2025 оны 10 дугаар сарын 1-нд Neffex Gaming (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “TESLA ухаалаг утасны салбарт тэсрэлт хийснээ албан ёсоор зарлалаа. 789 ам.долларын үнэтэй Tesla Pi Phone ухаалаг утасны ертөнцийг бүрэн өөрчиллөө, энэ нь зүгээр нэг сурталчилгаа биш юм. Энэхүү төхөөрөмж нь одоо үнэгүй STARLINK холболттой болж, хэрэглэгчид дэлхийн хаана ч SIM карт, Wi-Fi ашиглахгүйгээр интернэтэд нэвтрэх боломжтой боллоо…” гэх агуулгатай пост нийтэлжээ. Тус постыг нийт 4,900 гаруй реакц, 150 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,400 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээллийн эхний өгүүлбэрт “TESLA ухаалаг утасны салбарт тэсрэлт хийснээ албан ёсоор зарлалаа” гэсэн боловч постын төгсгөлд “Яг одоогоор магадлалын түвшинд байгаа аж” гэсэн нь мэдээллийн агуулга хоорондоо зөрчилдөж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Энэ нь хуурамч байж болзошгүй мэдээллийн нийтлэг шинж бөгөөд уншигчийн анхаарлыг татахын тулд сенсацтай гарчиг өгдөг ч эцэст нь “магадгүй”, “магадлалтай”, “байж болзошгүй” гэх мэт үгсээр төөрөгдүүлдэг.
“Элон Маск гар утас худалдаанд гаргах гэж буй” тухай мэдээллийн баталгаатай эх сурвалжууд, олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлээгүй байна. Мөн Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Snopes баримт шалгах төвөөс уг мэдээллийг 2025 оны 09 дүгээр сарын 25-нд шалгаж худал болохыг тайлагнасан байна. Үүнээс гадна бид энэ мэдээлэлтэй төстэй агуулгатай мэдээллийг өмнө нь энд, мөн энд шалган худал болохыг мэдээлж байсан.
Элон Маск хэд хэдэн удаа Тесла утас бүтээхгүй гэдгээ илэрхийлсэн
Тухайлбал, Тесла компанийн вэбсайтад тус компанийг утас бүтээж буй тухай мэдээлэл байхгүй. Мөн Элон Маск 2024 оны 06 дугаар сард хийсэн шууд бичлэгтээ Тесла утас гаргахгүй гэж мэдэгдсэн тухай Mashable мэдээлж байсан ба 10 сард болон 11 дүгээр сард энэ байр сууриа давтаж байсан юм.
Мөн оны 10 дугаар сарын 18-нд АНУ-ын Пеннсилвани мужид болсон ерөнхийлөгч Доналд Трампын кампанит ажлын үеэр утас бүтээх тухай сэдэвт “Маш их ажил болно. Утас бүтээх тухай санааг бодохоор үхмээр санагдаж байна. Хэрвээ бид утас хийх шаардлагатай бол хийнэ гэхдээ бид утас бүтээх сонирхолгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Цаашлаад 2024 оны 11 дүгээр сарын 05-нд нийтлэгдсэн The Joe Rogan Experience подкастад (1:33:19 секундэд) энэ талаарх асуултад хариулахдаа “Үгүй. Бид утас бүтээхгүй” гээд үргэлжлүүлэн өмнөх байр сууриа давтан “Бид шаардлагатай биш л бол хиймээргүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Дүгнэхэд, Тесла утас гаргах тухай албан ёсны мэдээлэл байхгүй, Элон Маск 789 долларын үнэтэй “Tesla Pi Phone” гэх утасны талаар ямар нэг зүйл хэлсэн мэдээлэл алга. Харин олон удаа Элон Маск утас бүтээхгүй гэдгээ мэдэгдэж байжээ.


