2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Цахим сонин (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “ДЭMБ-ын зөвлөмжийг гуйвуулж, электрон тамхин дээр 10 дахин өндөр, янжуур тамхин дээрх татварыг 5 дахин буулгаж хуульдаа тусгасан нь яалтчгүй янжуурын лобби хийж байна!” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 601 реакц, 104 сэтгэгдэл авч, 1,500 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлийг анх 2025 оны 09 дүгээр сарын 19-нд Товч.мн мэдээллийн сайт “ДЭМБ-ын зөвлөмжөөс эрс зөрүүтэй хуулийн санал өргөн баригдлаа” гэх гарчигтай нийтэлжээ. Үүний дараа 09 дүгээр сарын 23-нд Масс.мн сайт адил агуулгатай мэдээ нийтэлсэн байна. Харин мэдээлэлд хавсаргасан “Янжуур тамхины албан татварыг нэмэгдүүлэх хувилбар” гэх хүснэгт нь “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр электрон тамхинд ногдуулах гаалийн албан татварыг тусгасан хүснэгтээс өөр байна. Үүнээс гадна хүснэгтэд “ДЭМБ-аас санал болгож буй хэмжээ” хэмээн дурдсан боловч ДЭМБ-ын албан ёсны мэдээллийн сайтад энэ талаарх мэдээлэл байхгүй байна.

Мөн шалгасан мэдээлэлд “2025 оны 3 дугаар сард ДЭМБ-аас Монгол Улсад зориулж гаргасан бодлогын зөвлөмжид ч цахилгаан тамхины шингэнд ногдуулах онцгой албан татварыг 1 мл тутамд 87 төгрөг байхаар тооцсон нь тусгагдсан” гэж дурджээ. Энэ талаар бид ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаагаас тодруулахад, “Бид тамхины татварын хэмжээг хамгийн багадаа тамхины жижиглэнгийн үнийн 75%-иас багагүй байх гэсэн зөвлөмжийг л өгч байгаа” хэмээн мэдээлсэн юм.
ДЭМБ-аас тамхины татварыг тамхины жижиглэнгийн үнийн 75%-иас багагүй байх зөвлөмж өгсөн
2025 оны 09 дүгэээр сарын 25-нд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран тамхины хяналтын бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж, саяхан УИХ-д өргөн баригдсан Тамхины хяналтын тухай болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар санал солилцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр Онцгой албан татварын тухай хуульд туссан тамхины татварыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэх заалт нь ДЭМБ-ын зөвлөмжтэй нийцэж буйг онцолжээ.
Тодруулбал, “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан тамхины татварыг 2030 он хүртэл жил тутам нэмэгдүүлэх хэм, хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмж болох тамхины татварыг хэрэглээнд нөлөөлөхүйцээр, үечлэлтэйгээр нэмэгдүүлэх, тамхины татварын хэмжээ нь хамгийн багадаа тамхины жижиглэнгийн үнийн 75%-иас багагүй байх зөвлөмжийн дагуу тооцоологдсоныг ДЭМБ сайшаан дэмжиж байна. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь хүн амын дундах тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа хүүхэд, залуучуудын дундах тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр нөлөөтэй, зардал багатай арга хэмжээ юм” гэжээ.

“Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2025 онд одоо мөрдөгдөж буй 836 төгрөгөөс 10,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн одоогоор татвар ногдуулаагүй байгаа электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах бөгөөд 2030 он гэхэд 1,410 төгрөгт хүргэхээр заасан. Ийнхүү янжуур болон электрон тамхинд адил хэмжээний татвар ногдуулах зарчмыг хуульд тусгасан.
Дээрх хүснэгтээс харахад янжуур болон электрон тамхи аль алинд нь онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Харин шалгасан мэдээлэлд “Электрон тамхин дээр 10 дахин өндөр, янжуур тамхин дээрх татварыг 5 дахин буулгаж хуульдаа тусгасан” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Мөн уг мэдээлэлд хавсаргасан зургуудын эх сурвалж тодорхой бус, ДЭМБ-ын албан ёсны мэдээллийн сайтад байхгүй байна.
Дүгнэхэд, Тамхины хяналтын тухай болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд янжуур болон электрон тамхинд онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан нь ДЭМБ-ын зөвлөмжтэй нийцэж буйг ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдсэн. Мөн янжуур тамхины татварыг 836 төгрөгөөс 10,000 төгрөг болгох, электрон тамхинд татвар ногдуулж 2030 он гэхэд 1,410 төгрөгт хүргэхээр тусгасан байна.




