Search

“Магнийн бэлдмэлүүд сэтгэл гутралыг долоохон хоногийн дотор арилгадаг” гэх зурагт хуудас төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1616

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Судалгаанаас харахад магнийн бэлдмэлүүд сэтгэл гутралыг долоохон хоногийн дотор арилгадаг” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Магни нь тархины мэдрэлийн эсийг хамгаалж, сэтгэл гутралын шинжийг бууруулахад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж болох ч, одоогийн судалгаанууд хязгаарлагдмал бөгөөд үр дүнг батлахад хангалтгүй байна.

2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Mu Bold (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Судалгаанаас харахад магнийн бэлдмэлүүд сэтгэл гутралыг долоохон хоногийн дотор арилгадаг” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 634 гаруй реакц, 13 сэтгэгдэл авч, 563 гаруй удаа цааш түгээгджээ.

Тус постод,

  • Магни нь бие махбод дахь 300 гаруй биохимийн урвалд оролцдог амин чухал эрдэс бөгөөд тархины үйл ажиллагаа, сэтгэл санааг зохицуулдаг. Магнийн бага түвшин нь сэтгэлийн түгшүүр, стресс, сэтгэл гутралын шинж тэмдгүүдтэй удаан хугацааны туршид холбоотой байдаг. Судалгаанд өдөр бүр магнийн бэлдмэл хэрэглэдэг оролцогчид нэг долоо хоногийн дотор сэтгэлийн байдал, эрч хүч, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал мэдэгдэхүйц сайжирсан гэж мэдэгджээ.
  • Магни нь хямд, өргөн боломжтой бөгөөд уламжлалт антидепрессант эмтэй харьцуулахад маш бага гаж нөлөө үзүүлдэг. Эмчилгээнд тэсвэртэй сэтгэл гутралтай тэмцэж байгаа эсвэл нэмэлт аргыг хайж байгаа хүмүүст энэ нь үр дүнтэй хувилбарыг санал болгож чадна.
  • Эрдэмтэд магни нь тархинд нейротрансмиттерийг тэнцвэржүүлж, сэтгэл гутралын шинж тэмдгүүдэд нөлөөлдөг үрэвслийг бууруулдаг гэж үздэг. Урт хугацааны үр нөлөөг батлахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгаа ч судалгаагаар ажиглагдсан хурдацтай сайжруулалт нь дэлхий даяар сая сая хүмүүст шинэ найдвар төрүүлж байна.
  • Энэ нь магни нь нэг төрлийн эмчилгээ гэсэн үг биш юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь нарийн төвөгтэй бөгөөд эмчилгээ нь ихэвчлэн амьдралын хэв маяг, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг хослуулахыг шаарддаг. Гэсэн хэдий ч судалгааны үр дүн нь сэтгэцийн эрүүл мэндэд хоол тэжээлийн ач холбогдлыг онцолж, заримдаа хамгийн энгийн шийдэл нь хамгийн үр дүнтэй болохыг харуулж байна.

Шалгасан мэдээллийн постер зургийн текстэд “Судалгаанаас харахад магнийн бэлдмэлүүд сэтгэл гутралыг долоохон хоногийн дотор арилгадаг” гэсэн боловч тус постын тайлбарын төгсгөлд Урт хугацааны үр нөлөөг батлахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэсэн нь мэдээллийн агуулга хоорондоо зөрчилдөж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 25 грамм магни байдаг ба үүний 50–60 хувь нь ясанд, үлдсэн хэсэг нь цус болон зөөлөн эдүүдэд агуулагддаг

Магни нь хүний биед хамгийн чухал эрдэсийн нэг бөгөөд уураг нийлэгжилт, булчин ба мэдрэлийн үйл ажиллагаа, цусны даралт болон цусан дахь сахарын түвшинг зохицуулах зэрэг 300 гаруй биохимийн урвалд оролцдог байна. Мөн ДНХ ба РНХ нийлэгжих, ясны бүтэц бүрэлдэхэд оролцохын зэрэгцээ кальци, калийн тэнцвэрийг хадгалснаар зүрхний хэм, булчингийн агшилт, мэдрэлийн дамжуулалтыг хэвийн байлгахад чухал үүрэгтэй аж.

ScienceDirect судалгааны сангийн мэдээллийн сайтад магнийг “тархины үйл ажиллагаа, мэдрэлийн эсийн уян хатан байдалд чухал нөлөөтэй үндсэн эрдэс юм” гэжээ. Харин магнийн дутагдал нь сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэцийн шинж тэмдгүүдийг үүсгэж болзошгүй талаар дурджээ. Тухайлбал, магни нь тархины нейрохимийн системд нөлөөлж, сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулах боломжтой гэж үздэг байна.

Магни нь тархины мэдрэлийн эсийг хамгаалж, сэтгэл гутралын шинжийг бууруулахад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж болох ч, одоогийн судалгаанууд хязгаарлагдмал бөгөөд үр дүнг батлахад хангалтгүй байна

2023 онд хийгдсэн долоон клиник туршилтын тойм судалгаагаар магнийн нэмэлт нь сэтгэл гутралын шинж тэмдгийг мэдэгдэхүйц сайжруулсан гэж дүгнэжээ. “Зөвхөн магни нь сэтгэл гутралыг эмчлэхэд хангалтгүй, гэхдээ үүнийг ярианы сэтгэл засал болон антидепрессант зэрэг бусад эмчилгээтэй хослуулбал үр дүнтэй” гэж судлаачид үзжээ.

Энгийнээр тайлбарлавал,Магни нь тархины мэдрэлийн эсийг хамгаалдаг. Харин магни дутагдвал энэ хамгаалалт суларч, мэдрэлийн эсүүд хэт идэвхжиж гэмтэн, сэтгэл гутрал улам хүндрэх магадлалтай юм.

Мөн Medical Research Archives сэтгүүлд нийтлэгдсэн жижиг хэмжээний судалгаагаар хүмүүс хоёр долоо хоногийн турш өдөрт нэг грамм магни хэрэглэсэнээр нойрны чанар сайжирсан гэж мэдээлжээ. Үүнийг Бостоны Туфтсын Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуульд сэтгэл судлалын туслах профессор Жеймс Гринблатт “Хэрвээ та сайн амарсан бол сэтгэл хөдлөл ба стрессээ илүү сайн удирдах боломжтой” хэмээн тайлбарласан байна.

Шалгасан мэдээлэлд “Судалгаанд өдөр бүр магнийн бэлдмэл хэрэглэдэг оролцогчид нэг долоо хоногийн дотор сэтгэлийн байдал, эрч хүч, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал мэдэгдэхүйц сайжирсан” гэсэн нь 2006 онд хийгдсэн судалгаанд дурдагджээ. Гэсэн хэдий ч судалгаанд дурдсан сэтгэл гутралын үед магни хэрэглэснээр хурдан эдгэрсэн тохиолдлууд нь 59, 23, 35, 40 настай дөрвөн хүний мэдээлэл дээр тулгуурласан бөгөөд үр дүнг бүхэлд нь ерөнхийлж дүгнэхэд оролцогчдын тоо цөөн, хязгаарлагдмал байгааг анхаарах хэрэгтэй.

Дүгнэхэд, сэтгэл гутралд магнийн нэмэлт нөлөөлөх талаарх судалгаа хязгаарлагдмал, одоогоор хийгдсэн судалгааны оролцогчдын тоо цөөн, хугацаа богино, үр дүн харилцан адилгүй байна. Иймээс “магни хэрэглэснээр долоо хоногийн дотор сэтгэл гутрал бүрэн арилна” гэдэг нь шинжлэх ухааны үндэслэл сул, дэгсдүүлсэн ойлголт юм. Одоогоор хийгдсэн судалгааны үр дүн нь магни зарим хүмүүст дэмжлэг үзүүлж болохыг харуулсан ч, энэ нь эмчилгээний гол арга биш бөгөөд сэтгэл заслын болон эмийн эмчилгээтэй хослуулах, мэргэжлийн хяналттай хэрэглэх шаардлагатайг судлаачид онцолдог.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document