2025 оны 09 дүгээр сарын 30-нд Дэнс.мн Шинэбаяр хаягаас “Нүүрсний хулгайг анх шүгэл үлээсэн тэмцэгч Ган-Очир гадаадад амьдардаг тэр бээр 8 сарын 20 ноос хойш ор сураггүй алга болсон байна. Түүнийг Бельги улсад нас барсан байдалтай олжээ…” гэсэн тайлбартай зургууд хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 3.1 мянга гаруй реакц, 561 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.6 мянга гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
10 дугаар сарын 2-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Монгол Улсын иргэн гадаадад нас барсан тухай мэдээлэл ГХЯ-нд ирдэг. Өнгөрсөн наймдугаар сард интерполын шугамаар эрэн сурвалжилж, баригдсан” гэсэн юм.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Бельги улсад нас барсан Монгол Улсын иргэний талаар мэдээлэл ирээгүй” гэсэн юм.
2025 оны 08 дугаар сарын 29-нд ГХЯ-аас “Монгол Улсын иргэн Г.Г сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан даруйд Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанад дахь ДТГ-уудаар дамжуулан дээрх мэдээллийг тодруулсан бөгөөд түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулсан тухай мэдээлэл ирсэн. Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагатай харилцах, тус байгууллагын шугамаар эрэн сурвалжлах асуудал нь холбогдох бусад байгууллагын чиг үүрэгт хамаарах тул Гадаад харилцааны яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болно” гэсэн тодруулга өгч байсан билээ.
Тухайн мэдээллийг анх түгээсэн Дэнс.мн Шинэбаяр гэх хаяг нь өмнө нь хуурамч мэдээлэл түгээж, шалгуулж байсан, сэтгүүлчийн нэр ашиглаж буй хуурамч хаяг юм./энд, энд/
Дүгнэхэд, Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг гаднын улсад нас барсан тухай мэдээлэл ирээгүй талаар ГХЯ-аас мэдээлсэн бол ЦЕГ-аас өнгөрсөн наймдугаар сард баригдсан гэх мэдээлэлтэй байгаагаа хэллээ.




