаана гэж дурдсан. Энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм. Тус бүтээгдэхүүний албан ёсны танилцуулгад хоолны дуршил бууруулах замаар жин хасахад тусална гэж онцолсон ба гол найрлагатай холбоотой судалгаануудад биеийн жин бага хэмжээгээр бууруулсныг харуулсан ч биеийн бүх өөхийг шатааж, тураана гэсэн дүгнэлт гаргаагүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

PM12 Youtube суваг

Pm12 худалдааны сайт

АНУ-ын Нэмэлт, цогц эрүүл мэндийн үндэсний төвийн сайт

Garcinia cambogia (Hydroxycitric Acid)-ийн дотор өөхний хуримтлалд үзүүлэх нөлөө: давхар сохор, санамсаргүй, плацебо хяналттай туршилт” судалгаа

Garcinia cambogia нэмэлтийн таргалалтын индексэд үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм ба тунгийн хариу урвалын мета-шинжилгээ” судалгаа

Гарциний хандыг (гидроксицитийн хүчил) жин хасах нэмэлт болгон ашиглах нь: Эмнэлзүйн санамсаргүй туршилтуудын системчилсэн тойм, мета-шинжилгээ” судалгаа

Garcinia cambogia (гидроксицитийн хүчил) нь таргалалтын эсрэг бодис болох: санамсаргүй хяналттай туршилт” судалгаа

Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны сайт-Garciana Cambogia агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой мэдэгдэл

Австралийн засгийн газрын харьяа Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, насжилтын газрын сайт

Францын Хүнс, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын Anses агентлаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хоолны дэглэм барихгүй, дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүйгээр илүүдэл өөх шатаах бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document