Search

Өнөө цаг үеийн хүмүүсийн ген Хомо Сапиенсаас ч өмнөх бүлэгтэй холбогддог

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1617

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“14,800-аас 5,500 жилийн өмнөх занданшуулсан цогцсууд орчин үеийн хүний ДНХ-тэй адилхан биш байна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд Ливи улсаас олдсон занданшуулсан шарил нь неандерталь хүний төрөлтэй төстэй гэж тэмдэглэсэн ч орчин үеийн хүний гентэй хамааралгүй гэж дурдаагүй байна.

2025 оны есдүгээр сарын 29-нд MFC News нэртэй Facebook хуудас орчин үеийн хүмүүстэй генийн холбоогүй байх нууцлаг хүн төрөлтөн олдсон тухай пост түгээжээ. Постод тэмдэглэснээр “14,800-аас 5,500 жилийн өмнө, Африк тив чийглэг байх үед өнөөгийн Сахарын цөл нь ногоон саванна, нуур, намаг, ой мод бүхий үржил шимт газар байжээ. Тэр цагт уг нутагт амьдарч байсан нэгэн нууцлаг хүн төрөлтнүүдийн бүлэг орчин үеийн хүмүүстэй ямар ч ДНХ-ийн холбоогүй байсан нь судалгаагаар тогтоогдсон байна” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлсэн байна. Уг пост 1600 гаруй реакц, 68 сэтгэгдэл авч, 230 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг анх 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд Nature шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн “Сахар орчмоос олдсон занданшуулсан шарилаас Хойд Африкийн удам угсааг илрүүлсэн” гэх судалгаанд дурджээ. Эл судалгаагаар Ливи улсын баруун өмнөд хэсэгт орших “Такаркоригийн хад” гэдэг газраас ойролцоогоор 7,000 жилийн настай, шинэ чулуун зэвсгийн үеийн хоёр эмэгтэй хүний цогцос олж, ДНХ шинжилгээ хийсэн байна. Уг олдвор нь ойролцоогоор 15,000 жилийн өмнө амьдарч байсан анч, түүвэрлэгч хүмүүсийн удамд хамааралтай болох нь тогтоогдсон. Үүнээс гадна тухайн олдвороос авсан гений мэдээлэл нь одоогийн Сахарын бүс нутгийн бус Хойд Африкийн гаралтай байсан нь судлаачдын анхаарлыг татжээ. Энэхүү олдворыг бүс нутаг, угсаа гарвал, цаг үечлэл зэргээс үүдэн шинжлэх ухаанд бүрэн тодорхойлогдоогүй, шинэ төрлийн удамшлын нэг хэсэг гэж үзжээ. Үүнийг судалгааны багийнхан соёлоор дамжуулан Африкийн угсаанаас салж тусгаарлагдан, Сахарын өмнөд хэсэгт нутаглаж, урт хугацаанд бие даасан байдлаар оршин тогтносон угсааны бүлэг гэж дүгнэжээ. Мөн тус олдворыг ДНХ-ийн хувьд эртний неандерталь хүний төрөлтэй төстэй гэж тэмдэглэсэн ч орчин үеийн хүний гентэй хамааралгүй гэж дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Nature сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаа нь Сахарын цөлийн өмнөд хэсгээс олдсон занданшуулсан шарил нь Хойд Африкийн гаралтай угсаанд хамаарагдаж буй нь соёлын нөлөөтэй холбоотой байх магадлалтайг тогтоосон байна. Энэ нь шинжлэх ухаанд бүрэн тодорхойлогдоогүй, шинэ төрлийн удамшлын зүйлийг нээсэнд тооцогдож байгаа юм.

Хүний хөгжил 300,000-аад жилийн өмнөөс эхлэлтэй

Хүний хөгжлийг ихэвчлэн 300,000-аад жилийн өмнө Африкт үүссэн Хомо сапиенс популяцаас гаралтай гэж үзсээр ирсэн. Ингэхдээ түүхийн олдвор, эд өлгийн зүйл, эртний хүний генетик зэргээс үндэслэн шинжилдэг байжээ.

Гэвч өнөөгийн хүн төрөлхтний ДНХ нь зөвхөн Хомо сапиенс бус түүнээс ч өмнөх өвөг дээдсийнх нь гентэй холбоотойг генетикийн олон төрлийн судалгаагаар баталсан байна. Тухайлбал,

2025 онд Nature сэтгүүлд хэвлэгдсэн Кембрижийн их сургуулийн судлаачдын судалгаагаар орчин үеийн хүмүүс нь ойролцоогоор 1.5 сая жилийн өмнө хоорондоо салсан хоёр эртний популяцаас үүссэн болохыг олж тогтоожээ. Эдгээр бүлгүүд ойролцоогоор 300,000 жилийн өмнө дахин нэгдэж, нэг бүлэг нь орчин үеийн хүний гений бүрэлдэхүүний 80%-ийг, нөгөө нь 20%-ийг бүрдүүлсэн гэж үзсэн байна. Энэ талаар судалгааны багийн хамтрагч профессор Эйлвин Скалли “Хоёр популяц тусгаарлагдсаны дараа нэг нь хомсдолд орж, хүн амын тоо нь эрс буурсан. Үүнээс хойш нэг сая жилийн дотор аажмаар өссөн байх хандлагатай байна. Энэ бүлэг нь орчин үеийн хүний гений 80%-ийг бүрдүүлээд зогсохгүй Неандерталь болон Денисовчуудын өвөг дээдэс болсон бололтой.” гэж дурджээ.

Тус судалгаанд археологийн судалгааны нарийн аргуудыг ашиглаж, шинжилсний үр дүнд одоогийн хүн төрөлхтний үүсэл гэх хоёр популяцыг Хомо эректус (Homo erectus) болон Хомо хейдельбергенсис (Homo heidelbergensis) нар байх магадлалтай гэж үзсэн байна. Гэвч аль нь аль генетикийн өвөгтэй таарч байгааг тогтоохын тулд цаашид илүү их судалгаа хийж, түүхийн олдвор цуглуулах шаардлагатай гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Мөн уг судалгааны багынхан судалгааныхаа загварыг улам нарийвчлан боловсруулж, хүн ам хоорондын гений солилцоог тооцоолж, антропологийн бусад нээлтүүдтэй хэрхэн уялдаж байгааг судлахаар төлөвлөж байгаа аж.

Үүнээс дүгнээд үзвэл, Кембрижийн их сургуулийн судлаачдын багийнхны боловсруулсан өгөгдөл нь одоогийн хүний ген Хомо сапиенс үеэс ч өмнө оршиж байсан популяцтай хамааралтай байх боломжтойг харуулж байна.

Ташрамд дурдахад, Неандерталь, Денисовын хүний бүлэг нь зэрэгцээ үүссэн бөгөөд Хомо сапиенсийн овогт тооцогддог эртний хүний төрөл юм. Харин Хомо эректус, Хомо хейдельбергенсис нар нь 1.9 сая жилээс 500 мянган жилийн тэртээ үүссэн неандерталийн өмнөх үечлэлийн хүн билээ.

Мөн археологийн үечлэлийн хүрээнд 14,800-аас 5,500 жилийн өмнөх хугацаа нь дээд палеолит (хуучин чулуун зэвсгийн дээд үе), мезолит (дунд чулуун зэвсгийн үе) болон неолит (шинэ чулуун зэвсгийн үе)-тэй давхацдаг. Эдгээр үеүдэд ан агнуур, түүврийн амьдралаас хөдөө аж ахуй, газар тариалан, суурин хэв маягт шилжсэн. Тухайн үечлэлд Хомо сапиенс (Homo sapiens) буюу өнөөгийн хүний төрөл гэж тооцогдох бүлэг аль хэдийн үүсчихсэн байсан бөгөөд оюун ухаан, багаж хэрэгсэл нь хөгжиж, нийгмийн зохион байгуулалтад орж, соёл иргэншлийн суурийг тавьсан аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)   

Эх сурвалж: 

Сахар орчмоос олдсон занданшуулсан шарилаас Хойд Африкийн удам угсааг илрүүлсэн тухай судалгааны материал

Кембрижийн их сургуулийн судлаачдын судалгааны талаарх мэдээлэл

Nature сэтгүүлд хэвлэгдсэн хүний хөгжлийн талаар судалсан Кембрижийн их сургуулийн судалгаа

Хомо сапиенс популяц одоогийн хүний гентэй хамааралтайг судалсан судалгааны материал

Британника нэвтэрхий толь, Неандерталь хүний тайлбар

Британника нэвтэрхий толь, Денисов хүний тайлбар

Британника нэвтэрхий толь, Дээд палеолитын үечлэлийн тайлбар

Британника нэвтэрхий толь, Мезолит үечлэлийн тайлбар

Британника нэвтэрхий толь, Неолит үечлэлийн тайлбар

Британника нэвтэрхий толь, Хомо сапиенс хүний бүлэг

Британника нэвтэрхий толь, Хомо эректус хүний бүлэг

Британника нэвтэрхий толь, Хомо хейдельбергенсис хүний бүлэг

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document