2025 оны 09 дүгээр сарын 30-нд Анхаарах тун нэртэй хуудаснаас “Та Cass пиво уусан бол яаралтай эмнэлэгт үзүүл гэвэл итгэх үү?” гэх гарчигтай богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг 775 реакц, 10 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,800 гаруй удаа цааш түгээжээ. Бичлэгт “Үргүй болох аюултай. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хэрэглэхээс зайлсхий гэсэн анхааруулга Солонгосын хэвлэл мэдээллүүдээр гарч байжээ. Мөн иргэд Касс пиво уугаад эм шиг исэлдсэн гашуун амт амтагдаж, ариутгалын бодис үнэртлээ гэсэн гомдол гарч ресторан, цэнгээний газар байсан их хэмжээний касс пиво буцаагдсаныг Солонгосын KBS, YTN, JBTS, SBS телевизүүд мэдээлсэн байна. Мөн шар айргийн үйлдвэрийн ажилтны хэлснээр одоохондоо кассаас зайлсхий. Ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд үүнээс татгалзах хэрэгтэй гэх мэт цуу яриа kakaotalk болон цахим сүлжээгээр тархсан. Солонгос улс дотооддоо хадгалах, тээвэрлэх, үйлдвэрлэх асуудал маш их гаргадаг. Тэгтэл хаа байсан алс хол Монгол Улс руу баталгаатай тээвэрлэлт хийж чадах уу? Чанартай Солонгос шар айраг бид хэрэглэж чадаж байгаа юу?” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Cass брэндийн шар айраг цэвэрлэгээний бодис шиг үнэртсэн гэх үйл явдал 2014 онд болсон ба тухай үед солонгосын KBS, MBC, CNB news, YTN зэрэг телевиз энэ талаар мэдээлж байжээ. Хэрэглэгчид Cass брэндийн шар айргаас ариутгалын бодис үнэртэж, амтагдаж байсан тухай олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна. Тус шар айргийн үйлдвэрлэгч OB компаниас “үйлдвэрлэлтэй холбоотой асуудал байхгүй ба шар айраг хөргөгчинд хадгалагддаг бүтээгдэхүүн биш тул зарим бүтэгдэхүүн түгээх явцад ялангуяа зуны улиралд нарны гэрэл, өндөр температураас болж мууддаг” гэж тайлбарласан тухай KBS мэдээллийн сайтад 2014 оны 08 дугаар сарын 01-нд мэдээлжээ (архивласан хувилбар).
Уг үйл явдалтай холбоотой Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас OB beer компанийн 3 үйлдвэрт шалгалт хийж, шар айргаас гарсан үнэр нь исэлдэлтээс болсон ба үйлдвэрлэлийн явцад стандарт бус зүйл байхгүй тухай 2014 оны 08 дугаар сарын 27-нд албан ёсны сайтдаа мэдээлжээ (архивласан хувилбар). Тус тайлбарт “OB шар айргийн гурван үйлдвэрт шалгалт хийж, ариутгалын үнэр гарч болзошгүй үйлдвэрлэлийн бүх процесс, тэр дундаа ус, автоматжуулсан цэвэрлэх (CIP – clean in place) хэсгийг шалгасан. Яамны зүгээс үлдэгдэл хлороос шалтгаалсан амт байхгүй гэж дүгнэсэн. Үйлдвэрлэлийн усыг крантны уснаас гаргадаг ба хлорын үлдэгдэл болон амтыг арилгахын тулд идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр, озоны боловсруулалт хийдэг. Тааламжгүй амт үүсгэх тодорхой нөхцөл байгаагүй” хэмээн дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Мөн YTN телевизийн Youtube сувагт 2014 оны 08 дугаар сарын 26-нд орсон мэдээнд “OB beer үйлдвэр энэ жилийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан шар айргийн үйлдвэрлэлийн тоон хэмжээг өсгөсөн ч борлуулалт хүлээгдэж байснаас харьцангуй удаашралтай байсан. Энэ явцад бараа материалын менежмент муу байснаас асуудал үүссэн байж болзошгүй… Шар айраг дахь хүчилтөрөгчийн хэмжээ их байвал шар айраг халах үед исэлдэх магадлал өндөр” хэмээн тусгажээ.
Үргэлжлүүлэн Cass шар айраг үргүйдэлд хүргэдэг тухай мэдээлэл хайхад баталгаатай эх сурвалжийн мэдээлэл олдсонгүй. Шалгасан мэдээлэлд “нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд cass шар айргийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээн цахим сүлжээнд цуу яриа тархсан” гэж мэдээлсэн. Энэ нь албан ёсны, баталгаат эх сурвалжгүй болохыг илтгэж байна.
Зөвхөн Cass шар айраг үргүйдлийн гол шалтгаан болохгүй ба алкохол, тамхины хэрэглээ үргүйдлийн эрсдэлт хүчин зүйл болдог.
Эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоонд үргүйдэл ихэвчлэн үрийн шингэн гадагшлуулалт, эр бэлгийн эсийн тоо, түвшин, хэвийн бус хэлбэр, хөдөлгөөн зэргээс үүдэлтэй байдаг. Эмэгтэйчүүдийн үргүйдэл олон зүйлээс шалтгаалах ба өндгөвч, умайн, фаллопийн хоолой, дотоод шүүрлийн систем зэрэг олон төрлийн эмгэгээс үүдэлтэй байж болох тухай Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын сайтад мэдээлжээ. Алкохол үргүйдлийн гол шалтгаан болохгүй ч эрсдэлт хүчин зүйл болдог. Эрүүл мэндийн мэдээлэл түгээдэг Мэйо клиникийн сайтад жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй хүн алокол огт хэрэглэхгүй байхыг зөвлөсөн ба алкохол эрэгтэй хүний бэлгийн эсийн тоо, хөдөлгөөнд нөлөөлдөг тухай мэдээлжээ.
Дүгнэлт
2014 онд гарсан мэдээллийг дэгсдүүлсэн тайлбартай түгээжээ. Тухайн үед Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Cass шар айргийн гурван үйлдвэрт шалгалт хийж, үйлдвэрлэлийн явц стандартын дагуу байсныг дэлгэрэнгүй тайлбарласан ба шар айргаас гарсан үнэр тээвэрлэлтийн явцад исэлдсэнээс үүссэн хэмээн мэдээлж байжээ.




